Манай бөхчүүд гурван медаль хүртлээ
2015-10-24

"Абу Даби-2015" жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ий эхний өдөр манай тамирчид нэг мөнгө, хоёр хүрэл медаль зүүлээ. 

 

Эмэгтэйчүүдийн 44 кг-д хүч үзсэн "Женко" клубийн тамирчин Ганбаатарын Наранцэцэг торгуулийн тойрогт Турк, Недерландын бөхчүүдийг дараалан ялж хүрэл медалийн тавцанд зогссон. Ийнхүү тэрбээр залуучуудын дэлхийн аваргаас анхны медалиа хүртсэн юм. 

 

Мөн эрэгтэйчүүдийн 55 кг-д барилдсан "Женко" клубийн тамирчин олон улсын хэмжээний мастер Баяраагийн Амартүвшин хүрэл медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр сүүлийн хоёр жил дараалан залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байна.


Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д зодоглосон ОБЕГ-ын "Аврагч" спорт хорооны тамирчин олон улсын хэмжээний мастер Цэнд-Очирын Цогтбаатар мөнгөн медаль хүртэж, залуучуудын дэлхийн аваргын хошой мөнгөн медальт бөх боллоо. Тэрбээр өнөөдөр бүх өрсөлдөгчөө илт давуу хожиж аваргын төлөө барилдахаар шалгарч үлдсэн ч хагас шигшээ барилдааны үеэр гэмтэл авч финалд өөрийн үндсэн барилдаанаа гаргаж чадалгүй Японы бөхөд хожигджээ.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин