УИХ-ын дарга мод тарилаа
2015-10-11

Улсын Их Хурлын дарга З.Энхболд Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр буюу өчигдөрр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн үүсгэн байгуулагдаад 5 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд иргэдийн амарч зугаалах таатай орчинг бүрдүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлж мод тарихаас гадна арчилгааны ажлыг графикийн дагуу тогтмол зохион байгуулсаны үр дүнд 28.5 га талбайг бүрэн зүлэгжүүлж 110.000 гаруй мод, бут, сөөг 93 хувийн ургалттай байгаа аж.

 

 

Улсын Их Хурлын дарга З.Энхболд Мод тарих үндэсний өдөрт оролцож, мод тарих үеэр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд анх зарлиг гаргаж нийт ард иргэд, айл өрх, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг мод, бут, сөөг тарих, түүнийгээ арчлан хамгаалах, амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн ажиллах талаар уриалга гаргаснаар энэ жил 12 дахь арга хэмжээ тохиож байна. Улсын Их Хурлын гишүүдээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Шинэ төгөл” байгуулах ажлыг санаачлан эхлүүлсэн. Цаашид энэ төгөлийг өргөжүүлэн хөгжүүлэх, тарьсан модыг ургуулан арчилж, хамгаалахад анхаарах нь зүйтэй юм. "Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн энэ жилийн арга хэмжээг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” болгон улс орон даяар өрнүүлж, 4 зорилт тавин ажилласан. Иргэд хашаандаа, байгууллага орчин тойрондоо, сум, хороо бичил цэцэрлэг байгуулах, нэрэмжит ойтой болох чиглэлээр ажиллаж, нийт улсын хэмжээнд 1.5 сая орчим мод тариад байна. Өнөөдөр хот суурин газрын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ дэлхийн дундаж 12м2 байхад та бидний оршин сууж байгаа нийслэл Улаанбаатар хотод энэ хэмжээ 2.6м2 буюу дэлхийн дунджаас 4.6 дахин бага байна.Ард иргэдийн ая таатай амьдрах нөхцлийг хангахын тулд хот, суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд энэ ажилд та бидний идэвх санаачилга, оролцоо хамгийн чухал гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн тэрээр Байгаль орчин хамгаалах чиглэлийн олон Төрийн бус байгууллага байдаг. Энэ байгууллагууд ярихаасаа илүүтэйгээр ихийг хийж, Мод тарих үндэсний өдрүүдээр олон нийтийг уриалж мод тарих ажилд идэвхтэй оролцуулах хэрэгтэй байна гэлээ.

 

 

Энэ жилийн 5 дугаар сарын 9-ны өдөр буюу Мод тарих үндэсний өдрөөр Байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ой, Ялалтын 70 жилийн ойд зориулан төгөл байгуулсан билээ. Энэхү төгөлийн мод хэрхэн ургаж байгаатай Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхиий сайд Ч.Сайханбилэг, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар танилцсан юм.

 

 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон энэ намрын мод тарих арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, Ц.Оюунгэрэл нар оролцов. Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл энэ үеэр байгаль орчноо хайрлан, хамгаалах нь зөвхөн насанд хүрсэн хүмүүсийн хийх ажил биш. Хүүхдийг багаас нь байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах сэтгэлгээтэй болгон хүмүүжүүлэх хэрэгтэй гэлээ.

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан. Түүнчлэн энэ жил БОНХАЖЯ-аас “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” санаачлан өрнүүлж байгаа юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин