Саалийн үнээ маань “шахааны шар” болчихжээ
2015-10-12

“Эрдэнэт үйлдвэр” бол Монголын саалийн үнээ. Анх Чехословак улсын тусламжтайгаар 1964-1968 онд Эрдэнэтийн овооны зэс, молибдений орд газарт хайгуулын ажил хийж байж. Ингээд хүдрийн ил уурхайг 1978 оны аравдугаар сарын 1-нд ашиглалтад оруулжээ. Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” улсын төсвийн 40 гаруй хувь, экспортын тал хувийг дангаараа бүрдүүлж ирсэн. Монголчууд хүнд хэцүү үедээ буюу зах зээлийн нийгэмд шилжсэн жилүүд, түүнээс хойш үе үе тохиосон эдийн засгийн хямралын үед “Эрдэнэт үйлдвэр”-ээ саалийн үнээ болохыг илүүтэй мэдэрсэн.

 

 

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” 100 ГАРУЙ САЯ ДОЛЛАРЫН ӨРТЭЙ

 

Тэгвэл саалийн үнээний “сүү” татарч, тэжээл нэхсэн том шар болж хувирсныг өнгөрсөн долоо хоногт Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж УИХ-ын чуулганы танхимд дуулгалаа. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг эзэмшдэг Оросын талд 2012 оноос хойшх ногдол ашгийг нь өгөөгүй юм байна. УИХ-аар Монгол,Оросын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 2003 оны долдугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байсан юм.

 

Төрийн өмчийн хорооны дарга хэлэхдээ “... “Эрдэнэт үйлдвэр”-ийг мөнгөтэй байхад энэ мөнгө байгаад байсан. Тусад нь банкинд хадгалж байсан. Өнгөрсөн хавар зэсийн үнэ унаснаас шалтгаалаад дотоод төлбөр тооцоо, газрын нөөц ашигласны төлбөр нэхэгдээд энэ мөнгийг хэрэглэчихсэн. Оросын тал лицензид өөрчлөлт орсны дараа Советоо хуралдуулж ногдол ашгаа авна гэсэн. Тийм учраас гаднын зээл тусламжийн эх үүсвэрээр ч юм уу, ямар нэг байдлаар шийдвэрлэхгүй бол “Эрдэнэт үйлдвэр”-т энэ мөнгө байхгүй. 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хойшх ногдол ашгийг Оросын талд өгөөгүй. 2012, 2013 оны ногдол ашиг нь 70 гаруй сая ам.доллар байдаг. 2014 оных нь улсын төсөвт сууснаар 70 тэрбум төгрөг болсон. Аваагүй. Учир нь Совет хуралдаж, ашгаа хуваах шийдвэр гаргаагүй. Нөгөө талаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн санхүүгийн байдал хүндэрсэнтэй холбоотой. Ингэхээр “Эрдэнэт үйлдвэр” яах аргагүй 100 гаруй сая ам.долларын өрөнд орчихоод байна” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, манай улс Орост төлөх дахин 100 гаруй сая ам.долларын өртэй юм байна. Нөгөө талаар Монголын талын 51 хувийг ТӨХ төлөөлөн эзэмшдэг. Тэгвэл ТӨХ-г 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс татан буулгахаар болсон. Энэ мэдээллийг ил болохтой зэрэгцэн ТӨХ-ны дарга Ц.Нанзаддорж гурван ч Засгийн газар дамнуулсан энэ өрийн тухай мэдэгдэв. Ер нь энэхүү 100 гаруй сая ам.долларыг юунд зарцуулав. ТӨХ-ны даргын хэлснээр дотоод төлбөр тооцоо, газрын нөөц ашигласны төлбөрт өгсөн үү. Дотоод төлбөр тооцоо гэдэгт Эрдэнэтийнхийг ярив уу, аль эсвэл Монгол дотроо гэж хэлэв үү гэх асуултууд гарч ирнэ. 2012 онд эдийн засаг сэргэж санхүүгийн боломж сайн байсан. Тэр үед МАН-ын Сү.Батболд Ерөнхий сайд байв. Дараа нь АН-аас Н.Алтанхуяг, тэгээд Ч.Сайханбилэг Засгийн газрын тэргүүнээр ажилласан. 2014 оны сүүлчээр төрийн албан хаагчдын цалинг “Эрдэнэт үйлдвэр”-ийн хөрөнгөөс шийдсэн гэсэн эх сурвалжийн мэдээлэл хэвлэлээр гарч байсан.

 

“РОСТЕХ”-ТАЙ ХАМТ ХОРИГТ ХАМРАГДАХ УУ?

 

“Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаа хүндэрснийг ил далд ярьсаар удаж байгаа. 2015 оны наймдугаар сард Хямралын эсрэг авах арга хэмжээний төлөвлөгөөнй хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай Ерөнхий захирлын А/456 тоот тушаал гарсан байна. Ц.Даваацэрэн захирлын уг тушаалд   “Эрдэнэт үйлдвэр”-т шинээр ажилчин авах асуудлыг бүрэн зогсоосон. Мөн зэсний ханш 5000 ам.долларт хүрэхэд ажиллагсдынхаа 10 хувийг цомхотгохоор болсон байна. Мөн зарим цехийн ажилчдыг сул зогсоох, ажилчдын ажлын цагийг багасгах зэргээр цалингийн зардлыг хэмнэх шийдвэрийг гаргажээ.

 

Ингэж ядаж байтал нь дээрх 100 гаруй сая ам.долларын асуудал босоод ирлээ. Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 2003 оны долдугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээр, Монгол-Оросын “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажил­лагааны тухай Засгийн газар хоорондын 2007 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг Оросын тал 2013 онд тавьсан байна. Үүнийг хэлэлцэж дууссаны дараа Совет хуралдаж энэхүү ногдол ашгаа авна. Харин өмнө нь ОХУ-ын Элчин сайдын 2013 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн ноот бичгийн дагуу Оросын талын хувьцаа эзэмшигчийг “Ростех” болгон өөрчлөх, Оросын талын ногдол ашгийг тус компанид шилжүүлж байхаар нэмэлт, өөрчлөлт оруулах юм. Өөрөөр хэлбэл, Оросын тал 49 хувийнхаа эзэмшигчийн эрхийг төрийн өмчит “Ростех” компанид шилжүүлж байгаа юм. Мөн манай 51 хувийг төлөөлөн эзэмшигч ТӨХ татан буугдахаар болж, энэ эрх Уул уурхайн яаманд шилжих юм байна.

 

Гэтэл “Ростех” компани нь барууны орнуудын Орост тавьсан хоригт хамрагдсан гэдгийг Гадаад хэргийн сайд УИХ-ын чуулган дээр мэдэгдлээ. Хэрвээ тийм бол манай “Эрдэнэт үйлдвэр” хоригт хамрагдаж, хөрөнгө оруулалтын банкуудаас зээл авах, хөрөнгө оруулах, бүтээгдэхүүнээ борлуулах зэрэгт эрсдэл үүсэж болзошгүй юм. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь “Ростех”-т очно гэдэг охин компани нь боллоо гэсэн үг. Хүссэн хүсээгүй олон улсын хуулиар хоригт хамрагдаад явж таарна. Харин Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн арай өөр тайлбарыг хийж байгаа. Тэрээр “Эрдэнэт үйлдвэр” бол Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж. Тийм болохоор  хориг хамаагүй. Тэгээд ч “Ростех”-т хязгаарлагдмал хориг тавьсан байна лээ” гэсэн юм. Гэвч хоригтой компаниас болгоомжлох хэрэгтэй гэдгийг  эх сурвалжууд хэлж байгаа юм. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын хэлсэнчлэн “...Зэсийн үнэ уначихсан байхад хориг нэмэгдвэл ядарч явахад нь яр гэдэг шиг л юм” болж магадгүй л юм.

 

Юутай ч “Ростех” компани “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авдгаараа авах нь. Барууны хориг, 100 гаруй сая ам.долларын ногдол ашиг гээд үлдсэн 51-ээ ч хувааж магадгүй хэцүүхэн байдалд “Эрдэнэт үйлдвэр” орчихлоо гэцгээж байна. 

 

ЭЦЭСТ НЬ

 

“Эрдэнэт үйлдвэр”-ийг анх байгуулахдаа “...Талууд тэнцүү хувь хөрөнгөөр оролцож, дүрмийн сангаа байгуулна, Монголын талын хувь хөрөнгөд зориулж Зөвлөлтийн тал удаан хугацааны хөнгөлөлттэй зээл олгож, түүнийг үйлдвэрийн бүтээгдэхүүнээр нь төлнө гэж заажээ. Газрын хэвлийн болон ус, ойн нөөц ашигласны төлбөрийг Монголын талын хувь хөрөнгөнд оруулж тооцно. Үндсэн бүтээгдэхүүний үнээс гадна зэсийн болон молибдены баяжмал дахь дагавар ашигтай хольцын (алт, мөнгө, рений, селен, теллур болон бусад элемент ) үнийг хамтарсан үйлдвэрт төлнө гэжээ.

 

1991 оны зургадугаар сарын 5-ны хэлэлцээрээр Хамтарсан үйлдвэрийн дүрмийн сан дахь оролцогчдын хувь хөрөнгийг хэрхэн хуваарилахыг тохиролцсон байна. Монголын тал 51, Зөвлөлтийнх 49 хувийг эзэмшиж Хамтарсан үйлдвэрийн ажиллагсдад олгох цалин, бүх төрлийн нэмэгдэл, шагнал урамшууллыг Монголын ажиллагсадтай нэгэн адил нөхцөлөөр БНМАУ-ын хууль тогтоомжийн дагуу олгоно. “Эрдэнэт үйлдвэр”-ээс зориулан ОХУ-аас импортлож байгаа техник, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, Эрдэнэт үйлдвэрээс экспортлож буй зэс, молибдений баяжмалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвараас харилцан чөлөөлнө. ОХУ-аас хамтарсан үйлдвэрт ажиллаж байгаа мэргэжлийн ажилчдыг үнэгүй орон сууцаар хангах, ОХУ-аас ирэх, буцах зардлыг тэнцүү хувааж гаргах зэрэг зарчмын асуудлуудыг тохиролцжээ.  Мөн Газрын хэвлийг ашигласны төлбөрийг үйлдвэр ашиглалтад орсноос эхлэн (1979-1990 онд) татварын бүтээгдэхүүний үнийн дүнгээс найман хувиар,1991 оноос хойш зургаан хувиар тооцож авахаар тохиролцсон байдаг. Өөрөөр хэлбэл, ногдол ашиг ийм маягаар бодогддог ажээ.

 

Ийн 37 жилийн турш Монголын саалийн үнээ байсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувь заяа тун эгзэгтэй үедээ ирээд байна. Эргэлзээтэй цаг үе гэсэн ч болно. Учир нь түүхэндээ анх удаа 100 гаруй сая ам.долларын “сул” өр төлнө. Бас шинэ хамтрагчийн нөлөөгөөр барууны хориг гээчийг үзэж магадгүй болоод байгаа юм. Ерөнхийдөө “Эрдэнэт үйлдвэр” маань улсын төсвийг даадаг биш дарамталдаг, унагадаг том “шахааны шар” болчихжээ.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

 

Б.ДАМДИН-ОЧИР

Shuud.mn
Сонин хачин
z:
Чи өөрөө тэнэг. Совет гэж чухам юуг хэлээд байгааг мэдэх үү? Чам шиг амьтан ч мэдэхгүй л дээ
2015-10-13
Зочин:
Төрийн өмчийн хороог татан буулгасанаар Эрдэнэт үйлдвэрийг авах том хуйвалдааны эхлэл тавигдаж байх шиг.Хөтөл, Дарханы Төмөрөлөг_ МИАТ, ДЦС-ууд Монголын ард түмэн хэний атганд ороод байна вэ.
2015-10-13
Zchin:
ireh jiliin tosov yaj burdeh um be ingevel
2015-10-12
zochin:
muu teneg pizda setguulchee heden on bee zugeer zuvlul geech uun sovet sovet geed balaaraid baigaa yum be
2015-10-12
z:
Чи өөрөө тэнэг. Совет гэж чухам юуг хэлээд байгааг мэдэх үү? Чам шиг амьтан ч мэдэхгүй л дээ