БСШУ-ны сайдын тэтгэлгийг 10 залуу эрдэмтэн гардан авлаа
2015-11-02

Гэрэл зургуудыг MPA.MN

 

БСШУЯ-наас “Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох” журмын дагуу судалгааны тэтгэлгийг 10 залуу эрдэмтдэд гардууллаа. Шагналыг БСШУ-ны сайд Л.Гантөмөр гардуулав. Уг тэтгэлгийн хэмжээ нь арван сая төгрөг бөгөөд 45 хүртэлх насны залуу эрдэмтдэд олгодог шагнал юм.

 

Тэтгэлэгийг 2010 оноос хойш 46 залуу судлаачид хүртээд байгаа аж. Уг тэтгэлэг нь залуу эрдэмтдийн судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, олон улсын түвшинд хүрсэн судалгааны ажлыг эхлүүлэх, оюуны өмчөөр баталгаажсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоход чиглэгддэг байна.

 

Энэ удаагийн тэтгэлгийг М.Одсүрэн, Б.Амарсанаа, Т.Аззаяа, Н.Наранцогт, М.Нарангэрэл, Э.Занабазар, П.Насанжаргал, Г.Чулуунаа, Ц.Билэгтсайхан, Т.Болормаа нар гардан авлаа. 

 

Шагнал гардуулах ажиллагааны дараа зарим эрдэмтдийн сэтгэгдлийг сонслоо.

 

 

“Тоглох явцдаа суралцахуйн арга зүйг сургуулийн өмнөх боловсролд нэвтрүүлэх технологи түгээлт” бүтээлээрээ тэтгэлэг авсан Г.Чулуунаа: 

 

-Уламжлалт тоглоом наадгайгаар дамжуулан сургуулийн өмнөх болон бага насны хүүхдүүдийг хүмүүжүүлж, хөгжүүлэх боломжийг судалсан. Бид Монголынхоо уламжлалт ардын сурган хүмүүжүүлэх үнэт зүйлээ мартах ёсгүй. Тэгэхээр бага насны хүүхдүүдийн сэтгэхүйг тоглоом наадгай гэсэн хэрэглэгдэхүүнээр нь дамжуулан хөгжүүлэх төлөвшүүлэх боломжийг гол зорилго болгож байна. Зөвхөн онол арга зүйн хувьд судлах биш МУБИС-ийн дэргэдэх сургалт үйлдвэрлэлийн төвд орчин үеийн хүүхэд багачууд болон нийгмийн хэрэгцээнд нийцсэн уламжлалт тоглоом наадгайн загварыг боловсруулж арга зүйг туршиж, технологи түгээлт хийх гэж байна.

 

 

 

 

 

 

 

 

“Улаанбуудайн болон түүгээр гурил үйлдвэрлэх үеийн хаягдал болох хивэгнээс наносиликагель материалыг гарган авах технологийн судалгаа”-аар тэтгэлэг авсан Н.Наранцогт:

 

-Силикагель гэж хувцас дотор байдаг ууттай үрлэн материалыг нэрлэдэг. Цахиурын оксид, химийн бодис агуулсан шингээгч материал юм. Өөрөөр хэлбэл шинээр ирж байгаа бүтээгдэхүүнийг хадгалж, чийг болон үнэрийг шингээх зорилготой. Тухайлбал “Говь” ХХК-ийн ноолууран бүтээгдэхүүнийг гадаад руу гаргахад малын үнээр үнэртээд байна гэдэг. Харин силикагель материалыг сайн хийж өгвөл үнэрийг нь дарж, шингээж авна. Тэгэхээр миний судалгааны ажил улаанбуудайн гурилны үйлдвэрээс хаягдаж буй малын тэжээл болгож ашигладаг хаягдлаас силикагель материалыг гаргаж авах зорилготой.  Боломж нь нээлттэй. Тэтгэлэгийн 10 сая төгрөгийг силикагелыг гаргаж авах технологийн судалгааны ажилд хэрэглэнэ.

 

 

 

 

“Цөөн биеийн бодлого ба хөнгөн цөмийн бүтэц” судалгаагаар тэтгэлэг авсан М.Одсүрэн: 

 

-Монгол Улсад цөмийн физик үүсээд 50 жил болж байна. Би цөөн биеийн бодлого, хөнгөн цөмийн бүтцийн судалгааны ажлыг гурван жилийн өмнөөс эхэлсэн. Судалгааны үр дүнд судалгааны материалын ашиглалтын хугацааг уртасгах нөгөө талаасаа од, нарны төвд явагддаг цөмийн урвалд хэрэгцээтэй байдаг өгөгдлүүдийг гаргаж авах онолын чухал ач холбогдолтой.

 

 

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Sudlaachdaa demjij bgaa ni zuv shuu. bayr hurgie
2015-11-03
buteegch:
Shaa shaa , amidral deer gants ch xeregleend nevtruulsen buteel buteegdehuungui garuudaar yaadgiin be.
2015-11-02
Tsolmon:
Saikhan zaluuchuudaaraa baharhaj baina. Ulam ikh gyalalzsan amjilt husie! Sudlaachiin hajuugaar erdem tugeerch baigaarai!
2015-11-02