Би энэ дэлхийн хамгийн их өртэй хүн...
2015-10-14

Түүний ажлаас шалтгаалаад бид хоёрын ярилцахаар товлосон цаг нэг өдөрт хоёр удаа хойшиллоо. Ямар ч зүйлийг болох тал, бүтэх өнцгөөс нь харж, зохицуулдаг түүний ачаар тэр өдөртөө багтан ярилцаж чадсан.

 

Тэрбээр урлагийн хүн болохоороо ч тэрүү илэн далангүй байж, асуулт бүрт чин сэтгэлээсээ хариулж байсан юм. Тэр өөрийнхөө ертөнцийг хэзээд шинэ байдаг гэсэн. Харин би үргэлж чин сэтгэлээсээ, талархмаар шударга нэгэн түүний дотор суудгийг харснаа нэммээр байна.

 

Залуу уран бүтээлч, кино найруулагч, кино зохиолч, сайн аав М.Энхдалайтай ярилцлаа. Магадгүй тэр өмнө нь ийм дэлгэрэнгүй ярьж байгаагүй байх.

 

-За хүүгээ гэрт нь оруулж, ажлаа амжуулчихаад хүрээд ирэв үү?

-Тэглээ. Сүүлийн үед гэр бүлдээ тавих анхаарал суларч байна гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа. Өглөө гарахдаа хүүгээ гэрийн түлхүүрээ аваарай гэж сануулахаа мартчихаж. Тэгсэн хичээл нь тарчихсан гэрийн түлхүүр байхгүй болохоор байрны гадна хүүхдүүдтэй хөлбөмбөг тоглож байна гээд. Очиж гэрт нь оруулчихаад ирлээ. Удахгүй очно гээд хэлчихсэн байгаа.

 

-Ихэнхдээ оройтож харьж байна уу. Эрт харихаар хүү нь баярлана биз.

-Заримдаа их оройтно. Эрт харихаараа зурагт руу плэйстэйшн холбож байгаад тоглоно. Бид яг найзууд шиг амьдардаг. Уг нь эртхэн хариад хүүгээ баясгаад хамт байхыг хичээдэг. Орой болохоор л ирж аав аа байна уу гээд залгадаг. Би ч яарна. Одоо том болчихсон болохоор би жаахан муу зан сурч байх шиг байна. Нэг удаа надад дотор палхийтэл хэлж байсан “Би таныг оройтоод ирэхгүй болохоор энэ дэрийг тэврээд унтчихдаг” гэж. Тэрийг сонсоод дотор сонин болж байгаа юм чинь. Амьдралд алдаа, оноо дүүрэн байх юм даа. Урдах ажлаа зөв хийгээд, хүүгээ зөв хүмүүжүүлээд явж байхад хүний заяа түших байх гэж боддог юм.

 

-Гэхдээ амьдрахын тулд ажиллах ёстой.

-Тэгэлгүй яахав. Ажиллах ёстой. Ажлаа чин сэтгэлээсээ хийх хэрэгтэй. Бидний ажилд цаг нар байдаггүй учир санаснаар болохгүй. Би муу ажиллавал хүү минь өлсөнө, даарна. Хүн чаддаг ажлаа л хийнэ. Кино бол миний амьдрал, хийж чадах зүйл. Түүгээр оюунаа, гэдсээ тэжээж байна.

 

Хүн чаддаг ажлаа л хийнэ. Кино бол миний амьдрал, хийж чадах зүйл. Түүгээр оюунаа, гэдсээ тэжээж байна.

-Аав, хүү хоёр хамт байхдаа юу хийдэг вэ?

-Тоглоно. Чин сэтгэлээсээ ярилцана. Аавынх нь ажил ийм байна, одоо ингэчихвэл болох гээд байна, хоёулаа амжилтад хүрэхийн тулд чи хичээлээ сайн хийх хэрэгтэй гээд л ярина шүү дээ. Хүү минь өдөр ирэх тутам том болоод. Бид хөгжилтэй, инээд баяслаар дүүрэн амьдарч байна.

 

-Одоо хэддүгээр ангийн сурагч билээ. Ирээдүйд хэн болох тухайгаа ярьдаг л биз дээ.

-Одоо зургаадугаар анги. Нэг хэсэг хөлбөмбөгчин болно гэж байсан. Одоо найруулагч болно гэчихсэн явж байна лээ. Хүүхэд өөрийнхөө ирээдүйг өөрөө л сонгоно. Харин аав, ээж зөв чиглүүлж өгөх үүрэгтэй. “Ааваа би ерөөсөө мужаан л болох юм байна” гэвэл “Чи төгс мужаан болох ёстой” гэж хэлнэ. Хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг үгүйсгэхгүй.

 

Би арай л давруу байгаа байхгүй юу

 

-Тэнгис хүү ямар хоол хийчихээд аавыгаа угтдаг вэ?

-Хийхэд амархан хоолнууд /инээв сур/. Гоймонтой шөлийг дандаа хийнэ. Гэхдээ аав минь өлсөөд ирнэ дээ гэж бодоод хүү минь сэтгэлээ шингээж хийсэн болохоор хоол нь үнэхээр амттай.

 

-Хоол хийгээд тавьчихсан байхыг хараад, тэр хоолыг нь идэхэд хачин их хайр ундарна биз.

-Нэг юм огшоод л явчихдаг юм. Би ингэх ёстой хүн шүү дээ гээд. Тэгээд нөгөө үртэй хүн баян гэдэг нь л энэ юм даа гэж боддог. Бурхан минь. Гэхдээ би арай л давруу байгаа байхгүй юу. Яахав, ингэснээр хүүхэд буруу хүн болохгүй байх л даа.

 

-Ааваараа гутлаа үдүүлээд, хичээлээ давт гэж шаардуулаад, зөрүүдлээд суух 10 настнууд бас байх юм.

-Манай хүүхэд тийм биш. Даалгавраа надаар хэлүүлэхгүй хийчихнэ. Би хичээл давтуулж үзээгүй шахуу. Өөрөө хийнэ тэгээд л онц гараад байна. Би бүүр багаас нь “Чи сайн хүн болъё гэвэл хичээлээ сайн хийх хэрэгтэй. Хичээлээ хийхгүй, нүүрээ, шүдээ угаахгүй байвал муу, муухай хүн болно” гээд ойлгуулчихсан. Хүү маань маш сайн ойлгож, хүлээж авсан.

 

Бас сайн хүн байхын тулд хүн, амьтан бүгдийг хайрлах хэрэгтэй гэж заасан. Нэг хөгжилтэй түүх ярихад, Хүү минь одоо санах үгүйг мэдэхгүй байна. Бид хамтдаа явж байсан юм. Гэтэл араас “аав” гээд дуудсан. Эргээд харсан чинь хог ухаж идэж байсан гөлөг тэврээд “Аав энэ ёстой хөөрхөн нохой байна” гэчихсэн, нүдээ аниад чин сэтгэлээсээ үнсээд сууж байсан. Би болохгүй өвчин тусчихна гэсэн чинь “Та өөрөө хүн, амьтан бүгдийг хайрлах хэрэгтэй” гэсэн гээд. Энэ мэт хүүхдэдээ мад тавиулдаг үе байдаг /инээв.сур/.

 

“Чи сайн хүн болъё гэвэл хичээлээ сайн хийх хэрэгтэй. Хичээлээ хийхгүй, нүүрээ, шүдээ угаахгүй байвал муу, муухай хүн болно” гээд ойлгуулчихсан.

-Та хоёр А үсгээ хэрхэн сурч байсан бэ?

-Тэр үед хүүхдийнхээ ирээдүйг баллах шахсан шүү. Тэгээд аав, ээж рүүгээ явуулж, нэгдүгээр ангийг нь төгсгөж авсан.

 

-Ингэж асууж байгаа минь учиртай. Та ямар хүүхэд байсан бэ?

-Найзуудтайгаа тоглож наадах дуртай нийтэч хүүхэд байсан ч ганцаараа байхдаа их юм боддог хүүхэд байсан би. Аав маань автобус баазад жолооч, ээж минь цэцэрлэгийн багш хийж байгаад наймаа хийдэг болсон. Би аав, ээжийнхээ олж байгаа орлогод санаа зовно.

Зэс, гууль, хөнгөн цагаан цуглуулж тушаагаад мөнгийг нь аав, ээждээ өгдөг байсан. Хөвсгөлд эмээгийндээ амраад ирэхдээ зэс, хөнгөн цагаан цуглуулж байгаад ирэх замдаа Эрдэнэтэд тушаагаад аав, ээждээ мөнгөтэй ирж байснаа мартдаггүй. Бас аавын цалингаа буухаар авчраад ах, дүү бидэнд тэнцүү хуваагаад өгдөг цагаан самарт их дуртай хүүхэд байсан. Хошин шогийн жүжигчин болно гэж боддог. Тэр үед одоогийн гавьяат жүжигчин Б.Батзаяа, Д.Сосорбарам, Д.Батсүх /талийгч/ гуайн кассет дээр бичсэн хошин шогийг сонсдог байлаа. Найруулагч болно гэдэг ухаан байгаагүй. Кино үзээд цагдаа, Жем Керригийн нэг киног үзээд бүүр өмгөөлөгч болно гэж бодоод өмгөөлөгчөөр “өвчилчихсөн” явж байсан.

 

Зэс, гууль, хөнгөн цагаан цуглуулж тушаагаад мөнгийг нь аав, ээждээ өгдөг байсан. Хөвсгөлд эмээгийндээ амраад ирэхдээ зэс, хөнгөн цагаан цуглуулж байгаад ирэх замдаа Эрдэнэтэд тушаагаад аав, ээждээ мөнгөтэй ирж байснаа мартдаггүй.

 

Хүүхдийн баяраар залгах болов уу гэж хардаг

 

-Тэгвэл хүүгээс чинь таны бага нас харагддаг уу?

-Харагддаг. Зарим гаргаж байгаа үйлдэл нь бүүр яг шүү. Миний багийнх шиг л гэртээ санаа зовдог шиг байгаа юм. “Байрныхаа мөнгийг тушаасан уу, машин чинь бензинтэй байгаа юу” гэнэ. Нэг юм авах гэхээр “хэрэггүй юманд мөнгө үрээд дэмий. Гэртээ ороод хоолоо хийгээд идчихье” гэдэг. Их хэрсүү. Би хүүгээ аль болох хөгжилтэй байлгахыг боддог. Аав, ээжийн үүргийг сайн гүйцэтгэхийн хичээдэг ч эрэгтэй хүн, эмэгтэй хүн шиг байж чадахгүй. Манай хүүхэд намайг сайн аав  гэж боддог байх. Гэхдээ би өөртөө сэтгэл дундуур байдаг.

 

-Гэхдээ сэтгэл хангалуун байдаг зүйл бий байх.

-Нэг л юманд сэтгэл хангалуун байдаг. Хүүхдийнхээ хажууд буруу зүйл хийдэггүй, хараалын үг хэлэхгүй. Найз нөхөд маань ч миний хүүгийн хажууд тийм байдаг. Одоо хэрэг би архи уудаг байсан бол манай хүүхэд ямар байгаа бол гэж боддог. Дунд сургуульд байхдаа аав, ээжийн сургаалыг дагаж архи, тамхинаас хол явсан. Тэрнээс хойш хэрэглээгүй, хэрэглэдэггүй. Гэхдээ одоо цагт гаж үзэгдэл юм шиг хардаг болчихож зарим хүн. Би өөртөө бол сайн л гэж боддог.

 

-Ээж нь хүүтэйгээ холбогдож, уулзаж байсан уу?

-Хүүхдийн баяр, шинэ жилээр утсаа их чагнадаг. Энэ баярын аль нэгэнд хүүтэйгээ ядаж ярьчихаасай, нэг уулзчихаасай ч гэж боддог. Ялангуяа хүүхдийн баяраар утсаа чагнаад, тэр хүн танихгүй дугаараас залгаад хүүхэдтэйгээ уулзъя гэж хэлэх болов уу... боддог.  Хүн өөрийн хүмүүжлээ дагаад, хувь тавилангаа зураад явдаг. Би чинь бас залуу хүн шүү дээ. Амьдралын утга учир энэ тэрээ мэдээгүй, хүний сайн мууг сайтар ялгахтайгаа болоогүй л явж байгаа хүн.

 

Гэхдээ их хэцүү мэдрэмжүүдийг авч өнгөрлөө. Туулсан гэж хэлэхгүй. Нөгөө хүн маань юу санаж явдгийг мэдэхгүй. Хүүгээ ээжгүй гэж хэлэх дургүй. Ээж нь цэл залуу хүн хаа нэгтээ явж байгаа. Намайг төрүүлсэн ээж маань хаана байдаг юм бол гэхэд сонин санагддаг. Би бүгдийг ярьсан. Эхнээс нь үнэнийг ярихгүй бол хүүхэд буруу ойлгоно.  Би бол хүүхдээ чадлынхаа хэрээр зөв хүмүүжүүлээд явж байна гэж бодож байгаа. Энүүгээрээ л өөрийгөө зөвтгөх юм даа. Өөр байгуулсан гавьяа ч алга.

 

-Хэзээ нэгэн цагт хүү ээжтэй болох байх. Та ямар хүн байгаасай гэж боддог вэ?

-Тэр хүн жинхэнэ эмэгтэй хүн байгаасай л гэж боддог. Жинхэнэ эмэгтэй хүн гэдэгт олон юм агуулагдана.

 

Р.Дамдинбазар гуайн зээ хүү гэж худлаа яриад КУДС-д орж байсан

 

 

 -Хоёулаа одоо таны хэрхэн кино урлагийн хүн болсон тухай ярья. Багаасаа л урлагт хайртай хүүхэд байж.

-Аав маань жолооч болохоосоо өмнө Эрдэнэтийн цэргийн ангид офицер байсан. Цэргийн ангидаа “Эрүү цагаан болжмор” гэдэг дуулалт жүжгийг найруулж, жүжиглэж байсан гэсэн. Одоо ч зураг хөрөг нь байдаг юм. Ээж минь бас урлагийн мэдрэмжтэй хүн бий. Тэгэхээр мэдрэмжтэй хоёр хүний дундаас гарчихсан юм болов уу гэж боддог.

 

-Өмгөөлөгч болох мөрөөдлөө орхиод урлагийн хүн болно гэж шийдээд л КУДС-д элсчихсэн юм уу?

-Би урлагийн хүн болно гэж боддог байсан ч аав, ээж маань миний ирээдүйг бодоод Москвагийн эрчим хүчний дээд сургуульд оруулсан. Тэр үедээ аав, ээжийн зөв гэж бодоод орсон ч хоёр жил яваад миний явах зам биш  юм байна гэдгийг ойлгоод, зарлага бага гаргасан дээрээ гэрийнхэндээ хэлэхээр шийдсэн. Уучлаарай би урлагийн хүн болмоор байна гээд ээжийгээ нулимстай үлдээгээд гарч байсан. Тэгээд бүх урлагийн сургуулийн хаалгыг татаад нэг нь ч аваагүй. Хамгийн сүүлд КУДС дээр ирээд бүтэхгүй нь гээд буцах гэж байсан чинь нэг кино шиг үйл явдал тохиолдоод сургуулийнхаа найруулагчийн ангид элсэж байсан.

 

-Кино шиг үйл явдал аа?

-КУДС дээрээс яг буцах гээд гартал миний гутлын үдээс суларчихсан байсан. Тэгээд гутлаа үдэж зогсож байгаад Өнөрөө ахтайгаа тааралдсан. Тэр хүн намайг КУДС-д оруулж өгсөн. “Улаанбаатарт байгаа миний аавд” киноны гол дүрд тоглосон, алтан үеийн жүжигчин Р.Дамдинбазар гуайн зээ хүү гэж худлаа ярьж итгүүлэн орж байсан. Миний анхны багш Хэнмэдэхийн Энхжаргал гэдэг мундаг хүн байсан. Үнэхээр хүний төлөө төрчихсөн хүн. Багш хагас семистр өнгөрчихсөн, ангидаа хамаагүй хүн авахгүй гэж байсан ч урлагийн гентэй хүмүүсийг нэлээн ирээдүйтэй найруулагч болох магадлалтай гэж нааштай ханддаг байсан юм билээ. Ингээд багшид баригдалгүй бүтэн жил явсан.

 

Нэг өдөр багш  намайг дадлагад гаргахаар Р.Дамдинбазар гуайн жинхэнэ зээ хүү  Мийгаа гэж найруулагч ахын студи дээр дагуулж очсон. Дүүг чинь аваад ирлээ гээд. Гэтэл Өнөрөө ах, бид хоёртой хуйвалдсан Мийгаа ах маань намайг таниагүй. “Юун дүү билээ, би чамайг хаана харлаа” гээд л баригдсан даа /инээв. сур/. Багш минь нулимсаа гартал инээгээд “Санаа дагаад ч тэр юмуу, урлагийн цустай юм шиг санагддаг байсан. Үнэнийг мэдсэн ч чи миний хайртай шавь хэвээрээ шүү” гэж хэлж байсан. Үнэхээр хүний төлөө, гайхалтай хүн байсан даа багш минь. Ингэж найруулагчийн ангид орж, мэргэжлээ эзэмшсэн. Энэ мэргэжлээрээ амьдралын төлөө, амжилтын төлөө зүтгэж явна.

 

Багш минь нулимсаа гартал инээгээд “Санаа дагаад ч тэр юмуу, урлагийн цустай юм шиг санагддаг байсан. Үнэнийг мэдсэн ч чи миний хайртай шавь хэвээрээ шүү” гэж хэлж байсан.

-Б.Баатар найруулагчийг бас багшаа гэдэг байх аа.

-Б.Баатар найруулагч манай ангийг гуравдугаар дамжаанаас аваад төгсгөсөн. Тайз талаас их юм сурсан. Жинхэнэ практик дээр Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн найруулагчийг дагаж нэлээн юм сурсан даа. Гурван сайхан багштай хүн.

 

 

 

Унадаг дугуйтай шинэхэн захирал

 

-Дөнгөж төгсөөд анхны киногоо найруулсан билүү. Анхны юм хэзээд мартагддаггүй.

-Тэгсэн. 650 киногоо найруулсан. Дөнгөж төгссөн зоригтой байж. Алхаж явж байгаад ч хамаагүй киногоо хийе гээд тэр үед төгссөн болон шилдэг оюутнуудаараа баг бүрдүүлээд “Шинэ ертөнц” гэдэг продакшн байгуулсан. Унадаг дугуйтай, дөнгөж төгссөн бацаан нэг кино зохиол барьчихсан мөнгө хайгаад. Хэн итгэж мөнгөө өгөхөв дээ. Тэр тусам нь улам хурцлагдаж явсаар 4.50 зохиолыг 6.50 болтол нь мөнгө хайгаад, олоод анхны бүтээлээ хийж байсан бид. Киноныхоо нээлтийг инээдмийн баяраар хийж байлаа.

 

-Унадаг дугуй унаад, кино зохиолоо цүнхлээд мөнгө хайж байхдаа шантарч байсан уу?

-Тэр үед надад маш том хариуцлага байсан. Хамтдаа амжилтад хүрнэ гээд баг бүрдүүлчихсэн. Нөхөд минь надад итгэж байгаа болохоор шантарч болохгүй шүү дээ. Хэрэв шантраад тэр киног хийгээгүй бол юу болох байсныг мэдэхгүй. Магадгүй би киноны хүн биш болох байсан ч юм билүү.

 

-Дараа нь аймшгийн кино хийсэн. Инээдмээс шууд аймшгийн төрөл жанр руу оржээ.

-Дан “Шинэ ертөнц”-ийн хамт олонтойгоо хоёр киноны ард гарсан. Хоёр дахь нь “03:30” гээд аймшгийн кино. Эхний киноныхоо дараа бид юу хийхээ мэдэхгүй, шинээр зохиол бичихээр хугацаа орно гээд сууцгааж байсан. Залуу хүмүүс шүү дээ. Гэтэл “Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Ойдов гэдэг хүн “Нисванисийн хорлол” гэдэг зохиол бариад ирсэн. “650” киног үзээд, найруулагчтай нь уулзъя гээд.

Би уншаад та надад сюжетыг нь өгчих, шинээр дүр зохиогоод кино зохиол болгоод, кино хийж болох уу гэхэд Ойдов ах надад итгээд зөвшөөрсөн. Аливаа юманд үр гэж бий. Ойдов ахын зохиол үр сайтай зохиол байсан. Киногоо хийгээд үзүүлсэн. Ойдов ах маань бидэнд маш их баярласан. Итгэсэн минь талаар өнгөрсөнгүй гэж хэлж байсан.Харин түүний дараа “Ерөнхийлөгчийн туслах” хэмээх бүх насныханд зориулсан кино зохиол бичээд найруулсан. Тэр жилдээ кино  наадмаас “Шилдэг ирээдүйтэй залуу найруулагч” номинацийн эзэн болж байсан маань амьдралд минь бас нэгэн мартагдахгүй өдөр болж үлдсэн дээ.

 

Ээжийн тухай кино зохиол бичиж байна

 

-Таны найруулсан “Бид гурвын болзоо” киног үзлээ.

-Ж.Оргилын зохиол “Бид гурвын болзоо” киног найруулсан. Аль болох амьдралтай, хүний зүрх сэтгэлд хүрсэн юм хийе гэж боддог. Ямар ч төрөл жанрын бүтээл байсан киног маань үзсэн хүн нэгийг бодож, хоёрыг тунгаагаад гардаг.  Нээрээ бас ингэмээр юм байна гэж бодож 1000 хүнээс 10 нь амьдралдаа хэрэгжүүлвэл үйл тамаа цайж кино хийсний хэрэг бүтэж байгаа юм. Харин  агшин зуур халтуур хийж хэдэн төгрөг олоод, халаасаа зузаалах лав миний үүрэг биш. Кино найруулагч, кино урлагийн дотор чанагдаж байгаа хүн бол мөнгө харсан хүмүүсээс ангид байх ёстой. Кино урлагийн бурхан тэнгэрт хүндэтгэлтэй, болгоомжтой хандах хэрэгтэй.

 

-Ингээд уран бүтээлийн тухай ярихаар таны зохиолыг нь бичсэн “Аав” киноны тухай асуухгүй байж боломгүй. Энэ кино аавын хайрыг харуулсан, хүний сэтгэлийн нарийн утсыг хөндсөн бүтээл болж чадсан. Олон хүний зүрхэнд хүрсэн.

-Киноныхоо зохиолыг 10 жилийн өмнөөс буюу хүүтэй болсон цагаасаа бодож эхэлсэн. Нэгдүгээр курсийн оюутны хэмжээнд үзэж туулаад байдаггүй тийм юмыг би туулсан. Тэр дарамт, шахалт, найз охины маань ээжийн надад хандаж байгаа гээд. Хорвоо ямар шударга бус, сонин байдаг юм бэ гээд зөндөө юм бодож байсан. Эрт , орой хэзээ нэгэн цагт энэ бүхнээр  кино хийнэ гэж бас боддог байсан. Тэр бүхнийг тархиндаа хадгалж яваад нэг л өдөр суугаад бичиж эхэлсэн.

Амьдралаас сэдэвтэй юм амьдралтай л байдаг. Өөрийнхөө амьдралаас сэдэвлэж анх удаа юм бичсэн. Тэр утгаараа хүмүүст хүрсэн байх. Гэхдээ цаасан дээр үлдсэн бол хүнд хүрэхгүй. Тиймээс энэ киног хийсэн багийнханд ялангуяа найруулсан Эби ахдаа, аавын дүрд тоглосон Ц.Цэрэнболд ахдаа баярлаж явдаг. Анх зохиолоо бичиж байхдаа л аавын идэр насны дүрд Ц.Цэрэнболд ахыг гээд төсөөлчихсөн байсан. Амьдралаас урган гарсан зохиол минь том зүйлийн хаалгыг нээж өгсөн юм шиг санагдаж байгаа.

Хорвоо ямар шударга бус, сонин байдаг юм бэ гээд зөндөө юм бодож байсан. Эрт , орой хэзээ нэгэн цагт энэ бүхнээр  кино хийнэ гэж бас боддог байсан.

 

-Их урам, зориг авсан байх олон хүнээс.

-“Academy Awards-2015” кино наадмаас “Шилдэг кино зохиолч” номинацийн эзнээр  шалгарсан маань надад хэзээ ч мартагдхааргүй агшин байсан. Шагналаа Монголын кино урлагийн ноён оргилуудын нэг болох Б.Балжинням найруулагчаасаа гардаж авсан. Тэрээр “Би энэ шагналыг гардуулах болсондоо маш их баяртай байна” гэж хэлсэн. Харин би “Ямар азтай нь энэ хүний гараас шагнал авах бол. Би байгаасай” гэж дотроо бодохын зэрэгцээ миний нэрийг дуудаж байгаагаар тэрхэн зуурт төсөөлөөд хүртэл амжсан шүү. Миний хүсэж, төсөөлснөөр намайг дуудсан. Тайзан дээр гараад түүнийг хэсэг хугацаанд тэвэрч зогссон. Монголынхоо тайзан дээрээс авсан тэр мэдрэмжээ дэлхийн тайзнаас мэдэрч, Монгол гэдэг нэрийг дэлхийд гаргачих юмсан гэж хүсдэг. Монгол хүн болж төрсөн болохоор үүнийг хийх хэрэгтэй.

 

Б.Баатар найруулагч хэр баргийн юмыг магтдаггүй хүн. Намайг нэг магтсан юм. Би тэрэнд нь одоо хүртэл итгэдэггүй /инээв. сур/. Гэхдээ магтсан нь мэдрэгдсэн. Тэр хүн “Энхдалай би чамайг энэ киноны зохиолыг бичсэн гэж мэдээгүй. Эби энэ тэрээс дуулаад шавиараа бас бахархаж байлаа. Эхнэртэйгээ хамт зорьж ирж үзсэн. Зарим хэсэг дээр нь бас уйлсан. Хүний сэтгэлийг, миний сэтгэлийг хөдөлгөсөн хүү минь. Багш нь чамаар бахархсан шүү. Хамгийн гол нь юм хийж байгаа чинь л надад таалагддаг” гэж хэлсэн.  Аливааг хийчихээд даруухан явах шиг сайхан юм байхгүй.

 

-Одоо кино зохиол бичиж байна уу?

-Ээжийн тухай киноны зохиол бичээд нэлээн дөхүүлчихсэн. Улирал дамнаж хийгдэх уран бүтээл. Өвөл зураг авалтаа эхлээд ирэх жилийн намар ч юмуу гаргах байх. Бас МУГЖ С.Дамдин /Хөх чоно/ гуайн намтраас сэдэвлэсэн кино зохиол бичиж байгаа.

 

-Бүхэл бүтэн бүтээлийн ард гарч киноны нээлтээ хийсний дараа ямар мэдрэмж төрдөг вэ?

-Хамгийн гоё мэдрэмж чинь тэр. Киногоо үзүүлчихээд анхны үзэгчид алга ташаад баяр хүргэх мөч. Бараг тэр агшны төлөө л нойр хоолгүй зүтгэсэн. Тэндээс баяр баясал, цэнгэл мэдрэхийн төлөө л ажилладаг энэ чинь киноны хүний зүрх сэтгэл. Энэ яах бол гэж яс хавталзаж байсан хэсэг үзэгчдэд гоё мэдрэмж өгөөд, баяр хүргэлт, алга ташилт, дулаан тэврэлт энэ хэсэг мөчөөс жинхэнэ утга учирыг мэдэрдэг байхгүй юу. Харин киноны бус хүн өөр байдлаар баярт мэдрэмжийг авдаг.

 

Мянга хайртай байлаа гээд итгэхгүй бол яах юм

 

-Одоо харин таны дотоод руу чиглэсэн цөөхөн асуулт тавья. Өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ?

-Дотор хүнтэйгээ ярилцдаг. Тэмцэлддэг. “Энхдалай чи ингэх ёсгүй, хэн билээ чи” гээд л. Тэгээд ямар нэгэн гаргалгаа гаргадаг. Олдсон боломж бүрийг барьж аваад алдах, онохоо үздэг. Алдчихаад амаа барьж, хожим харамсаж байснаас оролдоод үзчих хэрэгтэй.  Учир нь бид нэг л амьдрана шүү дээ.

 

-Та юунаас айдаг вэ?

-Хүн, хүн чанараа гээхээс айдаг. Миний хоёр мөрөн дээр суугаа сайн, муу хоёр “би”-гийн мууд нь ялагдчих вий гэдгээс айж байна.

 

-Хүмүүс бие биедээ юу өгч болох юм бол?

-Зүрх, сэтгэл, оюун бодолд нь үргэлж хадгалагдаж байх сайхан мэдрэмжүүдийг өгч байх хэрэгтэй. Биет зүйл бол цаг хугацааны туршид элэгдэж, хоргодож алга болдог.

 

-Амьдрал хайр дээр тогтдог гэдэг хүмүүс. Дуу хүртэл бий.

-Амьдрал итгэлцэл, ойлголцол дээр тогтдог. Мянга хайртай байлаа гээд итгэхгүй бол яах юм. Хайртай гэж авч суучихаад итгэхгүй зодоод алдаг биз дээ. Хайрлаж байгаа бол итгэ. Итгэсэн шиг итгэ. Харин итгэлийг чинь алдаж байгаа бол хайрлах албагүй.

 

-Та сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, уян зөөлөн хүн санагдлаа.

-Сэтгэл хөдлөл ихтэй шүү. Сэтгэл хөдөлж байна гэдэг чинь хүн оршин тогтнож буйн баталгаа. Зүрх гэдэг юм цохилж байгаа үед чи уйлна, баярлана, гомдоно. Уйлах үедээ нулимсыг харамгүй гаргах хэрэгтэй. Би уян зөөлөн үедээ ус шиг урсамтгай, хатуу үедээ чулуунаас хатуу.

 

-Та мөрөөдөмтгий хүн үү?

-Мөрөөдснийхөө хариуд мөнгө төлдөг байсан бол би энэ дэлхийн хамгийн их өртэй хүн байсан байх. Мөрөөдөлгүй бол хүн амьдрахгүй биз дээ. Зорилго байхгүй болчихно. Хоолгүй бол гэдэс өлсдөг шиг, мөрөөдөлгүй бол тархи өлсөнө.

 

-Ливерпүүлийн улаан фанат аж. Хэр сайн хөлбөмбөгчин бэ?

-Хүү бид хоёр энэ багийн улаан фанат. Анх намайг Энэ багийн  домогт ахлагч Стивен Жерардын эрч хүчтэй байдал, сэтгэлийн хөдлөл болон “Чи хэзээ ч ганцаараа алхахгүй” гэдэг уриа үг нь бас нэгэн шинэ ертөнцрүү татан оруулсан юм. Би Фэн клубынхантайгаа хамт 7 хоногт нэг удаа ногоон талбайд тоглодог. Баруун жигүүрээр л голдуу гүйнэ дээ.  Тэгэхдээ хоосонгүй 1-2 гоолтой л байдаг юм /инээв.сур/.

 

Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

 

Б.Будхүү

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-11-10
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-11-10
Tuya:
Yamar hoorhon zaluu ve yarij baigaa yum ni ... ter ohin hyygiin eej buruu tiishee l yavjee dee aldsan ni l baih daa
2015-10-19
Зочин:
Mundag zaluu bna.. Amjilt husie
2015-10-17
Иргэн:
Энхдалай зөв сэтгэлтэй сайн залуу байна. Хүүгээ сайн хүн болгож өсгөөрэй. Сайхан сайхан кинонууд хийгээрэй.
2015-10-15
Зочин:
Ийм залуус олон байгаасай. Хүүхдийн баяр, шинэ жилээр утсаа их чагнадаг. Энэ баярын аль нэгэнд хүүтэйгээ ядаж ярьчихаасай, нэг уулзчихаасай ч гэж боддог. Тиймээ бас төрсөн өдрөөр нь яриасай гэж боддог .Гэхдээ би сингл ээж л дээ. Ганц бие эцэг эхчүүд үнэхээр 2 дахин илүү ачаа үүрдэг шүү. Гаднаа бол бүх юм л бүтэмжтэй мэт явцгаадаг
2015-10-15
наран:
мундаг сайн хүү байна даа.одоо ийм залуус ховордож байгаа байхаа л гэж боддог байсан юм баяр хүргэе.ийм мундаг эрмэлзэлтэй хүүгээ өсгөөд яваа аавууд олон байгаа болов уу.хүүгийн ээж азгүй хүн байна энэ сайхан хоёр эрэгтэйн хайр халамжинд байж чададгүй их л муу хүн байна даа.энэ хүүд ажлын амжилт амьдралыни гэгээлэг сайхан бүхни йг хүсэн ерөөе
2015-10-15
zochin:
saihan yariltsalag baina.. busad zaluuchuudad sain vlger duurial boloh oor yu bn
2015-10-14
баяраа:
сайн хүү сайн аав б.а
2015-10-14
Зочин:
Ih taalagdlaa yariltslaga
2015-10-14
zochin:
unheer gaihaltai saihan hun yumaa.amjilt husei unheer gegeeleg bnaa
2015-10-14
Зочин:
Гайхалтай мундаг залуу аз жаргал амжилт бүхнийг хүсье
2015-10-14