Төсөв задарч, хэмнэлт хасагдав
2015-10-29

 

УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлж байгаа 2016 оны улсын төсвөө Засгийн газар өөр дээрээ татан авч, дахин хэлэлцэх шаардлагатай тулаад байна. Учир нь ирэх оны төсвийг парламентаар хэлэлцэх шатанд Засгийн газар дагалдах зарим хуулиа татаж авсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын данхар бүтцийг цомхотгож, 9 яамтай байх хуулийг эгүүлэн татаад байгаа билээ.

 

Энэ хуулийн төсөл ирэх оны сонгуулийн дараа буюу наймдугаар сарын 1-нээс хэрэгжих заалттайгаар өргөн баригдсан хэдий ч сөрөг хүчний зүгээс “ Засгийн газрын хуульд нэмэлт өөрчлөлт оруулвал 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж хэрэгжүүл. Наймдугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэдэг нь дараагийн парламентын бүрэн эрхэд халдаж байна гэсэн үг” хэмээн эсэргүүцсэн. Уг хуулийн заалтыг ирэх оны нэгдүгээр  сарын 1-нээс хэрэгжүүлэхэд энэ Засгийн бүтэц задарч, шинээр Засгийн газар эмхлэн байгуулах болно. Тиймээс Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг хангахын тулд төслөө татаж авч байгаагаа Ерөнхий сайд албан бичигтээ онцолсон байлаа. Харин асуудал үүгээр дуусгавар болсонгүй. Засгийн газар ирэх оны нэгдүгээр сараас дэд сайдгүй ажиллахаар дээрх хуулийн төсөлд хавсаргасан байсан. Тиймээс дэд сайдгүй байх асуудал ч Засаг төслөө татан авснаар хүчингүй болсон тул хувь  гишүүдийн зүгээс дэд сайдгүй байх саналыг ирэх оны төсөвт тусгуулахаар улс төржиж эхэлсэн. Сөрөг хүчний зүгээс Засгийн газрын бүтцийнхээ хуулийг буцаасан бол дэд сайд хасах асуудлыг хуулийн төсөл боловсруулан оруулж ирэх хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

 

Ирэх оны төсөв анх барьсан төслөөсөө өөрчлөгдөн задарч байгаад Сангийн сайд Б.Болор бухимдаж, басхүү төслөө хамгаалж “Сонгуулийн өмнөх жил маш зоригтой төсөв оруулж ирж гэсэн. Өмнө нь сонгуулийн өмнөх жил төсвөө 2-3 дахин нэмж оруулж ирдэг байсан. Жишээлбэл, 2012 оны төсвийг батлахдаа 745 тэрбум төгрөгийн цоо шинэ хөрөнгө оруулалт тавьж байсан. Энэ жилийн төсөв 100 тэрбум төгрөгийн шинэ хөрөнгө оруулалт л хийгдэхээр тусгасан. Гэтэл үүнийгээ “00”-лчихье гэлээ.  Шинэ хөрөнгө оруулалтыг хассан тохиолдолд өөр зүйл оруул гээд тойргийн үзэл гишүүдээс илрээд байна” хэмээн бухимдаж сууна лээ.

 

Сонгуулийн өмнөх жил байтугай ердийн өдрүүдэд ч гишүүдээс тойргийн үзэл салдаггүйн зүйн хэрэг. Намын жагсаалтаар гарч ирсэн түшээдээс илүүтэй тойргоос сонгогдсон гишүүд  төсөв хэлэлцэх үед хариуцлагатай ханддаг. Учир нь тэд тойрогтоо ямар бүтээн байгуулалт өрнүүлэх, юу хийхээ амласан, сонгогчид нь ч нэхэл хатуутай байдагтай холбоотой биз. Тиймээс шинэ бүтээн байгуулалтыг тойрогтоо тусгуулах гэж зүтгээд байгаа түшээдийг буруутгах үндэсгүй.

Ирэх оны төсвийн төсөлтэй зэрэгцээд энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэж  байгаа. Төсвийн тодотголоор улс  төрийн болон төрийн өндөр албан тушаалтны сүүлийн 3 сарын цалинг бууруулах саналыг сөрөг хүчин эсэргүүцэж байгаа бол Засагт хамтарсан МАХН-МҮАН-ын хамтарсан "Шударга ёс" эвслийн бүлэг шүүмжлэлтэй хандсан. Тус бүлэг төсвийн тодотголын талаарх дүгнэлтдээ "Цалинг бууруулах нь ард түмнийг ядуурал руу нэг алхмаар түлсэн хэрэг болж байна" хэмээсэн байлаа.  Энэ оны төсвийн тодотголын төсөв хэлэлцэхэд дэм болохгүй байгаа хамтарсан "Шударга ёс" эвсэл ирэх оны төсвийн төсөлд бүүр ч нүүрээ бууруулах талтай. Энэ оны төсвийн тодотгол хэрхэн батлагдахаас ирэх оны төсөв яаж бататгах нь хамаарна. Учир нь энэ оны төсвийн тодотголтой ирэх оны төсөв уялдаж байгаа. Харин Засгийн газрын хэмнэлт, таналт тусгасан төсөв парламентаар дэмжигдсэнгүй эхнээсээ унаж, ирэх оны төсвийн төслөө татан авахад туллаа.

Нэгэнтээ Засгийн газрын анх өргөн барьсан 2016 оны улсын төсвийн төсөл өөрчлөгдөн задарч эхэллээ. Тиймээс  2016 оны төсвийн төслөө эргүүлэн татаж дахин хэлэлцэх нь зүйтэй гэж Засгийн газар үзэж байгаа юм билээ. Харин Засгийн газар төсвийн төслөө эргүүлэн татаж, дахин оруулж ирэх нь цаг хугацааны хувьд амжихааргүй нөхцөл үүсээд байгаа. Учир нь хуулийн дагуу ирэх оныхоо улсын төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах заалттай. 2016 оны төсвийг батлахад ажлын 10 хүрэхгүй хоног үлдлээ.   Улсын төсөв дөрвөн удаагийн хэлэлцүүлэг дамжих тусгай дэгээр явдаг.

 

Хэрвээ Засгийн газар 2016 оны улсын төсвөө татаж аваад дахин өөрчлөлт хийн өргөн баривал УИХ-ын ердийн биш яаралтай дэгээр хэлэлцэн хуулийн хугацаанд батлах байх.  Гишүүд яаралтай дэгээрээ яаж ийгээд л ирэх оны төсвийг батлаад гаргачихна. Ирэх оны төсөвт УИХ-ын сонгуулиар шинээр байгуулагдсан парламент, Засгийн газар дахин тодотгол хийх зайлшгүй нөхцөл үүснэ. Харин ирэх оны төсөв батлагдан, товхимлынх нь хэвлэлтийн үнэр ч гарч амжаагүй халуунаараа байхад дахин тодотгоно гээд сууж байхгүй байлгүй гэж найдахаар өөр зам иргэд бидэнд үлсдэнгүй.

 

Иргэд бид ирэх оны төсвөөс эдийн засгийг сайжруулна гэх түшээдийн үгэнд найдвар тавьснаас өөртөө итгээд өрхийн төсвөө төлөвлөөд, хэмнээд явсан нь хувь илүү ононо байх шүү.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Эргэж буцсан юун ч туйлбаргүй засаг вэ. Өөрсдийхөө зөв гэж үзсэн бол төсвийг Засгийн газраас оруулсан төслөөр батлахгүй бол ажлаа ав гэх зоригтой байх хэрэгтэй бус уу.
2015-10-30