Р.Гандийн сургууль шинэ тоног төхөөрөмжөө хүлээж авлаа
2015-10-28

"Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн  сургалтын орчныг шинэчлэх төсөл"-ийн хүрээнд БНЭУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийлүүлж буй 2,8 сая ам.долларын үнэ бүхий тоног төхөөрөмжийг Монголын талд хүлээлгэж өгөх ёслол өнөөдөр Үйлдвэрлэл, урлалын политехник коллежид боллоо.

 

 

Ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сомнат Гош, ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Гоел, БНЭУ-ын Засгийн газрын HMTI компанийн ерөнхий менежер К.Сридхар, сургуулийн багш оюутнууд, бусад төлөөлөгчид оролцсон.

 

 

Төслийн хүрээнд хамгийн сүүлийн үеийн шилдэг, шинэ тоног төхөөрөмж суурилуулж, шинээр байгуулсан гагнуур, электроник, цахилгаан, мехатроникийн сургалтын танхим болон дадлагын газрыг албан ёсоор нээж, ёслолын тууз хайчлан, төслийн бичиг баримтад гарын үсэг зурах үеэр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан баяр хүргэж хэлсэн үгэндээ Монгол-Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буй өнөө үед хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам бүр бэхжин хөгжиж буйн тод жишээг Энэтхэгийн төр нийгмийн зүтгэлтэн Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехник коллеж харуулж байна. Энэтхэгийн ард түмний өгөөмөр сайхан сэтгэлийн ач буянаар тус сургуульд 1995 оноос хойш дөрвөн үе шаттай төсөл амжилттай хэрэгжиж металл боловсруулах, сантехник, цахилгааны мэргэжлийн сургалтын тоног төхөөрөмжүүд шинэчлэгдсэн төдийгүй анхны автомашин засварын цех байгуулагдан компьютерийн болон үнэт чулууны ангийг шинээр нээж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан билээ. Үүний үр дүнд Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд нэн шаардлагатай барилга, ахуйн үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрийн салбарын ур чадвартай 5700 мэргэжилтэй ажилтныг тус сургууль бэлтгэн гаргаж чадсан. Мөн багш нарын мэргэжлийг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч Энэтхэг улсад сургаж буйд талархаж байна” хэмээгээд төслийг амжилттай хэрэгжүүлсэн Энэтхэгийн Засгийн газрын HMTI компани, төслийг хэрэгжүүлэхэд болон Монгол-Энэтхэгийн хооронд гүүр болж байдаг Элчин сайд, ЭСЯ-ныханд талархал илэрхийлсэн юм.

 

 

 Элчин сайд Сомнат Гош манай хоёр орны найрамдалт харилцаа энэ 60 жилээр хязгаарлагдахгүй, Буддын шашнаар дамжин бараг 1500 жилийн өмнөөс эхэлсэн гэж үзэхэд буруу зүйл байхгүй гээд “Энэтхэг улсын тусгаар тогтнолыг тухайн үеий социалист орнуудаас хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн нь Монгол. Монгол Улсыг НҮБ-д элсэхэд олон улс татгалзаж байсан ч манай удирдагч Ж.Неру дэмжиж буйгаа илэрхийлэн үг хэлсэн түүхтэй. Энэ баялаг түүхийн үргэлжлэл 1995 оноос эхэлсэн Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн сургалтын орчныг сайжруулах төсөл юм. Өнгөрсөн хугацаанд бид нийтдээ гурван сая гаруй ам.долларын тоног төхөөрөмжийг тус сургуульд суурилуулаад байна. Энэ тоног төхөөрөмж дээр сурч мэргэжил эзэмшсэн залуус төгсөөд шууд ажлын байртай болдог, зарим нь өөрсдөө амжилттай бизнес эрхэлж буй гэдгийг сонсоход таатай байдаг. Манай энэтхэгчүүд хүнд мэдлэг боловсрол олгоход туслах нь хамгийн том тус гэж үздэг. Тиймээс бид та бүхэнд тусалж, Монгол Улсад мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд тусалж буйдаа баяртай байна” хэмээсэн. 

 

 

Энэтхэгийн Засгийн газраас үзүүлж буй тусламжийн хүрээнд Үйлдвэрлэл, урлалын политехник коллежид 1996 онд машин засвар, металл боловсруулах, сантехник сургалт, цахилгаан техник, радио электроникийн гэсэн таван мэргэжлийн 5,5 төгрөгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж ирсэн нь анхных. Үүний дараа 1999 онд компьютерийн болон үнэт чулууны анги нээж, компьютерийн 40 нэр төрлийн 10,7сая төгрөгийн тоног төхөөрөмж , үнэт чулууны 68 нэр төрлийн 5,9 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар өгчээ.  2001 онд БНЭУ-ын техник, мэргэжилтний буцалтгүй тусламжаар 27 нэр төрлийн 39,5 сая төгрөгийн үнэ бүхий хэвлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хүлээн авснаар тус сургуулийн дэргэд офсет хэвлэлийн газрыг нээн ажиллуулж эхэлсэн. Харин энэ удаа 2,8 сая ам.долларын санхүүжилтээр CNC технологийн мехатроник, компьютерийн программчлал-мэдээллийн технологи, электрон механик, үйлдвэрийн цахилгаан, хэвлэлийн технологи, гагнуурын мэргэжлийн 11 анги танхим, лаборатори, дадлагын газрыг байгуулан хамгийн сүүлийн үеийн багаж хэрэгсэл тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангасан төдийгүй багш нарыг Энэтхэгт мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, Энэтхэгээс багш нарыг урьж тус сургуульд ажиллуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн тухай Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн захирал Б.Даваажав танилцуулсан.

 

 

Ийн хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй 40 шахам мэргэжлээр 2000 гаруй оюутан сургаж буй тус сургуулийн сургалтын материаллаг бааз олон улсын түвшинд хүрсэн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 11 анги танхим, дадлагын газартай болсон нь төгсөгчид нь ажлын талбарт гарахад хаана ч гологдохгүшй чадварлаг мэргэжилтэн болох боломжийг бүрдүүлж буй юм.

 

      

 

БНЭУ-аас Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн сургалтын орчныг сайжруулах төслийг цаашид ч үргэлжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Тиймээс цаашид хамтран ажиллахдаа сургуулийн барилгын өргөтгөлд дэмжлэг авах хүсэлтэй байгаагаа манай талаас илэрхийлсэн бөгөөд энэ дагуу боловсруулсан төслийг Элчин сайд Сомнат Гошт Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, сургуулийн захирал Б.Даваажав нар гардууллаа.

Shuud.mn
Сонин хачин