Рэнди Куэйд хоригдож магадгүй
2015-10-16

Холливуудын нэрт жүжигчин, “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн Рэнди Куэйд хоёр хоногийн өмнө АНУ-д хөл тавих үедээ хилийн хамгаалагчдад баригдсан билээ. Тэрбээр эхнэр Эвигийн хамтаар Канадын Кюбек хотоос Америкийн  Вермонт мужид нэвтрэх гэж байхдаа саатуулагджээ. Жүжигчин эр 2010 оны аравдугаар сард Калифорни мужид олон нийтийн газар зодоон хийж, 5000 ам.долларын хохирол учруулжээ. Энэхүү явдлын дараа жүжигчнийг шүүхээс дуудсан ч тэрбээр эхнэрийнхээ хамтаар Канад руу оргон зайлсан юм. Рэнди, Эви нар Америкт хөл тавьсан тохиолдолд шууд баривчлах болно гэдгээ холбогдох албаныхан мэдэгдэж байжээ.

 

Өчигдөр Калифорни мужид жүжигчний шүүх хурал болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Шүүхээс жүжигчин болон эхнэр Эва нарыг хэд хэдэн хэрэгт буруутгаж, хорих ялаар шийтгэхээр төлөвлөж байгаа хэмээн албаныхан мэдээлэв.

 

Рэнди “Шүүхийн шийдвэрийн дараа бүх зүйл тодорхой болно. Бид ямар ч шийтгэл хүлээхэд бэлэн” гэж хэлжээ.  Тэрбээр “Оскар” -ын шагналт “Бөгтөр уул”, “Сүүлчийн кино үзвэр”, “Цаасан сар зэрэг” 50 гаруй киноны гол болон туслах дүрийг бүтээсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин