Бороогоор шалтаглаж тоглолтоо цуцалжээ
2015-10-22

“The X Factor” шоунаас төрөн гарсан, Британийн “One Direction” хамтлаг энэ сараас эхлэн “Belfast” гэх тоглолтоо хийж байна. Хуваарийн дагуу өчигдөр Лондон хотноо тоглох байсан ч борооноос болж, тоглолтоо цуцалсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тоглолт эхлээд ганцхан минутын дараа тус хамтлагийн гишүүн Лиам “Бид дуулж чадахгүй нээ. Хэтэрхий их бороо орж байна” гэж хэлээд явцгаажээ. Тус тоглолтыг үзэхээр “Arena” цэнгэлдэхэд 10 мянган хүн цугларсан байсан бөгөөд ихэнх нь өсвөр насны охид байжээ. Хэвлэлүүдийн мэдээлснээр “Тоглолтын үеэр тийм ч их бороо ороогүй. Тэд зүгээр л биеэ тоосон” гэжээ.

 

Цаг орчмын дараа бороо зогссон хэдий ч хамтлагийн хөвгүүд дуулахаас эрс татгалзсан байна. Тэднийг дуулахыг хүлээж олон мянган хүн цэнгэлдэхийн гадна оройжингоо хүлээсэн аж. Зарим хэсэг нь тасалбараа буцаахыг хүсч, үймээн дэгдээгээд амжжээ.

 

“One Direction” хамтлагийн албан ёсны цахим хуудаст “Биднийг уучлаарай. Өнөөдөр бидний дуу хоолойг сонсож чадаагүй хүмүүст дахин боломж олгож байна. Билетээ буцаах хэрэггүй” гэж бичсэн байна.

 

Бороо зогссон ч дуулахыг хүсээгүй шалтгаанаа хамтлагийн гишүүн Харри “Тайзан дээр хэтэрхий их ус тогтчихсон байсан” гэж тайлбарлажээ. “Belfast” тоглолтын дараа “One Direction” 2016 оныг дуустал уран бүтээл хийхгүй гэдгээ өнгөрсөн сард мэдэгдсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин