Шагдартай, Дулмаатай, Цогт тайжтай 80 жил
2015-10-12

 

Тэртээ 1935 оны аравдугаар сарын 11-ны өдөр Монголын кино урлагийн түүхэн хуудас эргэж эхэлснээр 80 жилийг ардаа үджээ. Үе үеийн кино урлагийн түүхэнд мөнхөрсөн жүжигчид, уран бүтээлчилд болон Монгол кино үйлдвэрийн ажилчид 80 жилийн ойгоо тэмдэглэж нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Гарын таван хуруугийн Шагдартай, Тунгалаг тамирын Дулмаатай, Богдтой, хүрээний гангачуудтай, гамингуудтай тэнд эчнээ саатаад л баймаар санагдаж байлаа. Ийн санагдах учир нь Урал Зил машин дээр зассан өвөрмөц шийдэлтэй тайз, сэтгэлд хоногшсон киноны сэдэвчилсэн тоглолт, “Говь хянганд тулалдсан нь” киноны Газ-67 машин гээд буй бүхэн нь сонирхол татсаных... Хүмүүн төрөлхтөний аянд хөнгөхөөн сэтгэл гэгэлзүүлж, үе үеийн кино уран бүтээлчид, жүжигчидтэй нэг өдрийн турш хамт байж, үзсэн кинон дундаа хагас өдөр амьдарлаа.

 

 

Манлай Ван Дамдинсүрэнгийн дүрийг бүтээсэн МУАЖ П.Цэрэндагва, “Тунгалаг тамир” киноны Дулмаагийн дүрийг бүтээсэн МУГЖ Ш.Дэлгэржаргал, Д.Нацагдоржийн дүрийг бүтээсэн МУГЖ Д.Гүрсэд, МУГЖ Ц.Төмөрбаатар гээд түүхэн кинонд залуу нас ажил хөдөлмөрөө дархалсан 60 гаруй ахмад жүжигчин, уран бүтээлчид өдөрлөгт уригдан оролцож байв. Урал Зил машин дээр зассан тайзны дэлгэцэнд тэдний залуу нас ажил хөдөлмөрийн гэгээн харгуй дурайна. Санаанд нь харин зураг авалтын үеийн дурсамж өнөөдөр юм шиг тодхон санагдаж байсан болов уу. Ардын жүжигчин А.Очирбат, ардын жүжигчин найруулагч Г.Жигжидсүрэн нар олноос хол хойхнуур суучихсан, бүтээсэн дүр, уран бүтээлийнхээ талаар хөөрөлдөж харагдсан.  

 

Өдөрлөг  “Цогт тайж” киноны жүжигчилсэн тоглолтын хэсгээр эхэлсэн юм. Цогт тайжийн дүрийг дэлгэцэнд Төрийн шагналт анхны ардын жүжигчин Ц.Цэгмид бүтээсэн бол түүний хүү МУГЖ Ц.Төмөрбаатар энэ өдөр сэргээн амьдрууллаа.

 

КУДС-ийн оюутнууд Цогт тайж”, “Дайсны цэргүүдээ сонсоцгоо”, “Тунгалаг тамир”, “Нүгэл буян” зэрэг түүхэн кинонуудын хэсгээс сэдэвчилсэн тоглолт үзүүлсэн юм.  Таван хошуутай малгай, улаан бүч зүүсэн хувьсгалчид, дугуй малгайтай, дурдан бүстэй хүрээний гангачууд, ямаан сахалтай гамингууд гээд олон дүр бүтээж, сэтгэлд хоногшсон кинонуудын хэсгээс тоглож сонирхуулсан нь олныг баясгав.  Эднийг харахад ерөөс нэг л хүрээнд эс бөгөөс дайны үед хүрээд ирэв үү гэлтэй санагдаж байсансан. “Мөн сэтгэлд хоногшсон кинонуудын дууг МУГЖ Б.Ганчимэг, дуучин Т.Баттулга, Г.Чинболор нар дуулж цугласан олны сэтгэлийг хөглөлөө. Үргэлж аялагддаг хэр нэр нь орж ирдэггүй нэг тийм сэтгэлд ойр дуу байдаг. Тийм л сэтгэлд ойр дуунууд тэнд эгшиглэсэн юм.

 

“Эрдэм номыг сурахаар

Энхрий хүү чинь мордож байна

Энэрэлтэй ээж минь та хүүдээ

Эрхэм сургаалиа хайрлана уу” хэмээн КУДС-ийн оюутан дуулж “Манай аялгуу” киноны “Ээждээ” дууг дахин тайзнаа амилуулж, Ардын жүжигчин Г.Хайдавын залуу насыг дахин амьдрууллаа.

 

Өдөрлөгийн хүрээнд Монгол кино нэгтгэлээс Монгол кинонуудад хэрэглэгдэж ирсэн хаад, ноёд, хатад, лам хуварга, цэргийн хуучны болон сэргээн засварласан хувцас, жижиг хэрэглэл, хуучны машин, техник, кино зурганд ашиглаж байсан аппарат, тоног төхөөрөмжүүдийн үзэсгэлэнг гаргасан байв.  Үзэсгэлэнг үзэх кино зураг авалтын павильонтой танилцаж, сонирхох боломж олон нийтэд нээлттэй байлаа.

 

 

Монголын кино урлагийн түүхэнд тодоор бичигдсэн уран бүтээл бол 1945 онд дэлгэцнээ гарсан “Цогт тайж” кино. Тиймээс уг киног дэлгэцэнд гаргасны 70 жилийн ойг тохиолдуулан “Цогт тайж 70” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулахаар болжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин