75 саяын хэмнэлт их наядын хохирол авчирна
2015-10-28

Ойн судалгаа, хөгжлийн төв, Ойчдын нэгдсэн холбоо, Байгаль орчны мэргэжилтнүүдийн нэгдсэн холбоод хамтран хэвлэлийн хурал хийлээ. Тэд “Ойн судалгаа, хөгжлийн төв”-ийг татан буулгахыг эсэргүүцэж буй аж.

 

УИХ ирэх оны улсын төсвийг хэлэлцэж байгаа.  Төсөв хэмнэх үүднээс “Ойн судалгаа, хөгжлийн төв”-ийг татан буулгах тухай асуудал яригдаж байна. Уг байгууллагын үйл ажиллагааг зогсоосноор 75 сая төгрөгийг улсын төсвөөс хэмнэх аж. Гэвч байгууллага татан буугдсанаар эргээд улсад тэрбум, их наядаар тооцогдох хохирол учирна гэдгийг хуралд оролцогчид онцлов. Ойн мэргэжлийн байгууллагаа татан буулгавал манай улс хүлэмжийн хий тооцох олон улсын кредитын арилжаанд оролцох боломжоо алдана. Мөн ойг доройтуулж буй хөнөөлт шавжийн тархалт, түймрийн судалгааны ажил үгүй болох зэрэг ихээхэн сөрөг үр дагавартай гэдгийг ойн мэргэжилтнүүд хэлж байв. Мөн бий болгосон арга зүй, технологийн шинэчлэлт, ойн шинжлэх ухаан устаж үгүй болохоос гадна иргэдийн мод модон материалын эрэлт нийлүүлэлтийг тогтвортой хангах “Ойн цэвэрлэгээ хөтөлбөр”-ийн хэрэгжилт зогсоно гэдгийг хэллээ.

 

“Манай орон Сибирийн тайгын төгсгөлтэй тэнцэхүйц багахан хэмжээний ой модтой. Ой модоо арчлан хамгаалахын тулд бусад том гүрэн шиг арга хэмжээ авч чаддаггүй юм аа гэхэд одоогийн нөхцөл байдлаа дордуулмааргүй байна. Тодорхой бодлого барьж ажилладаг мэргэжлийн байгууллагагүй бол ойг зүй зохистой ашиглах, хамгаалах төрийн бодлого алдагдана” гэж Ойн гавьяат ажилтан О.Гонсон хэлэв.

 

ОХУ-ын Красноярскийн Ойн газар 200, Беларусийн Ойн судалгааны төв 300, БНСУ-ын Ойн газар 150 хүнтэй ажилладаг аж. Харин манай улсын “Ойн судалгаа хөгжлийн төв”-д 12 хүн ажилладаг юм байна.

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Болорт:
Мөн дээрээс Оюунхорол сайдын балгаар татан буугдсан үндэсний хороодыг байхгүй болгосноор ямар их муу үр дүн гарсныг бэлхэн жишээ байна шүү дээ. Одоо үндэсний хороодыг дахин сэргээснээр байгаль орчны төсөл хөтөлбөр эргэж сэргэж байгаагэж мөн уламжилж байна. Хэмнээд хэмнээд 100 хүрэхгүй сая төгрөг --- харин улсад орж ирэх мөнгө төсөв хэдэн зуу дахин тэр байтугай шүү.
2015-10-28