100 гаруй иргэнийг цасанд боогдох, хөлдөх аюулаас аварчээ
2015-10-27

  Төвийн нутгийн зарим хэсгээр өнгөрөгч ням гаригт цасан шуурга шуурч цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн.

 

Иргэд цаг агаарын аюултай нөхцөл байдал, эрсдлийг тооцоололгүй замд гарснаас замд саатсаны улмаас онцгой байдлын газарт дуудлага өгч, тусламж хүссэн тохиолдол хот болон орон нутагт нэлээдгүй гарчээ. Дуудлагын дагуу онцгой байдлын газрын харьяа салбар ангиуд шуурхай ажиллаж, 120 гаруй иргэнийг осолдох, хөлдөх, цасанд боогдох аюулаас аварчээ.

 

Тухайлбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Баруунтурууны давааны баруун талд долоон настай хүүхэдтэйгээ зорчиж байгаад цасанд суусан хоёр иргэнийг Нийслэлийн Аврах ангийн албан хаагчид аюулгүй газар хүргэжээ. Мөн Налайх дүүргийн 6 дугаар хорооны “Тэрэлж”-ийн даваанд цас орсны улмаас автозам мөстөж халтиргаа үүсэж  14 автомашинтай 44 иргэн саатсан байсныг буцааж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн албан хаагчид авч ажилласан байна.

 

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны “Халзан”-ийн даваанаас Жаргалант тосгон орох замд зорчиж яваад шаварт суусан таван иргэн, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Хустайн даваанд саатсан 60 зорчигч, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Буянтын-Ам”, “Өрмөгтийн хайрхан” гэдэг газруудад цасанд суусан тээврийн хэрэгслүүдийн 11 зорчигчийг аюулаас аварч, аюулгүй газарт хүргэжээ.

 

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Тахилтын даваа”-нд саатсан дөрвөн автомашиныг татаж, 50 гаруй автомашинд тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

 

Shuud.mn
Сонин хачин