Сноуден хоригдоход бэлэн
2015-10-08

 

АНУ-ын Тагнуулын байгууллагын ажилтан асан Эдвард Сноуден хариуцлага хүлээж, америкийн шоронд хоригдоход бэлэн буйгаа илэрхийлжээ. Тэрбээр өчигдөр дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ ийнхүү хэлсэн тухай  “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Сноуден “Вашингтоны удирдлагууд намайг эх орноосоо урвасан, улсын нууцад хамааралтай материал задруулсан хэмээн буруутгаж байгаа. Гэхдээ би үнэний төлөө дээрх сонголтыг хийсэн. Та бүхэн хэтэрхий олон жил америкчууд болон олон улсыг хуурсан. Би Америк руу буцаж, шоронд хоригдоход бэлэн байна. Мөн эцэст нь америкчууд миний талд орж, намайг хамгаална гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ.

 

Америкийн удирдлагууд Сноуденг олон улсын Гуантанамогийн шоронд хорих сонирхолтой байгаа хэмээн “CNN” агентлаг мэдээлэв.

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өнгөрсөн онд Сноуден “АНУ-д ирсэн тохиолдолд шууд баривчилж, ял асуух болно” гэж мэдэгдсэн билээ. Мөн Ерөнхийлөгч Барак Обама экс тагнуулчийг “урвагч” гэсэн юм. Тагнуулчийн гарт орсон нууц материалаас болж Тагнуулын ерөнхий газар болон Цагаан ордон хүндхэн байдалд орсон гэхэд болно. Нууц материалаас болж Герман, Япон, Бразил зэрэг дэлхийн хүчирхэг гүрнүүд Америкт үл итгэх болсон билээ.

 

Сноуден өнгөрөгч долоо хоногт твиттерт нэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар таван сая дагагчтай болжээ. Харин тэрбээр ганцхан Тагнуулын ерөнхий газрыг дагадаг юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин