“Өндөр бүтээл, урлаг, спортын аян” эхэллээ
2015-10-12

 

Монгол Улсад шинэ цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ой ирэх онд тохионо. Уг ойг угтан “Өндөр бүтээл, урлаг, спортын аян”-ыг Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-аас нийслэлийн хэмжээнд эхлүүллээ.

 

“Өндөр бүтээл, урлаг, спортын аян”-ы туг мандуулах ёслолын ажиллагаа, арга хэмжээний нээлт өнөөдөр боллоо. Тус арга хэмжээнд Монголын барилгын хөгжлийн төвийн захирал Б.Баярсайхан, Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар, ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга, БХБЯ-ны Барилга, дэд бүтэц хариуцсан албаны дарга н.Энхтуяа нарын албаны хүмүүс болон урлаг, спорт, барилгын салбарын төлөөлөл оролцсон.

 

“Өндөр бүтээл, урлаг, спортын аян”-ы тугийг ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга, барилгын инженер н.Мягмаржав, уртын дуучин Г.Эрдэнэчимэг, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Л.Болдбаатар, Улсын арслан П.Бүрэнтөгс, Олон улсын хэмжээний мастер, чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт Б.Номин нар өргөсөн. 

 

 

Ёслолын арга хэмжээг нээж ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга “Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ой ирэх онд тохионо. Энэ ойн хүрээнд аялах шилжин явах тугийг бид хүлээн авч, аяныг эхлүүлэн, тугийг мандуулах хүндтэй үүргийг биелүүлж байна. Барилга, урлаг, спортын салбарынхан нэгдэн туг мандуулах гэж буйдаа баяртай байна. Нэг жилийн турш шилжин аялах энэ туг олон ололт, амжилтыг дагуулна гэдэгт итгэж байна. Энэ туг манай байгууллагад нэг сар байрлана. Тэр хугацаанд бид 14 ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн” гэж хэллээ.

 

Мөн тэрбээр “Өндөр бүтээл, урлаг, спортын аян”-ы хүрээнд ТОСК-иас “Инээмсэглэн өглөөг угтацгаая” уриаг дэвшүүлсэн. Хананаасаа халуун, хүйтэн ус аваад, ая тухай орон сууцанд амьдарч байгаа хүн л өглөөг инээж угтдаг. Бид нийслэл төдийгүй орон нутгийн иргэдээ орон сууцжуулах том зорилт тавин ажиллаж байна. 2016 ТОСК-ийн төсөл хөтөлбөрийн хүрээнд  12 мянган айлын орон сууцыг ашиглалтад өгнө. Үүнийг дэмжиж байгаа Засгийн газар, салбарын яам, Барилгын хөгжлийн төв, Барилгачдын холбоо хамтран ажилалж буй 30 гаруй барилгын компанийн удирдлага, инженер техникийн ажилчдад баярлаж буйгаа илэрхийлье. Монголчууд ббид өөрсдөө хийж бүтээж чаддаг ард түмэн” гэж онцолсон юм.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин