МАН МАХН нийлж, АН үүрэг гүйцэтгэгч болох уу
2015-10-15

 

“АН-ынхан Засгийн газраа унагах нь ээ” энэ яриа сүүлийн үед саарал ордонд эрчээ аваад байна. Төрийн ордонд улс төр бужигнах үед хэн хаанаас гаргасан нь мэдэхгүй таамаг ярианууд эрчээ авдаг. Үүнийг улс төрийн хүрээллийнхэн “чулуу” хэмээн нэрлэчихнэ. Нөгөө намаас шидсэн чулуу, нөгөө өрсөлдөгчийн явуулсан бор шувуу гэх мэтээр нэрлэдэг. Тэгвэл УИХ-ын намрын чуулган эхэлж, улс төрийн намууд хөдөлгөөнд орж эхэлснээс хойш хэдэн хэдэн бор шувуу Төрийн ордонд “нисэв”. Нэгдүгээрх нь дээрх Засгийн газар огцруулах тухай ярaиа, цаашлаад С.Эрдэнэ Ерөнхий сайд болно, С.Баярцогтыг огцруулснаар АН-ыг чадамжгүй болгох гэнэ, эвсэл задарч МАН, МАХН-тай нэгдэх гэнэ гэсэн яриа саарал ордонд тархаж, энэ талаар мэдсэн, дуулсан зүйл юу байгаа талаар хэвлэлийнхэн бие биенээсээ сураглаж эхэлжээ. Дээр доороос шидсэн эдгээр чулуу, хойгуур урдуур нисэлдэж байгаа бор шувуудын аль нь үнэний ортой, хэн ямар зорилгоор гаргав гэдэг энэхүү нийтлэлээр хариу эрэхийг хичээлээ. Дээрх бор шувуунуудаас хамгийн анхаарал татаж байгаа нь АН-ынхан Засгийн газраа огцруулах тухай яриа. УИХ дахь АН-ын бүлэг хоёр долоо хоногийн өмнө УИХ-ын гишүүн Д.Ганбатыг УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны даргаар томилох шийдвэр гаргасан билээ.



Тэгвэл энэ шийдвэрийн эсрэг намын гишүүн Ж.Батзандан сөрж Хуульзүйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг нэр дэвшүүлсэн. Улмаар байнгын хорооны гишүүдийн санал хуваагдаж Ш.Түвдэндорж олонхийн санал авсан. Энэ нь санаатай үйлдэл байсан гэхэд хэтийдэхгүй. Ж.Батзандан бүлгийнхээ хурлын үеэр Д.Ганбаттай өрсөлдөөд ялагдсан хорслоо ийнхүү тайлсан хэрэг. Хуульзүйн байнгын хорооны хуралдааны үеэр МАН-ын гишүүд олонхи байсан учраас олонхийн зөрчлийг тэд тэр дор нь өлгөж аваад Ш.Түвдэндоржийг дэмжиж орхисон хэрэг. Намынхаа шийдвэрийг сөрсөн Ж.Батзанданы үйлдэлд бухимдсан АН-ынхан бүлгээ хуралдуулж ёстой л чи, би-дээ хүрсэн талаар өмнө нь бичиж байсан. Намын лидерүүд ч энэ үеэр маргалдаж Ч.Сайханбилэгийг огцруулна, огцруулахгүй, З.Энхболд дарга АН-ын дарга хийж чадахгүй байгаа тухай яриа гарсан бөгөөд энэхүү маргаан хэвлэлийнхний чихийг дэлсч орхижээ. Таамаг яриаг үнэн байх магадлал өндөр болохыг баталсан хоёр хүн бол УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ж.Батзандан нар. Оюутолгойн асуудлаар эх оронч дүр эсгэж яваа УИХ-ын бие даагч гишүүд, Г.Уянга нарын өргөн мэдүүлсэн огцруулах бичигт эрхэм хоёр гишүүн гарын үсэг зурсан. Нэг нь өөрийг нь унагасан Ерөнхий сайдыг ажлаа хийж чадахгүй байна, нөгөөх нь Байнгын хорооны даргаар сууж чадаагүй учраас шаралхаж энэхүү огцруулах бичигт гарын үсэг зуржээ. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр гэдэгчлэн намын хоёр гишүүний гарын үсэг АН-ыг дотооддоо хагаралджээ гэх яриаг баталж өгсөн юм.



Гэхдээ энд жирийн гишүүдийн толхилцлоос илүү Ерөнхий сайд, намын дарга хоёрын түнжингүй байдал АН-ын хувь заяаг улам харлуулах аюултай. Гэсэн ч АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өчигдөр Засгийн газраа огцруулахгүй, Ерөнхий сайдыг суудлаас нь буулгахгүй гэдгээ яг таг хэлчихлээ. Энэ тохиолдолд АН-ын байр суурь тодорхой байна гэж харж болох юм. Тэгээд ч АН энэ удаад Засгийн газраа огцруулчихвал цаашид Засгийн газрыг удирдах чадамжгүй болно. Хэрвээ өөрсдөө асуудлыг гартаа авч Засгийн газраараа оролдвол үхэх нүхээ ухаж буй хэрэг юм. Тиймээс намынхаа хоёр гишүүнтэй хариуцлага ярьж, өнөөдрийн эвдрэл хагарлаа эв нэгдлээр шийдэх л энэ намын эхний хийх ажил болж байна. Гудамжинд лааз өшиглөсөн 20 жилийнхээ дурсамжийг 2016 онд дахин сэргээхээс өөр аргагүйд хүрэх учиртай. Тиймээс эсрэг талын намаас шидсэн чулуунд өөрсдөө бүдрэх алхмыг эрх баригч намын лидер улстөрчид хийхгүй гэж найдъя. Нөгөө анхаарал хандуулах бор шувуу нь МАН, МАХН-тай нэгдэх тухай яриа. МАХН, МАН нэг цусны ах дүүс. Х үсэгнээс болж л хоёр хуваагдсан, хэсэг бүлэг улстөрчдийн маргаанаас болж салснаас биш хоёр өөр үзэл баримтлалтай нам биш. Тиймдээ ч Н.Энхбаяр эргээд МАН-даа очихгүй гэсэн үг биш. Тиймээс Н.Энхбаярыг МАН-тай нэгдэж АН-ыг хэцүү байдалд оруулах нь гэсэн яриа аль ч тохиолдолд үнэний ортой байж мэдэх юм.



МАН, МАХН ирэх сонгуульд хэрвээ нэгдэж орвол АН-ын хувь заяа хэцүүднэ. МАН-ынхан МАХН-тай хамтрахад бэлэн байгаа ч Н.Энхбаяр “NO” гэж байгаа сурагтай. Эвсэл тарах эсэх нь ч цаг хугацааны асуудал болчихсон. Тиймээс эвсэл тарчихвал МАН-ынхан баярлаж, харин АН-ынхан эвгүйдэх нь. МАХН Засгийн газраас гарсан тохиололд АН МАН-ын хийж байсан туршлагаар 2011 оных шиг үүрэг гүйцэтгэгч томилж 2016 он хүргэх билээ. Энэ тохиололд мөн л АН-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө. УИХ-ын үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй болно. Сөрөг хүчин олонхиос их болсон тохиолдолд дахин сонгууль ч явуулж мэдэх билээ. Тиймээс сөрөг намаас шидсэн, өөрийн намаас шидсэн аль ч байлаа гэсэн дээрх хоёр “бор шувуу”-г анхаарах учиртай байх. Хамгийн чухал нь энэ намд эв нэгдэл одоо юу юунаас чухал байна.



Бид чадна, та нар зайл гэсэн сэтгэлээр одоо хол явахгүй гэдгийг Төрийн ордонд нисэх том жижиг бор шувуунууд харуулж байна. АН-ын гурван лидер асуудлаа ойлголцож, эвсэлтэй үг хэлээ ололцохгүй л бол таамаг хувилбаруудын аль нь ч хэрэгжлээ гэсэн хамгийн том хохирогч нь АН гэдэг нь тодорхой байгаа юм. УИХ-ын гишүүн Г.Уянгын өргөн мэдүүлж буй Ерөнхий сайдыг огцруулах асуудалд АН-ын нэгээс хоёр гишүүн л гарын үсэг зурахад АН 2016 оны үйл лайгаа өөрсдөө дуудсан хэрэг болно гэдгийг юу юунаас илүүтэй ойлгож байгаа. МАН-тай нэгдэх тухай МАХН-ын яриа ч тэднийг айлгаж буй. Тиймээс Л.Эрхэмбаяр ч цаг үеэ олж мэдэгдэл хийлээ. Огцруулах тухай яриаг өөрсдөө эхлээд үгүйсгэлээ. Харин энэ бүхний дараа асуудал эргээд босвол тэр цагт АН том, жижиг чулууг эргүүлэх гээд ч хожимдсон байх вий.

 

Б.Өнөртогтох

 

Эх сурвалж: www.mminfo.mn

 
Shuud.mn
Сонин хачин
Irgen:
MAN odoo henteech niileh geed hereggui gedgee medej baigaa. Hamgiin gol ni mongol hunii judag zaaval MAHN-iin gishuud bol yah argagui MAN-iin mah tsusnii tasarhai uchraas tsoon heden udirdlagiig ni uuchlalguigeer negdej boloh taltai um. Er ni tegeed unaj yvaa boh shig bolson MAHN-iig tataj bosgovol MAN-d teneg hereg bolno gedgiig andahgui sain medej baigaa uchraas negdehgui baihaa.
2015-10-15
зочинф:
Шудрага бус эвсэл тарах нь хэнд ч тэр тусмаа АН д ямарч муу нөлөө үзүүлэхгүй. Харин ч АН мөрөөдлийн засгаа бүрдүүлэх боломж бий болно. АН,ИЗНН,МҮАН нийлээд хангалттай засаг бүрдэнэ. Учир нь эвсэлийн ноогдож байсан хувь УИХурал дах субьект бүхий намуудад хувиарлагдаж очино энэ нь дээрх 3 нам олонхи болж засаг бүрдүүлэх хангалттай тоог бий болгоно. Хууль нь ийм юм. Эцэст нь хэлэхэд эвсэл задардаг дээрээ гацдаг л байхгүй юу даа хахаха.
2015-10-15
Зочин:
AN -iinhnii zasag barij uls udirdah gej ynendee baihgyig harlaa. yamar ih shunal yamar ih bulhai luivariig hiij baina ve ard tymen sohor bish shyy
2015-10-15
зочин:
Ард түмний амьдралыг бодохын оронд эрх ашиг, сандал ширээгээ л бодох юм даа, АН-аас хурдан салж амьдрал ахуйгаа дээшлүүлье
2015-10-15