Ассадаас болж маргалдсаар байна
2015-11-02

Австрийн Вена хотноо Сирийн холбоотон орнууд болох Иран, ОХУ, Турк, Саудын Араб улсын Гадаад хэргийн сайд нар уулзаж байна. Тэд дөрвөн жил үргэлжилж буй Сирийн иргэний дайныг хэрхэн цэглэх, дүрвэгсэд болон хэт даврагчдын асуудлаар өөрсдийн байр сууриа солилцож байгаа юм. Өнгөрсөн баасан гаригт эхэлсэн тус уулзалтад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ажиглагчаар оролцож байна.

 

Хуралдаан ямар ч үр дүнгүй, маргааны шинжтэй, нэгнийхээ мэдэгдлийг үгүйсгэсэн өнгө аястай үргэлжилж буйг олон улсын хэвлэлүүд онцлов. Саудын Араб улсын Гадаад хэргийн сайд Адел аль Жубейр “Башар аль Ассад Сирийг орхин гарах хэрэгтэй” хэмээн мэдэгдсээр байгаа бол Орос болон Иран эсрэг байр суурьтай байгаа юм.

 

“Ассад төрөөс явбал, иргэний дайн хүрээгээ тэлж, хэт даврагчдад боломж олгох болно” хэмээн Ираны сайд мэдэгджээ. Харин Саудын Арабын зүгээс “Ассад өөрийн хүсэлтээр энэ улсыг орхин гарахгүй бол Сирид хүн амьдрах боломжгүй болно. Ассад эрх мэдлээ хүчирхэгжүүлэхийн тулд энгийн ардыг хохироож байна. Энэ хүн Сириэс явсан цагт Сири улс цэцэглэн хөгжих болно. Бид энэ асуудалд гол анхаарлаа хандуулах болно” гэж хариу мэдэгджээ.

 

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хэлэлцээрт оролцогчдыг уян хатан байхыг сануулж, шийдвэртэй алхам хийхийг уриалсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин