Кейт Уинслет: Бид үнэндээ технологийн боол
2015-10-05

 

Холливуудын нэрт жүжигчин Кейт Уинслет Америкийн “EDIT сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, ярилцлага өгчээ. Тэрбээр сүүлд “Apple брэндийн үүсгэн байгуулагч Стив Жобсын бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Steve Jobs” кинонд тоглосон юм. Уг бүтээл өнгөрсөн амралтын өдөр нээлтээ хийжээ.

 

-Олон үзэгчдийн хүсэн хүлээж байсан Стив Жобс кино нээлтээ хийлээ. Энэхүү уран бүтээлд тоглох ямар байв?

 

-Асуух ч хэрэггүй. Гайхалтай байна. Яг л хүүхдээ өлгийдөн авч буй мэт жаргалтай байна. 2013 оноос энэхүү уран бүтээлийн нэгээхэн хэсэг болж ажилласан.

 

-Стив Жобсын дүрд жүжигчин Майкл Фассбендер тоглож буй бол та “Apple компанийн маркетингийн захирал асан Жоанна Хоффманы дүрийг бүтээсэн.  Хүмүүс “Apple гэж хэлэхэд л Стив Жобс гэж боддог. Харин Жоаннаг энэ эрхмийн сүүдэр байсан гэдэг?

 

 

-Би үүргийнхээ дагуу тус кинонд тоглосон. Мэдээж дүрээ гаргахын тулд хангалттай судалгаа явуулсан. Би Жоанна Хоффманы дүрийг бүтээсэн ч сэтгэл зүйг нь гаргаж чадаагүй. Учир нь бид өөр хүмүүс. Жүжигчид үүргийнхээ дагуу л өөрийнхөө чадварыг гаргах ёстой. Тиймээс Стив Жобс, Жоанна Хоффман энэ хоёр эсвэл гуравдагч этгээдийн оролцоогоор энэ брэнд алдартай болсон эсэхийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ тэд хангалттай хөдөлмөрлөсөн учир мөрөөдлөө ажил хэрэг болж, технологийн салбарт өөрчлөлт хийж чадсан. Би тэднээр бахархаж байна.

 

-Бид 20 жилийн өмнө ухаалаг утас гэж мэддэггүй байсан. Та хэзээ ухаалаг утастай болсон бэ?

 

-Технологийн салбар цаг тутам өөрчлөгдөж байна. Энэ салбар хүн төрөлхтөнг хэдийнэ ялсан. Бид үнэн хэрэгтээ технологийн боол болсоор байна. Би “Apple” брэндтэй хамтдаа алхахыг хүсдэг. Тиймээс л гарсан шинэ брэнд болгоныг нь худалдан авахыг хүсдэг. Эргэн санахад ухаалаг утастай болсон тэр өдөр охин шиг баярлаж байсан. /инээв/

 

-Тэгэхээр “Apple” брэндийн фэн гэсэн үг үү?

 

-Тиймээ.

 

-Таны бодлоор Стив Жобс баатар уу?

 

-Тиймээ жинхэнэ баатар. Энэ эрхэм хэрвээ амьд байсан бол киногоо үзээд ихэд баярлах байсан байх. Учир нь тэрээр талархал хүлээн авах ёстой хүн. Бидний нүдийг нээж, дэлхийн хөгжлийг хурдасгахад голлох үүрэг гүйцэтгэсэн. Би киноныхоо судалгааны ажлыг хийж байхдаа энэ агуу эрхмийн бүх илтгэлийг уншсан. Шинэхэн технологио танилцуулж буй тэр эрхэм энгийн харагддаг мөртлөө гайхалтай нэгэн байсан. Түүний илтгэлийг унших эсвэл үзснийхээ дараа би шууд л уйлсан. Үг бүр нь хүчтэй. Үг бүрийг нь тэмдэглэн авахгүй байхын аргагүй.

 

-Жоанна Хоффманы дүрээр юуг өгүүлэхийг хүссэн вэ. Та энэ дүрээрээ “Оскар” хүртэж чадах болов уу?

 

-Эмэгтэй хүн эрчүүдээс дутахаараа чадвартай, оюуны багтаамжтай гэдгийг энэ бүсгүй батлан харуулсан. Мөн технологийн салбарт зөвхөн эрчүүд ажилладаггүй гэдгийг харуулсан. Эрчүүд л хүчтэй гэх буруу ойлголтыг эвдэхийг оролдсон.  Жоанна Хоффман эмэгтэй хүн ч түүний дотор 30 орчим насны эр хүн нуугдаж байдаг. Энэ бүсгүй шинэ санааны төлөө эрчүүдтэй гар зөрүүлэхэд ч бэлэн. Тийм л агуу хүн. Олон эрчүүд цугларсан газар ихэвчлэн хатуухан уур амьсгалтай байдаг. Эрчүүд бүгдийг төгс хийж чадна хэмээн боддог ч үнэн хэрэгтээ эмэгтэй хүнгүйгээр ганц ч алхам чадахгүй гэдгээ сайн мэддэггүй. Жоанна Хоффман, Стив Жобсын дэргэд байгаагүй байсан бол энэ эрхэм агуу санааг бодож олохгүй байсан. Энэ хоёр пиво ууж байхдаа Стив ухаалаг утасны санааг олж байсан гэдэг. Жоанна ширээн дээр асгасан пивоо хуруугаараа оролдож байхад Стив ухаалаг утас зохион бүтээх санааг олж байсан гэдэг. “Оскар” гэсэн үү. Би шулам шиг зан гаргахыг хүсэхгүй байна. Гэхдээ ялалт байгуулвал баяртайгаар шагналаа гардан авах болно. Надад хоёр ширхэг алтан хүн бий.

 

-Стив Жобсын дүрийг Майкл Фассбендер хэрхэн бүтээв?

 

-Үнэнийг хэлэхэд, тэр хоёр тийм ч адилхан харагддаггүй. Гэхдээ нүүр будалт, хувцасны хүчээр Майкл тэр эрхэмтэй адилхан харагдах болсон. Энэ залуу Стивийн дүрийг гайхалтай бүтээсэн. Бид 10 гаруй хоног судалгааны ажил хийсэн.

 

-Та хэдэн жилийн өмнө “Титаник” шиг кинонд дахин тоглох юмсан гэж байсан?

 

-Тиймээ, “Титаник” бол гайхалтай бүтээл. Миний тоглосон хамгийн сайхан кино. Жүжигчид сэтгэлгээний хувьд хэзээ ч хөгширдөггүй шалтгаан бол дүрд хувирах явдал.  Хэдхэн жилийн өмнө 10 гаруй жилийн өмнө тоглосон киногоо дурсч байтал энэ дүрээс дутахааргүй сайхан дүрд тоглох санал ирсэн.

 

-Жоаннагийн дүрийг бүтээхийн тулд гадаад төрхөө хэрхэн өөрчилсөн бэ?

 

-Эхний ээлжинд үсээ хар өнгөөр будаж, өөртөө таарсан нүдний шил хийлгэсэн. Тэгээд л загвар зохион бүтээгчийнхээ зохион бүтээсэн хувцсыг өмсөөд л Жоаннагийн дүрд хувирсан. Гэхдээ Жоанна бага зэрэг туранхай учир би турсан. Дасгал хийж турсан. Туранхай харагдахын тулд хоолоо сойж буй охидыг харахаар өмнөөс нь ходоод өвддөг.

 

-Та хоолоо сойхгүйгээр турж чаддаг гэсэн үг үү?

 

 

-Тиймээ. Би өөртөө хайртай учир хоолоо сойдоггүй. Хоолоо сойсноос болж ходоод ямар их шаналалыг мэдэрдэг гэж бодож байна. Би хангалттай туранхай харагддаггүй ч өөртөө сэтгэл хангалуун байдаг. Би гэр бүлийнхээ төлөө эрүүл байх ёстой. Чи ээж, эхнэр хүн гэдгээ хэзээ ч бүү март.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Unshigch:
Shulam shig zan gargahig husehgui bn...uhaantai emegtei bndaa
2015-10-05