Оросын талын ногдол ашгийг шилжүүлнэ
2015-10-22

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол-Оросын “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын  Засгийн газар хоорондын 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлав.

 

Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын  Засгийн газар хоорондын 2003 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээр, Монгол-Оросын “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг оросын тал 2013 онд тавьжээ.  Тухайлбал, ОХУ-ын ЭСЯ-ны 2013 оны гуравдугаар сард  ноот бичгээр оросын талын хувьцаа эзэмшигчийг “Ростех” болгон өөрчлөх, оросын талын ногдол ашгийг түүнд шилжүүлж байхаар нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг ирүүлсэн.

 

Манай холбогдох яам, Төрийн өмчийн хороо оросын талын саналыг судалсны үндсэн дээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам дээрх хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколын төслийг боловсруулан Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлсэн байна. Засгийн газар төсөлд оросын талын хувьцаа эзэмшигчийг “ОХУ-ын Засгийн газар, эсхүл түүний итгэмжилсэн төрийн өмчийн хуулийн этгээд, байгууллага” байхаар шийдвэрлэж, УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтжээ.   Үүний дагуу УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, нэмэлт, өөрчлөлт оруулахыг Засгийн газарт зөвшөөрсөн байна.

 

Оросын талд тус асуудлыг уламжилсан боловч манай талын саналыг  хүлээж аваагүй, харин хувьцаа эзэмшигчээ “Ростех” улсын корпораци байна гэж санал дахин тавьсан аж. Иймд асуудлыг Засгийн газрын 2015 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн хуралдаан, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2015 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар дахин хэлэлцүүлж, Засгийн газар хоорондын протокол байгуулахыг дэмжсэн байна.

 

УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 20 дугаар зүйл, Олон улсын гэрээний тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

 

Уг протоколд “Монгол, Оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2003 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын протоколыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай” гэжээ.

 

Уг төслийг хэлэлцэх үед гишүүдээс Оросын талын ногдол ашгийг  өнгөрсөн хугацаанд яагаад өгөөгүй, мөнгө нь байгаа эсэхийг тодруулж байлаа.  “Хуучин Оросын холбооны төсөвт тэнцдэг байсан. Одоо төрийн өмчийн яам нь биш хувьцаа эзэмшигч нь ногдол ашгаа авдаг. Оросын талд олгох ногдол ашгийг Эрдэнэтийн  тусгай дансанд байршуулаад байлгаж байгаа.  Нэмэлт өөрчлөлт нь соёрхон батлагдсаны мөнгө нь шилжинэ” гэсэн хариултыг ажлын хэсэг өгсөн юм.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт хэлсний дараагаар санал хураалт явуулсан юм. Санал хураалтаар гишүүдийн олонх нь Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжин батлав.

 

ОХУ-ын тал хувьцаа эзэмшигчээ солих талаар мэдэгдлээ ирүүлсэн нь манайд хамааралгүй асуудал аж.  Түүнчлэн  ногдол ашиг олгогдоогүйтэй холбогдуулан аудит хийгээд тайлан нь гаргаж УИХ, холбогдох байнгын хороонд хүргүүлсэн байна. "Эрдэнэт үйлдвэр дампууралд хүрээд ОХУ-д өгөх ёстой мөнгөө өгч чадахгүй байгаа зүйл огт байхгүй. Мөн энэ мөнгө гэнэт гараад ирсэн зүйл биш. Бүртгэлээрээ бол байж  л байгаа бизнесийнхээ зарчмаар л эргэлдэж байгаа" гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа. .

 

 

 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин