Цэц захиалгат дүгнэлт гаргалаа
2015-10-05

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Сонгуулийн хуультай холбогдуулан гаргасан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, зарим аймагт үүсээд байгаа асуудлыг хэлэлцэж, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа нар мэдээлэл хийлээ.

 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт "Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан УИХ-ын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна" гэж заасан байдаг. Гэтэл Үндсэн хуулийн Цэцээс энэхүү хуулийн заалтыг 2015 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр болсон байна. Өөрөөр хэлбэл, төрийн бүх албан тушаалтан сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс ажил, албан тушаалаасаа түдгэлзэхгүйгээр сонгуульд нэр дэвших эрхтэй болж байгаа юм. Харин МАН-ын бүлэг Үндсэн хуулийн Цэцийн энэхүү 12 тоот дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт:

 

-Цэц засгийн эрх баригч нам, одоо ажиллаж байгаа төрийн удирдах албан тушаалтнуудад давуу байдал бий болгосон дүгнэлт гаргалаа. Өөрөөр хэлбэл, яамны төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, төрийн өмчит компанийн захирлуудад албан тушаал, эрх мэдэл, унаа машин, хангамжтайгаа хамт сонгуульд нэр дэвших боломж олгож байна. Морьтой хүн, явган хүн хоёр уралдвал хэн нь түрүүлэх нь тодорхой. Сөрөг хүчин, бусад улс төрийн намаас нэр дэвшигчид, жирийн иргэд, улс орноо хөгжүүлэх бодлогод оролцъё гэсэн хүмүүст явган таваргах л дүгнэлтийг гаргасан байна. Цэцийн дүгнэлтийг бид ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байгаа. Сонгуульд хүн бүхэн ижил тэгш гараанаас гарч өрсөлдөх ёстой.  МАН засгийн эрх барьж байхдаа, олонхи байх үедээ бусадтай ижил тэгш гараанаас сонгуульд оролцох ёстой гэдэг үүднээс төрийн удирдах албан тушаалтнууд сонгууль болохоос өмнө ажлаасаа чөлөөлөгдөх хуулийн зохицуулалтыг хийсэн. Гэтэл АН эрх барьж байх үедээ төрийн ажил, албан тушаалаа эрхлэн давуу байдалтайгаар сонгуульд оролцох боломжийг бий болгох гэж байна. Ард түмэн энэ байдлыг харж байгаа. Тиймээс бид энэ дүгнэлтийг хүлээж авахгүй. Сүүлийн үед Цэц захиалгат, улс төрийн тодорхой зорилготой дүгнэлт гаргаж байгаа.  Тухайлбал, өнгөрсөн хавар УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн өргөдлийн дагуу УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын босгоор шийдэгддэг хуулийн заалтуудыг Үндсэн хуулийн Цэц бүгдийг нь хүчингүй болгосон, үүний улмаас өрийн таазтай холбоотой асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шийддэг байсныг болиулсан, УИХ-ын гишүүн нь нэг сайдыг огцруулах санал гаргах эрхийг хязгаарлах дүгнэлт гаргасан хэмээв.

 

МАН-ын Удирдах зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу МАН-ын бүлгийн хуралдаанаар зарим аймгуудад үүсээд байгаа асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэхээр боллоо. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийлээ. Нэгдүгээрт, Дундговь аймагт хууль бус ИТХ-ын шийдвэрээр Засаг даргыг огцруулсан, хоёрдугаарт, Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дөрвөн тойрогт дөрвөн сарын өмнө явагдсан дахин сонгуулийн үр дүнг баталгаажуулаагүй, гуравдугаарт, Дархан-Уул аймгийн ИТХ-ын хуралдаан хууль бус болсныг захиргааны хэргийн шүүх түдгэлзүүлсэн атал Ерөнхий сайд хууль бус Засаг даргыг батламжилсныг дурдлаа.

 

Тэрээр хэлэхдээ "Албан тушаал, эрх мэдлээс болж үзэл бодлоосоо урваж шарвадаг явдал хэрээс хэтэрсэн нь төр засгийн нэн тэргүүнд анхаарал хандуулах асуудал болсныг бүлэг дээр ярилцлаа. Иймд хууль хэрэгжүүлэх үүргээ биелүүлэх, төрийн ажлыг хуулийн хүрээнд шийдвэрлэхийг Ерөнхий сайдаас шаардахаар болсон. Эдгээр аймагт аль намаас ИТХ-ын дарга, Засаг дарга томилогдох нь чухал биш, хамгийн гол нь бүх зүйл хуулийн хүрээнд явагдах ёстой гэж үзэж байна" гэлээ.

 

Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариулт өгөв.

-Дараагийн сонгууль болох гэж байхад сонгуулийн маргаан дахиад гарлаа. Яаж засч залруулах вэ?

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

 

-Цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан дүгнэлтээр төрийн албан тушаалтан албан тушаалаа хашиж байгаад давуу эрхтэйгээр сонгуульд оролцож, ялалт байгуулах давуу эрх олголоо. МАН эрх барьж байхдаа өмнөх парламентын үед давуу талаа ашиглаад сонгуульд оролцоё гэж бодоогүй, өөрсдийнхөө эрхээс татгалзаад бусадтайгаа ижил тэгш гараанаас өрсөлдье гэж УИХ-ын сонгуулийн хуулийг баталсан. Гэтэл өнөөдөр АН-ынхан олонхи байгаа үедээ, эрх барьж байгаа үедээ бусдыг нь явганаар сонгуульд өрсөлдөх захиалга өгсөн. Захиалгыг нь Цэц биелүүллээ. Үүнийг УИХ хүлээж авахгүй байх ёстой. УИХ-аас Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахдаа сонгуульд нэр дэвшигч болгон ижил тэгш гараанаас, ижил нөхцөлөөс сонгуульд оролцох ийм зарчмыг барьсан байх ёстой. Хоёрдугаар асуудлын тухайд, парламент бүрэн эрхийнхээ хүрээнд сүүлчийн намрын чуулганаа хийж байхад Цэц сонгуульд ялалт байгуулсан УИХ-ын гишүүдийг эргүүлэн татахаар маргаан үүсгэсэн нь утгагүй. Эрх баригч нарын захиалгатайгаар ийм маргаан үүсгэлээ гэж хардахаас аргагүй нөхцөл байдал үүсч байна.

 

-Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээгээд авчихвал ямар албан тушаалтнууд ажлаа хүлээлцэхгүйгээр сонгуульд өрсөлдөх вэ?

 

-Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, төрийн өмчит компанийн захирлууд албан тушаалаа хашиж байгаад сонгуульд өрсөлдөх болно.

 

-Танай бүлэг энэ оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн хуулийн төсөл, Мөнгөний бодлогыг хэлэлцсэн үү?

 

-2015 оны төсвийн тодотгол, 2016 оны Мөнгөний бодлого бидний гарт ирээгүй байна. 2016 оны төсвийн хуулийн төсөл дөнгөж сая бидний гарт ирлээ. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдахдаа төсвийн хуулийн ном бариад хэлэлцсэн. Юуг оруулах вэ, юуг хасах вэ гээд. Тэгэхэд өнөөдөр бүлэг хуралдахад дөнгөж сая 2016 оны төсвийн хуулийн номыг өглөө. Одоог болтол 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны Мөнгөний бодлого ирээгүй байна. Гэхдээ бид Мөнгөний бодлогоор Б.Чойжилсүрэн гишүнээр ахлуулсан ажлын хэсэг,  төсвөөр Д.Оюунхорол гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан.

 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
АН далд ороосой, ард түмнийг доромжлоод ханалаа ш дээ,
2015-10-06
moogii:
Ene AN uneheer ichihee baijee. Yaj alban tushaalaa ashiglaad neg um avchih uu l gej bodoh boljee. Tui chert. heleh ug alga. Bi nam bish hun shuu.
2015-10-06
Зочин:
Цэц үнэхээр шаардлага хангахаа больжээ
2015-10-05
Зочин:
битгий алцагналдаад байгаарай та нар, өөрсдөө яаж лалартаж байснаа битгий мартаарай
2015-10-05