Хар ирээдүй
2015-10-21

Саяхан Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх алба, Тусгай ажиллагааны газартай хамтран хар тамхи худалдан борлуулдаг бүлэг этгээдийг баривчилсан.

 

Монгол Улсад хар тамхи, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг бүлэглэн зохион  байгуулалттайгаар худалдан борлуулдаг Г, М, Н, Б, А, С, М, Б, Т гэсэн нэр бүхийн есөн этгээдийг Сүхбаатарын дүүргийн 6 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчлан, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорин 461 дүгээр ангид саатуулсан. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2, 192.3.4, 192.3.5 заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн цагдаагийн байгууллагад шалгаж байна.

 

Баривчлагдсан этгээдүүдийн дунд 20-22 насны дөрвөн эмэгтэй байсан. Мөн тэд сэтгэцэд нөлөөт “Мөс” /амфетамине, метамфетамины агууламж бүхий/ гашиш болон өөр 2-3 төрлийн бодис хэрэглэсэн нь цагдаагийн байгууллагад ашигладаг хүний биед хар тамхи мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг илрүүлдэг тестээр тогтоогдсон гэдгийг хууль хяналтынхан ярьсан.

 


Саатуулагдсан этгээдүүдийн дунд урьд нь долоон удаа хулгайн хэргээр ял шийтгэгдэж байсан этгээд. Мөн цагдаагийн байгууллагад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.2 буюу мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан гэмт хэрэгт шалгагдаж байхдаа дахин хэрэг үйлдэж баригдсан этгээд байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар дээрх этгээдүүд 10-20 хүртэлх жилээр ял шийтгүүлэх хуулийн заалттай.

 

Ивээн тэтгэгч ба “уяаны банхар”

Энэ хэрэг нэмэгдсэнээр цагдаагийн байгууллага хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисын гэх тодотголтой 153 холбогдогчтой, 66 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Хэрэгт холбогдогчдын дотор баян айлын эрх хүүхдүүд, боломжийн амьдралтай айлын саваагүй хүүхэд, амьдралын боломж тун тааруухан өрхийн хүүхэд ч бий. Нэгэнт энэ зүйлтэй амьдралаа холбосон гэмт бүлэглэлийнхэн мөнгөтэй, хөнгөн хийсвэр амьдралтай залуусыг ивээн тэтгэгчээр сонгон донтуулдаг бол хоног өдрийн хоолоо арайчүү аргацааж буй айлын хүү, охиныг “уяаны банхар” болгон авч, сул талыг нь ашиглан хар ирээдүйд хөтөлдөг байна.

 

Өдгөө шалгагдаж буй этгээдүүдийн дунд насанд хүрээгүй сэжигтэн буюу гурван хүүхэд байна. Бүр хүүхэд холбогдоод, хар тамхи гэх чимээгүй тахалд автаад эхэлчихэж. “Дунд сургуулийн хүүхдүүд цавуу, газ үнэрлэж байна” гэсэн мэдээлэл хаа нэг цацагддаг байсан бол хар тамхины хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдчихсантөмөр торны цаана сууна. Үүнд хэн буруутай вэ. Магадгүй хүүхдийн сониуч, гэнэн зан, өчүүхэн мөнгөний үнэр хүүхдийн сэтгэлийг хоргоосон байх. Үр, хүүхдэдээ анхаарал, халамж тавьж, үүргээ олигтой гүйцэтгэж чадаагүй эцэг, эхийн буруу ч бий. Сурагчдад бага ангиас нь болох, болохгүйн учрыг олигтойхон таниулж, буруу зүйлсийн нэг нь хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис, мансууруулах төрлийн эм бэлдмэл гэдгийг бүрэн ойлгуулж чадаагүй багш, сургууль, бүр цаашилбал боловсролын тогтолцооны буруу ч байгаа.

Үр, хүүхдэдээ анхаарал, халамж тавьж, үүргээ олигтой гүйцэтгэж чадаагүй эцэг, эхийн буруу ч бий. Сурагчдад бага ангиас нь болох, болохгүйн учрыг олигтойхон таниулж, буруу зүйлсийн нэг нь хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис, мансууруулах төрлийн эм бэлдмэл гэдгийг бүрэн ойлгуулж чадаагүй багш, сургууль, бүр цаашилбал боловсролын тогтолцооны буруу ч байгаа.

Өнөөдөр гэмт хэрэгт холбогдсон хоёр хүүхдийн цаана хэдэн хүүхэд байж болох вэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэг хүний ард 3-4 хүн хамааралтай байдаг гэсэн судалгааг гаргасан байдаг. Хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэснээр зөвхөн хар тамхичин гэх муу нэрийн шошго зүүгээд, гэмт хэрэгтэн болоод зогсохгүй эдгэрэшгүй өвчтөн болно. Түүнгүй бол амьдарч чадахгүй, түүнээс бүр мөсөн хамааралтай нэгэн болж хувирна. Цонхны тавцан дээр байх ваартай цэцгийг услахгүй бол үхэж хог болохын адилаар хар тамхиа хэрэглэхгүй л бол “цагаан тахал” өвчнөөр үхнэ.

 

Энэ хар зүг рүү Монголын ирээдүйг зурах залуус, бүр хүүхдүүд донтон тэмүүлж байна. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар манай улсад хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэдэг 400-500 хүн байгаа тоо гарчээ. Үүнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанд харьцуулвал 1600-2000 хүн энэ хорноос хамааралтай байна гэсэн үг. Энэ гуравхан сая хүнд ахадсан тоо биш гэж үү. Тэднийг хар ирээдүй рүү одохоос өмнө тогтоох хазаар хэрэгтэй байгааг, нөхцөл байдал иймд тулсныг төрийн жолоо атгагчид мэдэж, бодож байгаа болов уу. Хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодист хүүхэд, залуусыг донтохоос урьдчилан сэргийлэх ажлыг өсвөр үе, оюутан залуучуудын дунд зохион явуулах зэрэгт төрийн бодлого үгүйлэгдэж эхэлснийг албаны хүн онцолж байсан.

 

Уг нь манай улс хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор НҮБ-ын Мансууруулах эмийн тухай конвенцид 1990 онд, Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцид 1999 онд, Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг конвенцид 2001 онд тус тус нэгдэн орсон. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийг 2002 онд УИХ баталж, 2011 онд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.Гэвч “цагаан тахал”-ын нөлөөнд автах залуусын тоо нэмэгдэж, зарим иргэн харь оронд энэ хэргийн золиос болжээ. Сүүлийн мэдээллээр манай улсын нэг иргэн Зүүн өмнөд Азийн нэгэн оронд энэ төрлийн хэргээр цаазаар авахуулах ял сонсоод байна.

 

Төхөөрөмж, тэгээд Үндэсний хороо хэрэгтэй

Манай өмнөд, умард хоёр хөршид энэ төрлийн бодисыг хэрэглэгч, түүнд автагчид олон. Урд хөршийн манайтай хил залгасан хэсэгт 12 сая, хойд хөршийн хувьд найман сая хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисоос хамааралтай этгээд байгааг холбогдох байгууллагаас судалжээ. Хоёр хилийн зурвасны цаана 20 сая донтогч. Дунд нь бид гурван саяулаа. Биднийг, Монголын зах зээлийг хойдынхон илүү сонирхдог. Одоо хоёр орны дунд визгүй зорчдог болсон тул илүү аюултай.

 

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн хэрэгт хураагдсан мансууруулах бодисыг өнгөрөгч онуудтай харьцуулахад каннабис буурсан ч манай улсад гаргаж авах боломжгүй мансууруулах бодис буюу мөс, гашиш, геройн өссөн гэсэн мэдээлэл байна. Тэгэхээр эдгээр бодис гаднаас орж ирж буй нь лав. ЦЕГ, ГЕГ, ХХЕГ зэрэг байгууллага Монгол Улсын хилээр хууль бусаар хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг нэвтрүүлэхэд хяналт тавьж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх алба хаагчдын мэргэжлийн ур чадвар мэдлэгийг дээшлүүлэх техник тоног төхөөрөмжийг хангалтыг нэмэгдүүлэхэд анхааран ажилладаг.

 

Гэвч улсын хилээр хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг бүрэн таслан зогсоогдохгүй байгаа нь тэдгээрийг илрүүлэх нарийн багаж, тоног төхөөрөмж байхгүйтэй холбоотой аж. Монгол Улсын Ерөнхийлөгч хойд хил дээр стандарт шаардлагад нийцсэн тоног төхөөрөмж авч өгнө гэсэн боловч одоогоор биелүүлсэн нь алга. Хил, гаалийн боомтуудад ажиллах хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлэх тоног төхөөрөмжийн хүчин чадал, боловсон хүчний чадвар орон тоог нэмэгдүүлвэл энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажилд ихээхэн үр дүн үзүүлэх нь дамжиггүй.

 

Уг нь “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 14.5-т “Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын зохисгүй хэрэглээг бууруулах, эргэлтэд хяналт тавих, эрх зүйн орчныг бүрдүүлэх, олон улсын харилцааг хөгжүүлэх чиг үүрэгтэй Үндэсний хороо ажиллах бөгөөд уул Үндэсний хороо орон тооны ажлын албатай байна”. 14.6-т “Энэ хуулийн 14.5-д заасан Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан байдаг аж. Гэхдээ энэ хууль батлагдаад 12 жил, нэмэлт өөрчлөлт оруулаад дөрвөн жил болж буй ч Засгийн газар энэ тухай дуугараагүй байна.

 

Монголын ирээдүй болсон залуус хар тамхинд донтон, түүний золиос болж, “цагаан тахал” аюул дагуулж буй энэ үед хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх Үндэсний хороог байгуулах цаг болжээ.

 

Үргэлжлэл бий...

 

Б.Буд

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
2015-10-21