Хэт даврагчдын мэдэгдэл зүгээр л суртал ухуулга
2015-11-03

Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах аль Сиси Британийн “ВВС” агентлагт сүүлийн үеийн асуудлаар ярилцлага өгчээ.

 

 

-Синайн хойгт Оросын зорчигч тээврийн онгоц осолдсноос болж олон улсын анхаарал Египет улсыг чиглэх боллоо?

 

-Зорчигч тээврийн онгоц осолдлоо гэх мэдээг хүлээн аваад би их гайхсан. Үнэхээр том гарз тохиолоо. Ослоор 244 хүн амиа алдсанд харамсч байна. Амиа алдагсдын дунд хүүхдүүд байсан гэдгийг сонсоод их шаналсан.

 

-Осолдсон онгоц Оросын агаарын тээврийн “Когалыавиа” компанийн “Airbus A321” онгоц байсан. Орос, Египет хоёр найрсаг харилцаатай байдаг?

 

-Египет зөвхөн найрсаг харилцаатай гүрнүүдэд анхаарал тавих нь утгагүй хэрэг. Туслалцаа, дэмжлэг хүссэн бүх гүрэнд найрсаг хандах болно.

 

-Энэхүү осолтой Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл холбоотой гэх мэдээлэл гарах боллоо. Энэ тухай?

 

-Хэт даврагчид осолтой холбоотой эсвэл гар бие оролцсон эсэх нь тодорхойгүй байна.

 

-Тэд өөрсдөө осолтой холбоотой хэмээн мэдэгдэж, онгоц осолдох үеийн бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулсан?

 

-Миний бодлоор тэдний мэдэгдэл зүгээр л суртал ухуулга.

 

-Баримтгүй мэдээллийг нийтэд түгээснээр хэт даврагчид танай улсад аюул учруулна хэмээн болгоомжилж байна уу?

 

-Худлаа, нэг талыг барьсан мэдэгдлээс болж Египетийн ирээдүйд ямар ч шалтгаангүй заналхийлэл авчрахаас түгшиж байна. Бүх зүйл баримттай бас баталгаатай байх учиртай.

 

 

-Египетийн Тээврийн яам болон аврах алба онгоцыг техникийн асуудлаас болж осолдсон гэсэн. Энэ мэдээлэл баттай юу?

 

-Дээрх мэдэгдлийн дараа би албаны хүмүүстэйгээ утсаар холбогдож, лавласан. Үнэнийг хэлэхэд, тэдний мэдэгдэл зөвхөн таамаг. Тун удахгүй бүх зүйл тодорхой болно. Оросын шинжээчдийг ямар ч саадгүйгээр ослын газарт ажиллагаа явуулахад манай тал туслалцаа, дэмжлэг үзүүлж байна. Мөн зорчигчид болон онгоцны сэг зэргийг Оросын Тээврийн яамны төлөөлөгчдөд хүлээлгэн өгөх ажиллагаа амжилттай үргэлжилж байгаа.

 

-Ослын газар зэвсэгт бүлэглэлүүд эсвэл хэт даврагчид нэвтрэх вий гэсэн айдас олон улсад бий?

 

-Бүх зүйл бидний хяналтад байгаа.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин