Г.Должинмаа: Голомт банк салбартаа томоохон хөрөнгө оруулалт хийлээ
2015-10-05

 

Манай улсын банк санхүү, хөрөнгийн зах зээлийн хөгжилд нэгэн шинэ үйлчилгээ нээгдсэн нь Кастодиан банк билээ.  Ингээд Кастодиан банк Хөрөнгө оруулалтын сангийн харилцан хамаарлын талаар Банк, санхүүгийн академын зөвлөх гишүүн Г.Должинмаатай цөөн хором ярилцсанаа хүргэе.

 

-Кастодиан банкны үйлчилгээ манай улсад нэвтэрлээ. Энэ үйлчилгээ нэвтэрснээр Үнэт цаасны зах зээлд ямар эерэг нөлөө үзүүлэх вэ?

 

-Үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулагчдын хувьд Кастодиан банк хамгийн чухал байгууллага юм. Манай улсад Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Кастодиан банкны үйлчилгээний эрх зүйн үндсийг тавьсан байгаа. Кастодиан банк бий болсноор санхүүгийн үйлчилгээ банкны салбараар дамжин иж бүрэн болж ирж байгаа юм. Урьд нь үнэт цаас, хөрөнгийг нь манаж байдаг бүтэц байхгүй, хуульд тусгагдаагүй байсан. Харин одоо хэрэгжиж эхэллээ. Эргэлтэд ороод явж байдаг санхүүгийн хэрэгсэл болон эрхүүдийг Кастодион банк дээр найдвартай хадгалдаг болсноороо эргээд Хөрөнгө оруулалтын сан хөгжихийн сацуу Хөрөнгийн зах зээл маань идэвхижнэ. Голомт банк Кастадионы үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хамгийн анх авч, хичээл зүтгэл гаргасны үндсэн дээр өнөөдөр бүртгэлийн системээ нэвтрүүлж, үйл ажиллагаа эхлүүлж байна. Энэ нь салбарын хэмжээнд томоохон хувь нэмрээ оруулсан явдал болж байна. Тиймээс Голомт банкны хамт олонд баяр хүргэе.

 

-Кастодиан гэдэг бол цоо шинэ ойлголт. Тэгэхээр Кастодиан банкны талаар товч мэдээлэл өгөөч?

 

-Кастодиан банк үүссэнээрээр Хөрөнгө оруулалтын сангуудын  үйл ажиллагаа явуулах чухал нөхцөл нь болж байгаа юм. Хөрөнгө оруулалтын сангийн хувьд хөрөнгө оруулагчдынхаа хөрөнгийг өөр дээрээ байршуулдаггүй, Кастодиан банкинд байршуулах ёстой. Манай улсад Кастодиан банкны үйл ажиллагааг хуулиараа зөвшөөрч эхэлснээс хойш хоёр жил болж байна. Өнөөдрийн байдлаар нийтдээ гурван банк Кастодиан банкны зөвшөөрөл авсан. Харин Голомт банк үйл ажиллагаагаа анхлан эхлүүлж байна. Хөрөнгө оруулалтын болон тэтгэврийн, хувийн бусад сангууд өөрийн сонгосон Кастодиан банкинд худалдан авсан үнэт цаас, мөнгөө найдвартайгаар хадгалуулаад зогсохгүй, мэдээллийн нууцлал нь хамгаалагддаг гээд олон давуу талтай үйлчилгээг Кастодиан банк үзүүлдэг. 

 

-Хөрөнгө оруулалтын сан болон Кастодиан банкны харилцан хамаарал ямар байх вэ?

 

-Хөрөнгийн зах зээлд ус агаар шиг хэрэгтэй зүйл бол мэргэжлийн томоохон хөрөнгө оруулагчид, хөрөнгө оруулалтын банк болон сангууд байдаг. Одоогийн байдлаар Хөрөнгө оруулалтын менежментийн 4 компани СЗХ-оос эрхээ авсан. Одоо сангаа байгуулахаар ажиллаж байгаа гэж ойлгож болно. Сан байгуулахын тулд хуулийн дагуу Кастодиан банктай гэрээ байгуулах, хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай. Кастодианы зүгээс сангийн хөрөнгийг хадгалахаас гадна гишүүдийнх нь нэгж эрхийн бүртгэлийг гүйцэтгэж найдвартай байдлыг хангах үүрэгтэй. Мөн хөрөнгө оруулалчдын хоорондын нэгж эрхийн шилжилт хөдөлгөөн, эзэмших эрх зэрэг нь Кастодиан банкин дээр хийгэх юм. Хөрөнгө оруулалтын сангийн хувьд Хөрөнгө оруулалтын менежментын компани, Кастодиан банк, Удирдлага зохицуулалт гэсэн үндсэн гурван байгууллагатай зайлшгүй харилцан хамааралтай, холбоотой ажиллана. Кастодиан нь банкны хадгаламжаас өөр, Хөрөнгө оруулалтын сангуудаар дамжуулж хөрөнгө оруулах, өгөөж хүртэх давуу талтай. Мөн монголыг сонирхсон гадаадын хөрөнгө оруулагчид өөрийн байгаа орон нутгийнхаа банкаар дамжуулан Кастодиан банктай холбогдон манай улсын зах зээлд хөрөнгө оруулж, үнэт цаас худалдан авах гээд олон давуу тал бий.

 

Ц.Сонор

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
SHINE TELLERUUD NI IH BAGA TSALINTAI SURAG BAINA LEE, UNEN UU?
2015-10-05