Асуудал Н.Алтанхуягтаа бус АТГ-таа байгаа юм биш үү
2015-10-23

 

Эдүгээ нэгэн цагт “нэгдэл гэдэг айл нэг л бишээ” гэх үг хүмүүсийн амнаас цухалздаг байснаа цухуйж, улмаар хэнээс ч айлгүйгээр хэлдэг, ярьдаг болсноор манай 22 аймгийн 320 гаруй суманд байсан энэ айл тарж, гишүүд нь тав, арван мал, трактор энэ тэрээ хувааж аваад тус тусдаа гарав. 1990-ээд оныг хэлж байна шүү дээ. Ингэснээр галав юүлж, газар хөмөрсний дайтай юм огтхон ч болсонгүй. Харин ч мал нь улам өсөөд, малчид нь гэрийнхээ гадна машин тэрэг хэд хэдээр нь сойдог болов. Морь унаж, мод тохохоо болив. Мотоциклийг  морь шигээ эдэлдэг болжээ.

 

  Тэгвэл өнөөдөр “Авлигатай тэмцэх газар арай л биш ээ” гэсэн үг цухалздагаа цухалзаж, цухуйдгаа цухуйж, хэн хүнгүй хэлж, ярьдаг болов. Тиймээс хэдэн жишээ татъя л даа.

 

  УИХ-ын гишүүн Л.Болдыг тун тулхтай нэгэн гэдгийг бид мэддэг. Зарим нөхдийнхөө адил хөөрч сагсуураад, гал мал тахиад, зодоон нүдээн хийгээд явдаггүй. Ер нь түүнийг УИХ-ын танхимд элдэв бүдүүлэг үг хэлж, сөрөг хүчинтэйгээ шүлс үсчүүлэн хэрэлдэж байсан тохиолдлыг харсан хүн байна уу. Үгүй л болов уу. Яагаад гэхээр гэрийн маш сайхан хүмүүжилтэйн дээр өндөр боловсролтой нөхөр л дөө. Тэрбээр АТГ-ын тухай ийн хэлсэн байх юм. Намайг сүүлийн 20 жил АТГ-аас шалгаж байна. Би хувьдаа шалгуулахаас айж эмээдэггүй. Төрийн өндөр албан тушаалтан байнга шалгуулж, хяналтад, хардлагад байх ёстой. Үүнд надад эмзэглэж байгаа зүйл байхгүй. Гагцхүү хүмүүсээс мэдүүлэг авахын тулд хорьж цагдаж, залхааж болохгүй. Мэдүүлэг авчихсан хойноо тэрүүгээр нь буруутгадаг, ялладаг. Иргэдийг ийм айдас, түгшүүртэй байдалд байлгаж болохгүйгэжээ.

 

  Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар,Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг татан буулгаад түүнийг АТГ-д шилжүүлсэн явдлыг би дэмждэггүй. Тэр ажиллагаанд би оролцоогүй. Н.Алтанхуяг гишүүний өргөн барьсан хуулийн төслийн ихэнх утга санааг дэмжих нь зүйтэй. Прокурорын байгууллага дэргэдээ мөрдөн байцаах байгууллагатай байх хэрэгтэй. Тухайн үед ерөнхий прокурор байсан Д.Дорлигжав үүнийг авч үлдэх гээд хөөцөлдөөд явж байсныг би мэднэ. Сүүлийн үед хуулийн байгууллагын ажилтнуудын гэмт үйлдэл, гэмт хэргийн асуудлыг цагдаад нь буцааж өгөөд тэр нь дарагдаж үгүй болоод байна. Тиймээс прокурорын албан хаагчид шалгах хэрэгтэй...АТГ зохих төвшинд ажлаа хийх, авлигын гэмт хэргийг мөрдөх, гүйцэтгэх үйл ажиллагаа явуулах, соён гэгээрүүлэх үүрэгтэй. Үүнийгээ хийх ёстой гэж үздэг. Улстөржсөн, улс төрийн ашиг сонирхлоор алдаа хийсэн явдлууд бий гэв.

 

  УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, АТГ улс төрийн хийгээд олон нийтийн шахалт дарамтыг бий болгосон. Энэ хэрэгт манлайлж оролцсон. Хуулийг хэрэгжүүлэгч, гүйцэтгэх байгууллагууд хуулийг л хэрэгжүүлэх ёстой. Түүнээс биш төрийн бус байгууллага хийгээд иргэдийн байр суурийг илэрхийлэх ямар ч эрхгүй. Саяын Өршөөлийн хууль дээр АТГ төрийн бус байгууллагууд, иргэдийн өмнөөс ажиллаад байх юм. Яг 1937 оны Онц бөгөөд бүрэн эрхт комисс шиг. Ардчилал 25 жилийнхээ ойн цаг хугацаанд хүний эрхээ намнадаг үр могой төрүүлмээргүй байгаа юм. Түүнээс биш өөрийнхөө дэмжиж ажиллаж байсан Ерөнхийлөгчийг ямар ч санал гаргасан хоёр гараа өргөөд дэмжмээр байна” гэлээ.

 

  Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга асан Б.Галдаа гуай болохоор, Үнэндээ АТГ бол зөвхөн албан тушаалын хэргээр хэдхэн газрыг шалгадаг байгууллага. Хууль санаачлах эрх УИХ- ын гишүүн бүрт бий. Хуулийг батлах эсэх нь Их хурлын эрх мэдлийн асуудал. Гэтэл хэн нэгний санаачилсан хуулийн төсөлд АТГ айж, сандарч, балмагдаад ҮАБЗ-д албан бичиг хүргүүлээд байгаад гайхаж байна. УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба ямар мангас биш дээ. Үнэн мөнийг тогтоох, хүний эрхийг хамгаалах чиг үүрэгтэй л байгууллага шүү дээ. Цагдаа, прокурор, шүүхийн байгууллага эсэргүүцээгүй байхад ганцхан АТГ эсэргүүцэж байгаад гайхаж байна. АТГ-тай харьцуулахад төсөв хөрөнгө нь хамаагүй бага, 20 гаруй мөрдөн байцаагч маань цагдаагийн цалингаар цалинждаг ийм л газар байсан. Энэ албыг дахин сэргээх байх гэж боддог. АТГ-аас хэн нэгэн хүнийг холбогдсон хэргийн талаар, нэрийг нь зарлаж, мөрдөн байцаалтаар албан тушаалаа ашиглаж тэдэн төгрөгийн мөнгө завшсан нь тогтоогдлоо гэж мэдээлэл хийж байгаа нь хууль зөрчсөн асуудал гэж үзэж байна. Хэрэв УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах алба байсан бол, иргэд гомдол ирүүлсэн тохиолдолд хуулийн дагуу тухайн хүний эрхийг хамгаалж, АТГ-ыг шалгах байсан”  гэсэн байв.

 

  УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан эрхмүүдийн зөвхөн нэг хэсэг нь ийм үг хэлжээ. Гэвч уг хуулийн тогтоолын төслийг эхний удаа өргөн барихад нь хэлэлцсэнгүй. Аргаа бараад энэ нөхөр хоёрдахь удаагаа өргөн барисан ч үл тоов. Тэгээд мань эр аргаа барахдаа УИХ-ын даргадаа шаардлага хүргүүлэв шив дээ.

 

  Энэ хуулийн төслийг өргөн барьснаар Н.Алтанхуяг жинхэнэ авлигачдын галыг өөр дээрээ дуудсан юм. Эхний удаа хуулийн төслийг өргөн барихад л түүний эргэн тойрны хүмүүс, ах дүү, амраг садан, найз нөхдийг нь АТГ шалгаад эхэлсэн шүү дээ. Үүнийг ямар ч тэнэг хүн анзаарахаар байв. Энэ бүхнийг өөрийнхөө арьс махаар туулсан Норовын хүү яаж зүгээр суух вэ дээ, дахиад л өргөн барилаа. Одоо харин жинхэнэ авлигачид түүний эсрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийг зуудаг нохой шиг л “туу” гээд тавьсан нь мөн л ямар ч тэнэг хүн анзаарахаар байна. Тэгэхээр АТГ-ын ард жинхэнэ авлигачид нуугдчихаад байгаа юм биш биз гэсэн хардлага энэ төрийн том бага хүмүүсийн нэртэй холбогдон гараад байдаг нь оргүй ч юм биш бололтой гэж бодогдохоор байгаа биз. Одоо мэдээллийн хэрэгслүүдийг нээгээд үзээрэй. Дүүрэн Н.Алтанхуягийн хуулийн төслийг эсэргүүцсэн бичвэрүүд. Бодвол төлбөрийг нь өндөр өгсөн байх л даа. Дуу дуугаа авалцаад л нульсан байгаа харагдана билээ. Уг нь моодноос бараг гарч байгаа арга л даа, зайлуул.

 

  Ингэхэд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаж, чиг үүргийг нь Авлигатай тэмцэх газарт харьяалуулах болсноор мөрдөн байцаах ажиллагааны явцад хүний эрх зөрчсөн ямар нэг үйлдэл гарахыг мэдэхгүй өнгөрөх боломжийг нээж өгсөн хэмээн хүний эрхийн ажиглагч нар дүгнэдэг.

 

  Бид ингэхэд юмыг мөн ч амархан мартах юм даа. Тухайлбал, Урьдчилан хорих төвд хоригдож байсан Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан эмнэлэгийн туслалцаа авч чадалгүйгээр хорвоог орхисон шүү дээ. Энэ эмгэнэлт явдал, үүний дараах нийгмийн хариу үйлдэл, хууль цагдаагийнхны хандлагыг хараад л, “АТГ арай л байна даа” хэмээн өөрийн эрхгүй дуу алдацгааж байв. Түүнтэй салах ёс гүйцэтгэсэн өдөр нь байна уу, маргааш нь бил үү шүүх хурал нь болж байх жишээтэй. Мөн албаны хүмүүс нь, “Талийгаач өглөө ахтайгаа инээж, ханиагаад л уулзсан шүү дээ” гээд хээв нэг, тоосон шинжгүй ярьж байх жишээтэй. Мал үхсэн чинээ бодохгүй байна шүү дээ. Тэр ч бүү хэл талийгаачийн найз нөхөд түүний ажил явдалд оролцох гэхээр хардагдах болов уу хэмээн болгоомжилж буйгаа ярьж байсан юмдаг. Мөн хэвтэрт байгаа хүнийг АТГ-ынхан утсаар дуудаад байцааж байсан тухай яриа ч УИХ-ын индэр дээрээс гарч байсан шүү дээ. УИХ-ын шүү.

 

  Одоогийн энэ үеийг 1937 онтой ихээхэн зүйрлүүлэх болсны гол буруутан нь АТГ. Үүний өмнө шалгуулахдаа шалгуулаад, хэл амгүйхэн шорондоо орвол ороод явдаг байлаа. Одоо үгүй. Нэг тийм үе үе дуулиан тарьдаг л байгууллага болов. Бас улстөрийн захиалгаар хөдөлдөг, айлгадаг, ичээдэг, дарамталдаг гээд АТГ-ын араас бөөн хардлага. Нөгөөдүүл нь ч энэ бүхнээсээ эмээж, ичиж байгаа юм алга. Үнэхээр ч түүний дээр хөх тэнгэр, ард нь эрх мэдэл бүхий бүлэг байгаа юм шиг хачин, хачин мэдэгдэл хийнэ.

 

  Хэрвээ Н.Алтанхуягийн өргөн барьсан хуулийн төслийн дагуу АТГ-ын зарим эрх үүрэг Прокурорт шилжвэл АТГ-ын ард байдаг хэмээн хардагддаг хэсэг бүлгийн төдийгүй АТГ-ынханд ч халгаатай байж магадгүй юм. Б.Галдаа гуайн үгэнд АТГ-ыг шалгах эрх олгогдоно гэсэн утга байна билээ. Тийм болохоор л АТГ-ын ард байдаг айхтар “моторуудын” тоонд УИХ-ын даргаасаа уруудаад, энэ бүхнийг эсэргүүцээд байгаа зарим гишүүд нь ордог юм биш биз гэсэн хардлага өөрийн эрхгүй төрж буй. Тиймээс асуудал Н.Алтанхуягтаа бус АТГ-таа байгааг уг нь ухаантай гэгддэг эрхмүүд мэдмээр.

 

  Ард түмэн ухаантай гэсэн үгийг манай улстөрчид байнга шахам хэлдэг. Бидний дотор ухаантай нь ч бий, тэнэг нь ч бий. Гэхдээ тэнэгээсээ ухаантай нь арай олон учраас энэ бүхний зүг дуугүйхэн ширтээд, ирэх УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа АТГ-ын дарга хэн болох бол, мөн хэнийхээ эсрэг дайтах бол гээд л хүлээгээд сууж байна. Бид аливаа зодооныг харах мөн ч дуртай ард түмэн шүү дээ.  

 

  Ингэхэд жинхнээсээ хэн нэгэнд авлига өгөөд, нөгөөх нь авсан хэдэн хэргийг АТГ илрүүлэн шалгав аа гэдгийг асуумаар байгаа юм. Яагаад гэхээр авилга гэсэн нэрийн дор идсэн, уусан гэх эрүүгийн хэрэг л шалгаад байгаа юм шиг санагддаг. Нөгөө үндсэн үүрэг нь хаашаа одсоныг чөтгөр бүү мэд. Миний санаж буйгаар тээр жил 70 хоньтой нөхөр 120 хоньтой гэсэн бичиг засаг даргаараа хийлгүүлээд, сумынхаа банкнаас зээл авсан байдаг. Ингээд малчнаасаа нэг төлөг авлигад авсан гэх хэргээр шийтгүүлж байсан санагдана. Аа тийм, Д.Дондог, Х.Наранхүү, Л.Пүрэвдорж, Д.Сугар гээд хуучин МАХН, одоогийн МАН-ын хэдэн нөхдүүд дуудагдаад байсан юмдаг. Өөр ер нь тоймтой юм санаанд орохгүй байх чинь юу вэ, ингэхэд. Тэгэхээр АТГ улстөрийн зорилгоор ашиглагдаж буй орчин цагийн Онцгой комисс гэсэн нэрэндээ зохицоод ч байгаа юм шиг. Түүний хөдөлгөгч хүч нь эрх мэдэл бүхий томчууд, УИХ-ын зарим гишүүд гээд байгаа нь үнэн ч юм шиг. Хэрвээ тийм ахул тэр нэгэн цагийн нэгдэл шиг тараавал, харин ч үр ашгаа өгөх юм шиг харагдаад байдаг учир Н.Алтанхуягийн санаачилсан хуулийн төсөл батлагдаасай гэж бодож байна. Тэгвэл наад зах нь энэ байгууллагын тараархи нийгмийг нөмөрсөн хардлага сэрдлэгэ ор мөргүй арилж, ардчилал, эрх чөлөөний төлөө үсээ цайтал үзэлцсэн Э.Бат-Үүлийн баатар цол авсны утга учир улам тодорно биз дээ.

 

Б.Болормаа

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
2016оны сонгуулиар гарч чадахгүй хүмүүсийн захиалгат нийтлэл байна. АТГ устгачихаад юу хийх гээд бхйгаан.
2015-10-26
Зочин:
Улсын төсөв хүнд байхад, өндөр цалин хангамжтай АТГ-аас орон тоог нь цөөлж УЕП руу шилжүүлж, Цагдаагийн албан хаагч шиг л цалинжуулах хэрэгтэй санагдана. Ер нь хэтрээд дэндүү байгаа шүү дээ. Улс төр, хэн нэгний захиалгаар ажиллахаа болих нь зүйтэй.Н.Алтанхуягийн зөв юм шигээ
2015-10-26
Зочин:
Bugdeeree abilgatai temtseh gazariig ugui bolgoj baij duraaraa durgih sanaatai baih shig bna.Bitgii dabar tsagaan zahtnuudiig omdond n sheelgej baigaa gazar baihgui uy.Hamaatan sadan ah duugeeree niileed Mongoliig idej boldogiig ene 20 jild ed nar utgaar n uzuullee shyy dee.Abilgatai temtseh gazriig ugui hiij baigaad tsolmoh gesen zaluu ue araas n oocherlj bna.Mash hatuu shuuh ATG tai baij bid hogjino shyy.Uls tord yah gej uhen hatan oroh geed zutgeed baigaa n oilgomjtoi biz dee.
2015-10-24
Зочин:
Golyg heleedekh shig
2015-10-24
Зочин:
HUDAL UGIIG MYANGA DAVTVAL UNEN BOLNO GEJ YAH GEJ INGEJ HUDAL YUM BICHDEG BAINAA MANAI HULGAICH NAR TORIIN MONGIIG HULGAILAAGUI GEH GEED BAINAA DAA HULGAICH HUN HULGAICHAARAA L TOGSDOG SHUUDEE
2015-10-24
Ard daatgal:
Mongol. Xun burt ard daatgald buu daatguul yagaad 99971212 asuu
2015-10-24
Ard daatgal:
Mongol. Xun burt ard daatgald buu daatguul yagaad 99971212 asuu
2015-10-24
Зочин:
onzgoi komissiin darga luivarchin elbegdorj gej namhan tagjgar nohoi bii
2015-10-23
Зочин:
Захиалгат бичээс. Захиалгат коммент бичигсэд. Ичмээр
2015-10-23
Зочин:
алтанхуяг засагт юм хиих гээд зүтгэхдээ их олон ашиг сонирхлын эсрэг зогсч таарсан юм шиг баигаа юм. наад зах нь бондын мөнгииг хуваарилах зарцуулахдаа олон олигархид хүртээгээгүи ч юмуу? .тиим болоод л нөхрииг авч хаясан. бүр арчихыг зорьсон нь оир тоирныхныг нь шоронд хиисэн явдал гэрчилнэ.. ерөнхиилөгч бүр үзэхгүи баих шиг баигаа юм. одоо саиханбилэгииг саин ажиллаж баина гээд баигаа. давхар дээл гээд л ерөнхиилөгч хутган үимүүлж эхэлсэн. энэ нь санаатаи явууллага юм баиж дээ.
2015-10-23
Зочин:
Golyg heleedekh shig
Зочин:
АТГ улстөрийн зорилгоор ашиглагдаж буй орчин цагийн Онцгой комисс гэсэн нэрэндээ зохицоод ч байгаа юм шиг. Түүний хөдөлгөгч хүч нь эрх мэдэл бүхий томчууд, УИХ-ын зарим гишүүд гээд байгаа нь үнэн ч юм шиг.
2015-10-23
Зочин:
Бүгдийг зүйнд нь оруулах хуулийн төсөл батлагдах учиртай. Амарсайхан агсны амийг нэхэх цаг болсон. Бас сэтгэл санааны хүнд байдалтай байгаа хүмүүсийн гомдлыг тайл.
2015-10-23
zochin:
zuv atg shal khudlaa daalgavar bieluulegchid shuu dee
2015-10-23
зөв:
зөв дуугарч байна
2015-10-23
Зочин:
ёстой зөв дуугарч байна.
2015-10-23
БАЙДАГ Л ЮМ БАЙНА:
БҮҮР ХҮН ШИГ ЗӨВ ДУУГАРЧ. САЙН БАЙНА
2015-10-23