”Үдийн цай”-аас зөрчил илэрчээ
2015-10-12

Авлигатай тэмцэх газарт иргэдээс ирүүлсэн Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын зарим сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчдийн өмнөх жилийн гэрээг энэ хичээлийн жилд дахин сунгасан нь хууль бус шийдвэр болсон тухай гомдол, мэдээллийг хянан шалгав. 

 

Хяналт шалгалтад Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн Чингэлтэй дүүргийн 49, 50, Хан-Уул дүүргийн 18, 115, 41, Сүхбаатар дүүргийн 6, Баянзүрх дүүргийн 111, 33, Баянгол дүүргийн 22 /”Оюуны ундраа”/ дугаар сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч-түрээслэгчдийн үйл ажиллагааг хамрууллаа.

 

Дээрх хяналт шалгалтын явцад 2014-2015 оны хичээлийн жилд “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч цайны газрын үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулсан зарим иргэн, аж ахуйн нэгж нь зөвхөн багш, ажилчид, сурагчдад төлбөртэйгөөр худалдах хоолыг бэлтгэдэг, харин сурагчдын “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд нэг сурагчид ногдох 600 төгрөгийн төсөвт өртөг бүхий хоол, хүнсийг шалгаруулж, гэрээ байгуулсан түрээслэгчээс бус сонгон шалгаруулалтгүйгээр өөр хөндлөнгийн этгээдүүдээс тухайн сургууль нь шууд худалдан авах.

 

Мөн сурагчдад халуун хоол, ундаар огт үйлчлэхгүй байх, бага насны хүүхдэд худалдахыг хориглосон, нүүрс-ус, сахарын хэт өндөр агууламжтай бараа, бүтээгдэхүүнийг сургууль дотор худалдах, цайны газрын түүхий эд нь шинжилгээний бичиггүй, ажилтнууд нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй, цэвэрлэгээ ариутгал хангалтгүй зэрэг зөрчил түгээмэл гарсныг АТГ-аас мэдээлж байна.

 

Энэ мэт олон тооны зөрчил гаргасан, өмнөх хичээлийн жилийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй түрээслэгчдийн гэрээг сунгаж, үргэлжлүүлэн ажиллуулах нь холбогдох хууль, журамд нийцэхгүй, эрх зүйн үндэслэлгүй байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал” үүссэн байна. Иймээс Чингэлтэй дүүргийн 49, 50, Хан-Уул дүүргийн 18, 115, 41, Сүхбаатар дүүргийн 6, Баянзүрх дүүргийн 111, 33, Баянгол дүүргийн 22 /”Оюуны ундраа” цогцолбор/ дугаар сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч-түрээслэгчийн сонгон шалгаруулалтыг зохих журмын дагуу зохион байгуулах талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Боловсролын газарт албан бичиг хүргүүлжээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Hool gj zailuul guuhii undaa piroshki pecheni bdg um bishuu
2015-10-13
1234:
bayanzurkh duuregiin 44-r syrgyyliig shalgaarai 9 saraas hoish zarim udruuded gerel tsahilgaan tasarsan geh met shaltgaanaar olon ydaa udiin tsai hool syragchdad uguugui
2015-10-12