60 хоногийн төсөв
2015-11-02

Хуучин он улирч, шинэ он гарахаас хоёрхон сарын өмнө төр, засаг энэ оны улсын төсвийг дахин тодотгон баталлаа. Уг нь шинэ оны эхэнд тодотгол хийгдчихсэн байсан төсөв л дөө. Хэрвээ төсвөө дахин тодотгон батлахгүй бол энэ оны алдагдал их наядаар хэмжигдэх гээд байсан учир аргагүй нөхцөл байдал үүссэн. Тэгээд ч энэ оны төсвийн тодотгол хэрхэн батлагдахаас ирэх оны төсөв хамааралтай. 

 

Хоёр сар буюу 60 хоног хэрэгжих энэ оны улсын төсвөөс  бүтээн байгуулалтын ажил нь дуусгавар болж байгаа объектуудад нэмж хөрөнгө тусгаснаас бусдыг нь дараа онд шилжүүлэхээр тэглэсэн. Оны эцэст алдагдал их наядад хүрэхээр тооцогдож, хэмнэх, танах асуудлыг төрийн албан хаагчдын цалинтай  нь тооцохоор байсан ч дэмжигдсэнгүй. Харин ирэх өдрүүдэд Засгийн газар дэд сайдгүй ажиллана. Гэхдээ ОАТ-ыг нэмсэнтэй холбоотой шатахууны үнэ нэмэгдчих вий гэсэн болгоомжлол олон нийтийн дунд байна. Хэрвээ шатахууны үнэ нэмэгдвэл зэрэгцээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Дэлхийн зах зээлд шатахууны үнэ буурч байхад манайд ОАТ-ыг нэмэгдүүлж, шатахууны үнийг буурахыг хүлээх байтугай нэмэгдчих вий гэж сэрэмжилж байдаг урвуу тогтолцоо явагдаж байна. Энэ нь шатахууны импортоор авдаг улсын зовлон биз гэж хамгаалаад өнгөрөх бус төрийн бодлогын алдаа гэх нь онох болов уу.

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн улсын төсвийн орлогын төлөвлөгөөг 51.1 тэрбум төгрөгөөр, Хэнтий, Сүхбаатар аймгийн суурь орлогыг 2.9 тэрбум төгрөгөөр буюу нэгдсэн төсвийн орлогыг нийт 54.0 тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцсон байна. Мөн Төрийн өндөр болон улс төрийн албан тушаалтны цалинг 30 хувиар бууруулахгүй байхаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан урсгал зардлыг 1.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, улсын төсвөөс санхүүждэг бүх төсөвт байгууллагуудын 11, 12 дугаар сарын төлөвлөгдсөн цалингаас бусад тэвчиж болох урсгал зардлыг 15-20 хувиар бууруулах замаар 8.1 тэрбум төгрөгийг урсгал зардлаас хасчээ.

 

Улсын төсвийн хөрөнгийн бусад зардлаас 47 тэрбум төгрөгийг хасч, хөрөнгө оруулалтын зардалд 9.2 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг энэ онд нэмж санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Дээрх өөрчлөлтүүдийг төсвийн төсөлд тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 6.074.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 28.8 хувь, нийт зардал 7.263.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 30.8 хувь болж, нэгдсэн төсвийн нийт алдагдал 1.179.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5 хувьтай тэнцэхээр байгаа юм байна.

 

“Хэмнэх, танах, урсгал зардлаа багасгах” гэдэг үгийг шийдлийн Засгийн газрын сайд нар олны өмнө гарах бүртээ ярьж, хэлж байсан гэж болно. Тэр дундаа Ерөнхий сайдын өдөр тутмын амны уншлага ч байсан байж болох. Гэхдээ улс төрийн түвшинд хэмнэлтийн горимд шилжсэнгүй. Айл өрхөөс төсвөөс хэмнэлтийг асуух ч шаардлагагүй. Учир нь  өрх бүр, өрхийн насанд хүрсэн, ажилтай орлоготой иргэн бүр 1-3 хэрэглээний зээлтэй байгаа. Олон нийт түмний өмнө гарч зээлийн төлөлт, өрхийн төсвийн хэмнэлтээ ярилгүй хэрэгжүүлсэн бол, төр, засгийн түвшинд ярихаас хэтрэхгүй байсан нь энэ оны төсвийн тодотголоор баталгаажиж буй хэрэг.

 

Эдүгээ он дуусах хүртэл үлдсэн 60 хоногт улсын төсөвтөө орлого хуримтлуулдаггүй юм гэхэд алдагдлыг ДНБ-ий 5 хувиас халиачихгүй байгаасай.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин