Хар ирээдүй-II
2015-10-23

Монгол Улсад насанд хүрээгүй хүн хар тамхины хэрэгт холбогдсон хэрэг анх удаа гарлаа. Гурван хүүхэд энэ төрлийн хэрэгт сэжигтнээр татагдаж, төмөр торны цаана сууж байна. Хайран хүүхэд нас, хайранирээдүй. Тэд хэн нэгний ятгалга, дэмий явуулгад хүүхдийн гэнэн зангаар автаж, магадгүй өчүүхэн мөнгөний үнэрт татагдаж эргээд гарахад тун төвөгтэй, гарч чадахгүй байх ч аюултай бохир намагт уначихаж.

 

1990 оноос хойш бүртгэгдсэн шинэ төрлийн гэмт хэрэг буюу хар тамхитай холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал жил тутам хүндэрч байгаа, энэ төрлийн гэмт хэргийн гаралт, холбогдогчид нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулдаг. Мөн хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэгчдийн тоо ч жилээс жилд нэмэгдэж, баян, ядуу, боловсрол мэдлэг хамаарахгүй энэ зүйлд татагдан орж байгааг ч учир мэдэх хүмүүс ярьж, сэрэмжлүүлдэг. Энэ байдалд хүрч байгааг улс орны нийгэм, эдийн засгийн байдал, даяарчлал, хүүхэд залуучуудын сэтгэхүй, хөгжлийн сул тал, мэдээлэл авах хэт олон, нээлттэй сувагтай холбож тайлбарладаг.

 

Ингэж ярьсаар л байтал нэг өдөр хүүхэд энэ хэрэгт холбогдчихлоо. Ганцаараа биш гурвуулаа. Сүүлийн хэдхэн жил монголчууд дэндүү “цахим”, хэтэрхий “ухаалаг” болж байна. Дунд сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч 9 настай хүү “ухаалаг” утастай, түүгээрээ интернэтэд холбогдож, хамгийн наад зах нь фэйсбүүк, юүтүүбээр аялж тэнд байх болох, болохгүй бүхнийг үзэх эрх чөлөөтэй. Тэр “Интернэтэд тэгсэн байна лээ. Фэйсбүүкт ингэчихсэн байсан” гээд элдэв тоглоомоос эхлээд ээждээ хоол хийхийг хүртэл заадаг. Тэнд мэдээлсэн дуучны дууг сураад амандаа аялж, түүнтэй адилхан үсээ засуулна гэдэг. Магадгүй нэг өдөр тэр хүү хар тамхины тухай мэдээлэл олж уншихдаа саваагүй зан, гэнэн сонирхолдоо хөтлөгдөн хэрэглэх үзэхийг хүсвэл, бүүр хэрэглээд үзчихсэн байвал яах вэ. Миний шүтдэг дуучин хар тамхи татсан байна. Түүний сайхан уран бүтээлийн нууц нь түүнд байж гээд нөгөө шүтээнээ дуурайвал яана вэ. Та ингэж бодож үзсэн үү.

Магадгүй нэг өдөр тэр хүү хар тамхины тухай мэдээлэл олж уншихдаа саваагүй зан, гэнэн сонирхолдоо хөтлөгдөн хэрэглэх үзэхийг хүсвэл, бүүр хэрэглээд үзчихсэн байвал яах вэ. Миний шүтдэг дуучин хар тамхи татсан байна. Түүний сайхан уран бүтээлийн нууц нь түүнд байж гээд нөгөө шүтээнээ дуурайвал яана вэ.

 

Таны хүү, охин өнөөдөр өөрт чинь мэдэгдэлгүйгээр газ, цавуу үнэрлэх муу донтой болж, хар тамхийг нь хэрэглээд үзчих юмсан гэх бодол тээж яваа юм биш биз дээ. Хоёр жилийн өмнө 15 настай хүү, өнгөрөгч нэгдүгээр сард 17 настай сурагч ахуйн хэрэглээний газ үнэрлэж байгаад нас барсан харамсалтай явдал гарч байсан. Газ, цавуу үнэрлэх болон компьютер тоглоомд донтсон хүүхдүүдийг Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төвд тусгай тасагт хэвтүүлэн эмчилдэг. Ийм эмчилгээ хийлгэхээр ирж байгаа хүүхдийн тоо буурахгүй байгаа гэдгийг ч эмч, мэргэжилтнүүд хэлдэг.

 

Гэтэл дээрээс нь хүүхэд хар тамхины хэрэгт холбогдов. Түгшүүр. Хүүхэд ийм байдалд хүрч, энэ хүртэл явсанд хэн буруутай вэ. Мэдээж, уруу татсан этгээдийн, урвасан хүүхдийн буруу. Мөн үр, хүүхдэдээ анхаарал, халамж тавьж, үүргээ олигтой гүйцэтгэж чадаагүй эцэг, эх. Сурагчдад бага ангиас нь болох, болохгүйн учрыг олигтойхон таниулж, буруу зүйлсийн нэг нь хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис, мансууруулах төрлийн эм бэлдмэл гэдгийг бүрэн ойлгуулж чадаагүй багш, сургууль, бүр цаашилбал боловсролын тогтолцооны буруу ч байгаа.

 

Хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодисын хор хөнөөл, муу үр дагаврын талаар хүүхдийг сургуульд орох цагаас нь ярьж, буруу, болохгүй гэдэг сэтгэлгээг төлөвшүүлэх, үнэн зөв мэдлэг, мэдээлэл олгох шаардлагатай байна.

Хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодисын хор хөнөөл, муу үр дагаврын талаар хүүхдийг сургуульд орох цагаас нь ярьж, буруу, болохгүй гэдэг сэтгэлгээг төлөвшүүлэх, үнэн зөв мэдлэг, мэдээлэл олгох шаардлагатай байна. Хүүхдүүд ийшээ татагдаж, сонирхож буй нэг шалтгаан нь тэдний мэдлэг, мэдээлэл дутмагаас болж байгаа аж. Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд явуулсан судалгаанаас үзэхэд олонх нь хар тамхи, мансууруулах бодисын талаарх мэдээллийг кино, интернэтээс авдаг гэж хариулжээ. Түүнчлэн 10 хүүхдийн зургаа нь “Нэг удаа хэрэглээд үзсэн ч яахав” гэсэн бодолтой явдаг нь судалгааны дүнгээр тодорхойлогдсон байна. Айдас. Хар тамхийг анх удаа хэрэглэж үзсэн 100 хүний зөвхөн 20 нь хар тамхины тухай бодлоо бүр мөсөн орхиж чаддаг. Харин үлдсэн хэсэг нь татагдан ордог. Энэхүү бодис нь шууд хүний сэтгэцэд нөлөөлдөг ба үүнд донтогсод гарч чаддаггүйг эрүүл мэндийн байгууллагаас судалсан байдаг.

 

Дээрээс нь ямар ч хяналт, шүүлтүүргүй, зах хязгааргүй мэдээллийн орон зайд хүүхэд гэлтгүй томчууд хүссэнээ үзэж харж, даган дуурайж байна. Энэ нь аль зөв, буруу болохыг ялгахгүй хүүхдэд бүр ч аюултай юм. Хүүхэд компьютерийн дэлгэцний цаадах мөнгөнд, уран ятгалгад, кинонд гардаг адал явдалд гээд юунд ч татагдаж, хууртагдаж мэднэ. Өөрийн чинь харамладаг халаасны мөнгийг амархан өгөх хэн нэгний нөлөөнд орчихсон, буруу зам руу гишгэчихсэн байх вий. Сэрэмж хэрэгтэй.

 

Хүүхэд гээд хайхрахгүй, үг, үйлдлийг нь анзаарахгүй, тэдний аюулгүй байдлын төлөө, хамгаалахын тулд юу ч хийлгүй байсаар ирээдүйгээ хар нүх рүү түлхчихвий. Нэг өглөө "одоо эхэлье" гээд сэрэхэд бүх зүйл оройтсон байхвий дээ. Ядаж бүх шатны сургуульд хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийг таниулах хичээл, сургалт орж, эмх замбараагүй, хяналтгүй мэдээллийн орчноос хүүхдийг хязгаарлаж эхлэхсэн.

 

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Жүжигчин Өлзийхүүгийн хүүхэд 11-р ангиин хүүхдүүдтэйгээ бас татсан гээд байсан.
2015-10-23