Сирийн 12 иргэнийг цаазалжээ
2015-10-06

Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад өчигдөр Ираны “Кабар” агентлагт ярилцлага өгөх үеэрээ “Оросууд хэт даврагчдыг устгахгүй бол Ойрхи Дорнод бүхэлдээ аюулд орно. Сири, Оросоос шууд хамааралтай” гэж ярьжээ. Тэгвэл энэхүү ярилцлага нийтэд хүрсний дараа Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид дургүйцлээ илэрхийлж, Сирийн иргэдийг хөнөөж буй видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Хэт даврагчид Сирийн 12 иргэнийг цаазлахаасаа өмнө “Ассад тэмцэхгүйгээр бууж өг” гэж мэдэгджээ. Амиа алдагсдын дунд 12 настай хүү байсан хэмээн гэрчүүд мэдээлэв.

 

Бичлэгийн төгсгөлд эмэгтэй хэт даврагч “Христийн шашинтнууд тун удахгүй амиа алдах болно” гэсэн байна. Хэт даврагчид өчигдөр 2000 жилийн настай Палмира хотын бүх барилга, байгууламжийг устгаж, Оросыг дайралтаа зогсоохыг шаардсан байна. Шаардлагыг нь хүлээн авахгүй бол хэт даврагчид барьцааны иргэдийн амийг хороохоо сануулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин