“МН17”-ийн ослын тайланг танилцуулна
2015-10-13

Өнгөрсөн оны долоодугаар сард Малайзын агаарын тээврийн “MH17” онгоц Украины зүүн хязгаарт осолдож, 298 хүн харамсалтайгаар амиа алдсан билээ. Мөрдлөгийн явцад онгоцыг “Бук” хэмээх пуужингаар харвасан болохыг тогтоосон юм. Мөн саяхан зорчигчдын шарилаас тус пуужингийн хэлтэрхий олдсон гэдгийг Голландын шинжилгээний баг баталсан байна. Тус онгоцонд Голландын 198 иргэн зорчиж явсан бөгөөд тус улс хэргийг шалгах комиссыг тэргүүлэн ажиллаж байгаа юм.

 

Ослын газар ажиллаж буй Голландын шинжээчид мөрдөн шалгах ажлын эцсийн тайланг өнөөдөр орон нутгийн цагаар 15.00 цагт танилцуулахаар болсон тухай “CNN” агентлаг мэдээллээ. Украины Ерөнхийлөгч Петр Порошенко твиттертээ “Шударга шүүхээс зугтаасан тэр хэрэгтэн өнөөдөр баригдах болно” гэж жиргэжээ.

 

Өнгөрсөн долоодугаар сард Голланд, Малайзын Засгийн газар ослын буруутанг тодруулахын тулд олон улсын шүүхэд хандаж, АНУ, Украины удирдлагуудаас тусламж хүссэн юм.

 

“МН17” онгоцыг эзэмшигч Малайз болон олон иргэнээ алдаад буй Голланд улсын зүгээс Оросыг буруутгаж байгаа бол украинчууд оросын талыг баримтлагчдыг дээрх осолтой холбоотой хэмээн удаа дараа мэдэгдсэн. ОХУ-ын Батлан хамгаалах яам ослын буруутанг олох ажиллагаанд нэгдэх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн ч АНУ-ын Засгийн газрын эсэргүүцэлтэй тулсан билээ. Тус улсын Ерөнхийлөгч В.Путин “Украины арми “МН17” онгоцыг пуужингаар харвасан. Бид энэ осолтой холбоогүй” гэж мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин