Футзалын Ази тивийн АШТ-ий хэсгийн тоглолт Монголд болно
2015-10-28

 

Азийн Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг футзалын АШТ тэмцээн ирэх 2016 онд Узбекистан улсад зохион байгуулагдана. Энэхүү тэмцээний эрхийн төлөө Ази тивийн шилдэг 26 орон баруун, зүүн, төвийн болон зүүн өмнөд гэсэн дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа юм. Тэгвэл Монгол улсын хувьд тэмцээний зүүн бүсэд БНХАУ, Тайвань, ХонгКонг болон Өмнөд Солонгос зэрэг орнуудтай ирэх жил Узбекистан улсыг зорих эрхий төлөө өрсөлдөхөөр боллоо.

 

2014 онд Вьетнам улсад зохиогдсон футзалын АШТ-д Япон улс түрүүлсэн учир тэмцээнд оролцох эрхээ шууд авсан гэж ойлгож болно. Монголын Хөлбөмбөгийн Холбоо өнгөрөгч 2 дугаар сард их хурлаа хийж улмаар шинэ Ерөнхийлөгчтэй болсоноор бүтэц, үйл ажиллагааны хувьд эрчимтэй хэд хэдэн ажлыг эхлүүлсэний нэг нь гадаад харилцааг сайжруулах алхам байсан. Үүний үр дүнд Азийн Хөлбөмбөгийн Холбооны шаардлага нөхцөлийг хангаж чадсаны үндсэн дээр тивийн футзалын АШТ-ий зүүн бүсийн хэсгийн урьдчилсан шатны тэмцээнийг өөрийн эх орондоо зохион байгуулах эрхийг авж чадсан.

 

 

Юуны өмнө та бүхэндээ Азийн футзалын АШТ-ий талаар товчхон мэдээллийг хүргэхэд:

1999 оноос эхлэн тус тэмцээн зохиогдож эхэлэсэн бөгөөд 2008 оныг дуустал жил бүр уламжлал болгон зохиогддог байсан. Харин 2010 оноос эхлэн хоёр жил тутамд нэг удаа зохиогдох болсоноор тэмцээний чанар чансаа улам хүчирхэг болж ирсэн юм. Нийтдээ 13 удаа уг тэмцээн зохион байгуулагдахад ердөө хоёрхон улс түрүүлсэн байдаг нь хачирхалтай. Иран улс нийтдээ 10 удаа аваргалж босоо амжилтыг гаргаад байна. 1999 онд анх зохиогдсон жилээс эхлэн Ираны шигшээ баг нийтдээ 7 жил тасралтгүй түрүүлж байсан бол тэдний энэхүү босоо амжилтыг 2006 онд Япон улс зогсоож аваргалж байлаа. Японы баг үүний өмнө дөрвөн жил аман хүзүүдэж Ираны багт түрүүгээ алдаад байсан юм. Гэвч 2006 оноос хойш Ираны баг дахин гурван тэмцээнд дарааллан аваргалсан бол сүүлийн 2 тэмцээнд Японы баг түрүүлж өөрсдийн орон зайгаа батжуулаад байна. Өнгөрсөн 2014 онд шигшээд мөн л тус хоёр баг тунан үлдэж үндсэн болон нэмэлт цаг 2:2 тэнцээгээр өндөрлөхөд торгуулын цохилтоор Японы баг хожиж байлаа.

 

 

 

Мэдээж хөлбөмбөг сонирхогч хэн бүхний анхаарлын төвд энэхүү тэмцээн багтдагаас гадна Иран, Япон гэсэн Азийн хүчирхэг орнуудаас өөр шинэ аварга төрөх тэр мөчийг хүлээж байгаа  нь дамжиггүй.

 

Монголын шигшээ баг бэлтгэлдээ гараад нэг сарын хугацаа хэдийн өнгөрчээ. Шигшээ багийн дасгалжуулагчаар “Улаанбаатарын Унаганууд” багийн дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир ажиллаж байна. Хөлбөмбөг сонирхогчдын дунд Тоогий нэрээрээ алдаршсан С.Эрдэнэ-Очир багшаар удирдуулсан шигшээ багийн тамирчид өдөрт хоёр удаагийн бэлтгэлийг хийж байгаагаас гадна өнөөдөр ОХУ-ын Эрхүү хотыг зорьж тэнд нөхөрсөг тоглолтуудыг хийхээр болоод байгаа юм. Орос орны футзалын сургалт Азийн орнуудаас тэс ондоо. Тиймээс том тэмцээний өмнө өөрсдийн алдаа оноогоо дүгнэж, амжилт гаргах эх үндсийн нэг нь энэхүү нөхөрсөг тоглолт болно гэдэгт итгэлтэй байна. Монголын хөлбөмбөгийн холбооноос тамирчдаа дэмжин бүх талаар хангаж байгаа бөгөөд тэд ч энэхүү нөхөрсөг тоглолтыг дуусгаад хамтдаа байрлаж бэлтгэл сургуулилтандаа бүхий л анхаарлаа хандуулна. Тэмцээн ирэх 11 дүгээр сарын 14-19 ны өдрүүдэд Яармагийн дэнж дэх Буянт-Ухаа спортын ордонд зохиогдох юм. Хэсгийн тоглолт 17:00 цагаас харин Монголын шигшээ багийн бүхий л тоглолтууд 20:00 цагаас явагдах болно. Тиймээс эрхэм үзэгч, хөгжөөн дэмжигчид та бүхэн нэгэн зүрх сэтгэлээр, нэгэн тугийн дор шигшээ багаа хүрэлцэн ирж дэмжээрэй.

 

 

эх сурвалж: "МХБХ"

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Za kkk
2015-10-28