Төрийн 200 гаруй үйлчилгээг нэг дор төвлөрүүлнэ
2015-10-23

 
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдимйн ээлжит хуралдаан болж хуралдаанаар  Төрийн үйлчилгээний төв байгуулах асуудлыг хэлэлцэн баталлаа.
 
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс – Ухаалаг төр рүү” санаачилгыг нийслэлд хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор Улаанбаатар хотын 3 цэгт Төрийн үйлчилгээний төв байгуулахаар төлөвлөсөн. Нийслэлийн Засаг дарга төрийн үйлчилгээний төвийг “төрийн үйлчилгээний супермаркет” гэж томъёолж байгаа бөгөөд нийслэлээс үзүүлж байгаа 200 гаруй төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх юм байна.

 
Төлөвлөж байгаагаар Баянзүрх дүүрэгт Дүнжингарав худалдааны төвд, Хан-Уул дүүрэгт Мишээл экспо төвийн байранд, Сонгинохайрхан дүүрэгт “Содон хороолол”-д төрийн үйлчилгээний төв байх юм байна. Эдгээрээс энэ жилдээ багтааж Дүнжингарав худалдааны төвд Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулахаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд нийслэлийн Засаг дарга өргөн барьжээ.

 
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулууны танилцуулснаар, “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д нийтдээ 130 гаруй төрийн албан хаагчид ажил, үүрэг гүйцэтгэх бөгөөд нийслэлийн нутгийн захиргааны холбогдох байгууллагуудаас албан хаагчдаа татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн одоо ашиглаж байгаа зарим тавилга, тоног төхөөрөмжийг шилжүүлэн ашиглахаар тооцсон байна.  Төрийн үйлчилгээний төвд, Иргэд хүлээн авах төв, Нийслэлийн Архивын газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар гэх мэт нийслэлээс үзүүлж байгаа  223 нэр төрлийн үйлчилгээг төвлөрүүлж, эдгээрээс 55 үйлчилгээг нь  газар дээрээс нь шууд шийдэх боломжтой болно. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хорооллын зүүн талд, “Дүнжингарав” худалдааны төвд байрлах “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” нь 2800 м2 талбайтай, 5000 автомашины зогсоолтойгоос гадна нийтийн тээврийн 8 чиглэл энэхүү төв рүү хүрэх юм. Төв нь  үйлчилгээний танхим,  өөртөө үйлчлэх танхим, албан хаагчдын контор, уулзалтын өрөө,  Хүүхэд саатуулах өрөө, нотариат/, кафе зэрэг 9 төрлийн өрөө, танхимуудтай байхаар төлөвлөгдснөөс гадна нэг удаадаа 180, өдөрт 2400-4320 үйлчлүүлэгч хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай цогцолбор төв болох юм байна. Урьдчилан төлөвлөж байгаагаар төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн ажлын цагийн хуваарийг ажлын өдрүүдэд 09:00-18:00 цаг хүртэл байхаар тусгажээ. НИТХ-ын Тэргүүлэгчид энэхүү асуудлыг хэлэлцэн дэмжиж, эхний ээлжинд шаардагдах зардлыг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр санхүүжүүлж, төсвийн тодотголд тусган нөхөн бүрдүүлэх ажлыг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргад зөвшөөрөв. Мөн НИТХ-ын дарга Д.Баттулга,  энэхүү ажлыг амжиллтай хэрэгжүүлэхийн тулд олон улсын байгууллагуудын туслалцаа дэмжлэгийг авах, ажлын цагийн хуваарийг уртасгах, амралтын өдрүүдэд ажилладаг байхаар өөрчлөх хэрэгтэй гэсэн юм.  Дүнжингарав худалдааны төвд байгуулах төрийн үйлчилгээний төвийг энэ ондоо багтаан ашиглалтад оруулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин