Алдагдал “үйлдвэрлэх”-ийг хориглоно
2015-10-19

Ирэх оны төсвийг энэ оны төсвийн тодотголтой сөөлжүүлэн парламент хэлэлцэж байна. Энэ оны төсвийг хэрхэн тодотгож, бодитоор дүгнэснээс ирэх оны төсөв хамаарна. Ирэх он бидний хувьд хариуцлагатай жил. Хоёр сонгуулийн мөчлөгтэй. Харин парламент дахь улстөрий хүчнүүд, тэр дундаа эрх баригчид  сонгуулийн мөчлөгтэй жилд төсвөөс сонгуулийн санхүүжилтээ босгох гэж улайран, бодлого алдагдуулдаг.

 

Хэдэн жил сагсан төсвийнхөө хөөсийг дарах гэж ондоо багтаж төсөвт хэдэнтээ тодотгол хийдэг боллоо.

 

Ирэх оны төсвийг мөнгөний бодлоготойгоо уялдуулан батлахыг сөрөг хүчин шаардаж байна лээ. Монгол банкнаас Засгийн газар, Сангийн яаманд төсвийг алдагдалгүй батлах зөвлөмж хүргүүлэн, мөнгөний бодлогыг хэлэлцэж байхдаа ч үүнийгээ бататгаж байна лээ.

 

Учир нь 6.6 хувьд төсөөлж байсан инфляци саяхны статистикаар 4.9 хувьтай гарчээ.  Өнгөрсөн хугацаанд бүсээ чангалж, хэмнэсний үр дүнд олж авсан энэ хэмжээг төсвийн алдагдлын нөхөөс болгочихгүйн тулд макро эдийн засгийн шинэ тэнцвэрийг бий болгох шаардлагатайг Монгол банк зөвлөмждөө онцолж байна.

 

Төсөв батлагчид эдийн засгийн орчин эрс өөрчлөгдсөнийг өнгөрсөн хугацаанд ойлгож, мэдэрсэн байх. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэж байсан үед шинэчлэгдсэн  эдийн засгийн бүтцээ өнөөдөр өөрчлөх шаардлагатай болсон. . Уул уурхайн супер циклийн үед том том зорилт дэвшүүлж, дэд бүтцийн том бүтээн байгуулалт хийж, төсвөө халамжид чиглүүлж байсан үе ард хоцорчээ. Уул уурхайн супер циклийн үед  экспортын 98 хувийг уул уурхай эзэлдэг байсан.  Өнөөдөр  бидэнд боломж байхгүй учраас  макро эдийн засгийн шинэ орчинд эдийн засгийн өсөлтөө төсөөлөн төлөвлөх болжээ.  Үүнийг макро эдийн засгийн шинэ тэнцвэр гэж нэрлэж эдийн засагчид үзэж байна лээ. Үүний тулд төсвөө багасгаж, улсын өрийг нэмэгдүүлэхгүйгээр батлахыг хууль боловсруулагчдад сануулж байгаа.

 

Монгол Улсын гадаад, дотоод нийт зээл 12 триоллионд хүрсэн гэх мэдээлэл байна. Засгийн газар жил өрөө төлөх хүүнд 900 тэрбумыг зарцуулж байна гэж Сангийн сайд Б.Болор хэлж байсан. Төсвийг дахин тодотгуулах болсон шалтгаан ердөө оны эцэст 900 тэрбумд хүрэх орлогын тасалдал болон жилд төлөх өрийн хүү эн тэнцэж. Цаашлаад ирэх оны төсвийн төслийг хэлэлцэхэд төсвийн орлогын  60-65 хувь нь өр зээлийн үндсэн төлбөрт явах гээд байгаад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар  бухимдалтай байсан.

 

Засгийн газар данхар бүтцийг цомхотгож, цалинг  бууруулахаар туссан. Цалинг бууруулахыг зарим гишүүд эсэргүүцэж, төслөө татаж авахыг Засгийн газарт шаардаж байгаа бол Д.Дэмбэрэл нарын гишүүн цалин нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа юм. Басхүү Засгийн газар данхар бүтцээ цомхотгосноор  200  мянгад хүрсэн төрийн албан хаагчид ч өртөнө. Эдгээрийн 120 мянга нь багш, эмч нар байдаг. Тиймээс үлдсэн 80 мянган төрийн албан хаагчид дотор цомхотгол явагдах биз. Гэхдээ нэг өдөр гэнэт халагдсаны тэтгэмж өгөөд халчихгүй байх. Засгийн данхар бүтцийг цомхон болгох нь зөв ч төрийн албан хаагчдын ур чадварыг харж,  хувийн сектор руу дараагийн ажлын байранд шилжих нөхцөлийг бүрдүүлэх  зохицуулалт хэрэгтэй байх.

 

Хуулиараа төсвийн алдагдлыг 2 хувьд барих заалттай. Харин энэ заалтыг дээд хэмжээг заавал барих албагүй алдагдалгүй төсөв батлах шаардлагатайг цаг хугацаа ч шаардаж байгаа.  Экспортын  бүтээгдэхүүний үйлдвэрлэлд төр гар сунган дэмжлэг олон улсад шинэ бүтээгдэхүүнээ гаргах, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх боломж юм. ХХАА-н сайд нэг тэрбум ам.долларын мах экспоролно гэсэн.  Хэрвээ энэ хэрэгжвэл хөдөө аж ахжйн салбарын сүлжээг олон улсын зах зээлд хөгжүүлж  шинэ экспорт бий болгох нь бидний том зорилт биелнэ.

 

Нөгөөтэйгүүр Баялгийн сангийн тухай хуулийг баталж, хуримтлал үүсгэх нь алдагдлаа багасгах бас нэг алхам.  Орлого тасалдахаар дотоод эрэлтийг тэтгэх хэрэгтэй болдог. Тиймээс хуримтлал хийж эдийн засгаа тэтгэх эх үүсвэрээ бий болгох хэрэгтэй аж. Эдийн засгийн шинэ тэнцвэрт шилжсэнээр “Төрөлжсөн эдийн засагтай, дэлхийн зах зээлийн донсолгоонд доргиод байдаггүй, дотооддоо хүмүүс нь илүү хангалуун тийм л болох зорилт” гэж эдийн засагчид үзэж байна лээ.

 

Ирэх оны төсвийг сөрөг хүчин дэндүү өөдрөг төсөөлжээ гэж шүүмжлэлтэй хандаж байна.  Төсвийг муухай харагдуулах гэсэндээ бус тансаглалаа бууруул гэж шаардаж, Монгол банкны алдагдалгүй төсөв батлахыг дэмжих хэсэг ч байна лээ. Харин хэлэлцүүлгийн явцад хуулийн хугацаанд ирэх оны төсөв  хэрхэн батлагдах бол. Ямартай ч хууль боловсруулагчид алдагдал үйлдвэрлэж болохгүйг анхаарсан  биз ээ.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
.
2015-10-19
Зочин:
яамдуудынхаа албадын дарга нарыг цомхотгооч бас нэг дарганцарын орон тоо
2015-10-19