Оросууд Монголын зах зээлийг сонирхож эхэлжээ
2015-10-21

“Ворота В Азию 2015” буюу “Азийн хаалга 2015” үзэсгэлэн худалдаа МҮХАҮТ үзэсгэлэнгийн танхимд зохиогдож байна. Энэ сарын 20-23-ны хооронд зохион байгуулагдах үзэсгэлэн худалдааг МҮХАҮТ, ОХУ-ын “Бизнес контакт” компанитай зохион байгуулж байгаа аж.

 

Орос Монголын найрамдал хамтын ажиллагааны өдрүүд энэ сарын 5-наас сарын хугацаанд үргэлжилж байгаа. Энэ өдрүүдийн хүрээнд Монгол Оросын худалдаа, эдийн засаг, бүс нутгийн худалдааны  хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Азийн хаалга 2015” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа юм байна. Үзэсгэлэн худалдаанд ОХУ-ын Москва, Новосибирск, Красноярск, Омск, Эрхүү муж, Ангарск, Иваново, Алексеева хот, Алтайн хязгаарын Барнаул, Буриад зэрэг 12 бүс нутгийн 30 гаруй төлөөлөгч хүрэлцэн иржээ. Урьд жилүүдэд Эрхүү мужаас аж ахуй нэгж, компани ирж оролцдог байсан. Харин энэ удаагийн үзэсгэлэнд 12 мужийн компаниуд ирж оролцож байгаа нь Монголын зах зээлийг Оросууд сонирхож эхэлснийг илтгэж байгаа гэнэ. Техник, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, засвар үйлчилгээ явуулдаг “Сибзаводагро” компани, цэвэр ус олборлолтын “Вода сибири”, “Байгал актив”, машин механизмын “Алмаз”, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн “Мотор сич” зэрэг 26 аж ахуй нэгж, компани оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулж байна. Зарим компанийн төлөөллүүдтэй уулзаж үйл ажиллагааны чиглэл, үзэсгэлэнд оролцож буй санал сэтгэгдэлийг сонслоо.

 

“Байкал актив” компани

Манай компани Байгаль нуур орчимд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Явган болон машин, дугуйн аяллыг зохион байгуулдаг. Аялал жуулчлалаас гадна Байгаль нуурын эргэн тойронд оршин суудаг үндэстний амьдралын хэв маяг, орчин нөхцөл, соёл урлагийг танилцуулдаг.  Өвлийн улиралд бид мөсөн дээрх аялал зохион байгуулдаг. Та бүгдийг байгаль нуурт ирж амрахыг манай компанийн зүгээс урьж байна.

 

“Рубцовский завод” сэлбэг хэрэгслийн үйлдвэр, “Алмаз” компани

Манай компани хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн худалдааг явуулдаг. Хөдөө аж ахуй, газар тариалангийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг. Мөн хөдөө аж ахуйн чиглэлээр судалгаа хийдэг төвтэй. Өөрийн үйлдвэрийн техник хэрэгслүүдийг Монголд нийлүүлэхэд бид бэлэн байна. Өмнө нь бид бусад компаниар дамжуулан Монголтой харьцдаг байсан. Өнөөдөр бид компанийн тоног төхөөрөмжийг Монголд нийлүүлэх албан ёсны төлөөлөгч хайх зорилготой өөрсдийн биеэр хүрэлцэн ирээд байна. Цаашдаа Монголын зах зээл дээр удаан хугацаагаар тогтвортой үйл ажиллагаа явуулах сонирхолтой байна.

 

“Яр.Вкус” нарийн боовны үйлдвэр

“Пекарёво” амттаны үйлдвэр нь Красноярск муждаа элсэн чихэртэй жигнэмэгний хамгийн том үйлдвэр. Харин “Краяночка” үйлдвэр нь Сибирийн уламжлалт жороор хийсэн өндөгтэй цагираган боовны стандарт үйлдвэр. “Рецлав” амттаны үйлдвэр, зөөлөн амттай, багсаргатай, бисквитэн, үйрдэг, жигнэмэгний олон сонголттой газар. Манай компани эдгээр үйлдвэрүүдийн албан ёсны төлөөлөгч. Тиймээс Красноярск мужийн тэргүүлэгч амттаны үйлдвэрүүдтэй түншлэх саналыг Монголчуудад хүргэж байгаадаа баяртай байна. Янз бүрийн химийн бодис ороогүй цэвэр экологийн бүтээгдэхүүнүүд худалдаалж байна.

 

Үзэсгэлэн худалдааны үеэр Монгол Оросын бизнес эрхлэгчдийн олон улсын бизнес форум болсон юм. Уг форумд ОХУ-ын 26 аж ахуй нэгж, байгууллагын төлөөлөгч оролцож санал хүсэлтээ илэрхийлж байлаа. Энэ талаар МҮХАҮТ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгшээс тодрууллаа.

 

-ОХУ-ын компанийн төлөөллүүд ямар санал хүсэлтэй байна вэ?

-25 дахь жилдээ зохиогдож байгаа “Азийн хаалга 2015” үзэсгэлэнд Оросоос голдуу хүнс хөдөө, аж ахуйн компани ирсэн байна. Тэд Монголын зах зээлд судалгаа хийж, рублийн ханш багасч байгаа энэ нөхцөлд Монголчууд манай бүтээгдэхүүнийг сонирхож авна гэдгийг мэдсэн байна. Нөгөө талаар сургалтын байгууллагууд цөөнгүй ирсэн. Хөдөө аж ахуйн техникийг авбал хөдөө аж ахуйн чиглэлээр сургалт зохион байгуулж өгье, тээвэр, төмөр замын чиглэлээр хамтарсан сургалт зохион байгуулахад бэлэн байна гэж байгаа.

 

-Тэгэхээр Оросууд манайтай хамтарч ажиллах хүсэлтэй байгаа гэсэн үг үү?

-Тиймээ. Үзэсгэлэнд оролцож байгаа компаниудын зүгээс манай улсаас их хэмжээний үхэр, адууны мах авья гэсэн хүсэлт тавьж байна. Ирсэн компани болгон ийм санал дэвшүүлж байна. ОХУ хямралтай байна, Монгол улс хямралтай байна. Хямралаас гарахын тулд ашигтайгаар хамтарч ажиллах, хамтарсан худалдаа наймаа эрхлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Оросын зах зээлд илүүдэлтэй бараа бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирэх, Монголын зах зээлд илүүдэлтэй барааг ОХУ руу гаргах зэрэг харилцан ашигтай үйл ажиллагаа явуулж тодорхой хэмжээгээр хямралаас гарах боломж байна гэдгийг төлөөлөгчид хэлж байгаа юм.

 

-Махаа экспортлохын тулд хууль эрхзүйн тал дээр ямар нөхцөл бүрдүүлэх вэ?

-Удахгүй Орос, Монголын засгийн газар хоорондын комиссын уулзалтын үеэр бид энэ асуудлыг сөхөж ярина. Орос, Монголын засгийн газраас хууль эрхзүйн таатай нөхцөлийг бүрдүүлж өгөхөд гол зорилго байна. Үндсэндээ Орос, Монголын  мал эмнэлгийн хорио цээрийн алба тодорхой тохиролцоонд хүрвэл Орос руу мах гаргах бүрэн боломжтой байгаа. ОХУ-ын импортоор авдаг мах нэлээн багассан. Тийм болохоор Монголоос мах авах шаардлага байна гэдгийг Оросууд ойлгоод байна. Төв хэсэгтээ бол Засгийн газар нь махаар хангаад байдаг. Буриад, Якут зэрэг мужийн төлөөллүүд хэлж байна л даа. “Бид хэцүү байдалд орлоо. Тийм болохоор Монголоос мах авмаар байна” гэж.

 

-Үхрийн махны нөөц бага байдаг. Тийм болохоор үхрийн мах экспортлох боломж байгаа юу?

-Бид ОХУ руу голдуу адууны мах нийлүүлэх боломжтой. Үхрийн мах гаргах нөөц манайд байхгүй учраас Орос руу нийлүүлэх боломж байхгүй. Якут, Тува зэрэг мужууд адуу, хонь, ямааны мах авья гэж байна. Хөлөөр нь юм уу түүхийгээр нь гаргахгүй, хагас боловсруулсан бүтээгдэхүүн худалдан авах сонирхолтой байна. Тувад өөрийн махны үйлдвэр байхгүй учраас хагас боловсруулсан бүтээгдэхүүн авах хүсэлтэй байгаагаа хэлсэн.     

 

 

 

 

 

 

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
SS:
MONGOL ULS ENE BALAI NAIMAACHIN SETEGHUIGEESEE HEZEE SALAHIIN BOLOO EREENII HOG AVCH HAMAG MUNGUU ZUUNU ODOO OROSRUU MUNGUU ZUUNU . MONGOLIIN MUNGU OROS HYTADRUU URSANA UURSDUU BOLOHOOR GADNAAS ZEEL AVNA ORORND MONGOLD OROS HYTADADIIN HOG NOVSH BIDEND BOLOHOOR UR TULBUR ULDHIIMDAA MONGOLIIN UDIRDAGCHID UURSDUU UILDVERLEJ CHADAH UIMAA GADNAAS AVCH BIDNIIG HUGJUULEH YAMAR CH SONIRHOL ALGA BAIH SHIVDEE
2015-10-21
Зочин:
Orosuudtai naimaa hiihed unen hetsuu ulsuud. Buun tolgoiny uvchin
2015-10-21