Завь осолдож, гурван иргэн амиа алджээ
2015-10-26

Канадын Ванкувер хотын Тофино эргийн ойролцоо халим харахаар ирсэн жуулчдын завь осолдсон тухай “Associated Press” агентлаг мэдээллээ. Тус завинд 27 хүн зорчиж явсан бөгөөд гурван хүн амиа алдсан болохыг Ванкувер хотын түргэн тусламжийн төвөөс сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

 

Аврагчид ослын газар ирж бусад зорчигчийг аюулгүй газар хүргэжээ. Завь осолдсон шалтгаан тодорхойгүй байгаа аж. Осол болох үед цаг агаар тогтуун, нарлаг байсан хэмээн албаныхан мэдээллээ. Мөн тус завь даац хэтрүүлээгүй болохыг Канадын “CBS” телевиз мэдээлжээ.

 

Амиа алдагсад аль улсын иргэн болохыг албаныхан хэлэхээс татгалзсан байна. Тофино эргийн ойролцоо өмнө нь хэд хэдэн удаа осол болж байжээ. 1998 онд Германы аяллын онгоц тус эргээс 10 миллийн цаана осолдож, ахмад нь амиа алдаж байсан бол 1982 онд Америкийн ачаа тээврийн онгоц осолдож, хоёр хүн амиа алдсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин