Улстөрчдийг битгий муул, зөвхөн соль
2015-11-04

ХҮН-ын УЗ-ийн гишүүн, намын салбар хороод, зохион байгуулалт хариуцсан нарийн бичгийн дарга О.Нарангэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

 

-Танай нам Халх голын 500 000 га газарт ХАА-н чөлөөт бүс байгуулахыг эсэргүүцээд байгаа ямар үндэслэлтэй вэ?

-Манай улсын хууль тогтоомжинд ХАА-н чөлөөт бус гэсэн нэгээхэн ч зохицуулалт байхгүй. Өмнөх Алтанбулаг болон Замын-Үүд зэрэг чөлөөт бүсээс манай улсад өгсөн өгөөж хаана байна. Өндөр үнээр барьсан хэдэн хоосон хашаа, орон тооны ажилчдын цалин зэрэг сул зардал л гарч байгаа. Дээр нь Чөлөөт бүсийн тухай хуулиар хил залгаа орны иргэд визгүй зорчино гэсэн заалт бий. Уг заалтын дагуу 500 000 га газар нутагт хэдэн гадны иргэн орж ирэх вэ? Улсынхаа нийслэл дэх гадаадын иргэдээ хянаж чадахгүй байж зүүн хязгаарт 1000 гаруй км-ийн цаадахыг хянана гэдэг эргэлзээтэй. Хамгийн гол нь манай намаас болон намын дэргэдэх хүрээлэнгээс томилсон ажлын хэсэг газар дээр нь очиж судалгаа хийгээд энэ нь эдийн засгийн болоод хүрээлэн буй орчны хувьд ашиггүй гэдэг урьдчилсан дүгнэлт гаргаад УИХ-ын 76 гишүүнд хүргүүлсэн байгаа. Хамгийн гол нь энэ 75 тоот тогтоол нь манай эрх баригчдын өөрсдийн баталсан Үндэсний Аюулгүй Байдлын үзэл баримталаа зөрчсөн байгааг бид УИХ-д хүргүүлсэн албан шаардлагандаа дэлгэрэнгүй тусгасан байгаа.

 

-Салбарын яамнаас өөр зүйл яриад байгаа шүү дээ?

-Салбарын яаман дээр яг юу яригдаж байгааг мэдэхгүй. Чөлөөт бүсийн асуудлыг чиг үүргийн хувьд Аж Үйлдвэрийн яам хариуцах ёстой. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад байгаа ХАА-н сайдын ярьсаныг хэлээд байна уу?

 

-ХХААЯ-ных...?

-Энэ нь яамны баримтлаад байгаа бодлого уу, сайдын хувийн шийдвэр, ганцаарчилсан тоглолт уу гэх мэт ойлгомжгүй олон асуудлууд байна. 2015.07.09-ны наадмын өмнөх өдөр УИХ-аас баталсан 75 тоот тогтоолын төслийг өргөн барьж шийдвэр гаргагч нарт танилцуулахдаа уул уурхайгаас хамгаална, мөн аймгийн эрх мэдэлтнүүд хууль бусаар газар их хэмжээгээр олгоод байна, үүнийг таслан зогсооно гэсэн ойлголтыг гишүүдэд өгч шийдвэр гаргуулсан юм билээ. Одоо болохоор шинэ технелоги нэвтрүүлэхийн сацуу эрчимжүүлсэн мал аж ахуйг хөгжүүлж, малыг эрүүлжүүлэн гадагшаа экспортлоно зэрэг өөр юм яриад байна. Харамсалтай бөгөөд эмгэнэлтэй нь их хөрөнгө зарж бий болгосон эрүүл малын махаа гадагшаа экспортлоод, дотооддоо Монголчуудаа өвчтэй малын махаа ид гэсэнтэй агаар нэг юм.

 

-Халх голын газрыг зарсан талаархи баримтыг дэлгэсэн байна лээ?

-Тусгаар улс юм бол улс шиг улс баймаар байна. Нэгэнт хууль бусаар газар олгосон гэдэг нь нотлогдсон бол буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэж, хуулийн хүрээнд шийдвэрийг цуцлуулах хэрэгтэй. Тэгж л хууль бус газар олголт, уул уурхайгаас хамгаалах гээд байгаа бол улсын тусгай хамгаалалтанд авч хамгаалах арга бий. Эдийн засгийн талаасаа гэж хэлэхэд Халх гол, Буйр нуурын сав газар бол асар үржил шимтэй газар бөгөөд өвс нь халиурч, өндөр ургадаг газар. Халуунд шумуул ихтэйгээс болоод мал нь тарга сайн авдаггүй хирнээ шумуул багасахаар богино хугацаанд дорхноо тэвээрэг авдаг. Энэ нь юуг хэлээд байна гэхээр малд идэмжтэй, шим тэжээл ихтэй ургамал голлон ургадаг гэсэн үг бөгөөд 500 000 га газарт асар их баялаг хөрсөн дээр ил байгаагийн баталгаа. Энэ бүс нутгийг улсын хэмжээний хадлан тэжээлийн нөөц бэлтгэх үүц газар болгож ашиглах боломжийг бас судлах нь зүйтэй. Ер нь энэ газар нутгийг ямар зориулалтаар ашиглах нь эдийн засгийн болоод байгаль орчны хувьд хамгийн оновчтой хувилбар гэдэгийг үнэлэх нь чухал. Жишээ нь хадлан, тэжээлийн нөөц газар болгож ашиглах, эсвэл бордооны аж ахуй тэнд нь байгуулаад экспортлох зэргийн Монголд хамгийн ашигтай хувилбар юу вэ гэдгийг баталж харуулах хэрэгтэй. Заавал чөлөөт бүс байгуулна гэхгүйгээр өөр маш олон боломжууд байна шүү дээ.

 

-Гадагшаа мах гаргаж, их ашиг олно гээд байсан даа?

-ХХААЯ-аас хийж буй олон ажлын нэг нь Монгол малын махыг гадагшаа экспортлож, улсад орж ирэх валютын нөөцийг өсгөе, малчдын амьжиргааг дээшлүүлэе гэх мэт. Үүндээ хүрэхийг зорьж 2 хөрштэйгээ яриа хэлэлцээ эрчимтэй хийж байгаа. Үүнийг бид дэмжиж байгаа. Өнөөдөр Монголын бэлчээрийн даац багадаа 2-3 дахин хэтэрсэн. Малын тоо толгой хэт их өсөж 52 сая боллоо. ГЭХДЭЭ ийм байгалийн унаган дүр төрхөөрөө байгаа бэлчээрийн өвс тэжээл идсэн эрүүл махыг хэрэглэх зах зээл жил ирэх тусам нэмэгдсээр байна. Манай бүх малын мах 2 хөршийн хэдхэн өдрийн хэрэгцээг л хангана. Бид эхлээд малын эрүүл ахуйн олон улсын стандартын шаардлага хангах хүртлээ малаа нийтээр нь эрүүлжүүлэх хэрэгтэй. Дараа нь бид масс зах зээл биш, шаардлага өндөртэй тэр хэмжээгээр үнэлэмж дээгүүр зах зээлд махаа гаргах нь илүү ирээдүйтэй баймаар. Энэ талаар манай намд боловсруулж байгаа хөтөлбөр бий. Ингээд үзэхээр ХАА-н хөгжлийн үндсийн үндэс нь БЭЛЧЭЭР-ийн газар нутаг.

 

-Яагаад бэлчээр гэж. Өөр олон хүчин зүйл бий байх?

-Монгол орны тусгаар тогтнолын баталгаа бол газар нутаг. Өргөн уудам энэ сайхан эх орны минь өнцөг булан бүрт байгаа малчид л нэргүй боловч харуулын үүрэг гүйцэтгэж байна. Малчдын амьжиргааны цорын ганц эх үүсвэр бол буянт 5 хошуу мал. Буянт мал оршин байхын ганц эх үүсвэр бол бэлчээр. Санаснаар болдог бол бэлчээрийн газрыг эзэнтэй болгомоор байгаа юм. Эзэнтэй болгоно гэдэг нь бэлчээрийн газрыг хувьчилах гэсэн үг огт биш. Одоо байгаа хууль эрх зүйн орчинд малчдын бэлчээрээ гэрээгээр ашиглах эрхийг эхний ээлжинд албажуулаад өгчихмөөр байгаа юм. Ингэвэл малчдын бэлчээртээ хайр гамтай хандах, бидний бэлчээр, зүй зохистой ашиглах хэрэгтэй гэсэн сэтгэлгээний чиг хандлага төлөвшүүлж эхлэх боломж байна. Мөн энэ замбараагүй уул уурхайн лиценз олголт, дээрхи ХАА-н чөлөөт бүс гэх мэт олон хууль бус үйлдлээс сэргийлэх боломж бүрдэх юм. Үүний бас нэг давуу тал бол тухайн малчин өөрийн гэрээт газрын бэлчээртээ тохирсон мал өсгөж үржүүлэх буюу малын тооны араас бус чанарын араас явах нь дамжиггүй. Үүгээр зогсохгүй малчид маань сайн дурын байгаль хамгаалагч болох бөгөөд өөрийн хариуцсан газрын хортон шавьж, шимэгч, үлийн цагаантай тэмцэх зэрэг ажлуудыг өөрсдөө хариуцсанаар улсын нуруун дээр ирэх дарамтыг асар хөнгөлөх боломжтой.

 

-ХҮН одоогоор хичнээн газар салбар хороо байгуулав,  гишүүд дэмжигчдийн тоо хэд болоод байна?

-Одоогоор нийслэлийн бүх дүүрэгт намын хороод байгуулагдсан ба баруун, төвийн болоод хойд бүсийн нийт 13 аймагт намын хороод байгуулагдан ажиллаж байна. Олон аймгаас бидний үйл ажиллагааг дэмжсэн хүсэлтүүд ирсээр байна. Арваннэгдүгээр сарын 15-ны өдөр гэхэд 21 аймагт намын бүтэц бүрэн байгуулагдаж дуусна. Энэ богинхон хугацаанд 10000 орчим намын жинхэнэ гишүүнтэй болоод байна.

 

-Намын жинхэнэ гишүүн гэж өөр гишүүнчлэл бий юу? Зарим улс төрийн хүчин намын гишүүнчлэлээс татгалзаж, зөвхөн дэмжигчдээр хүрээгээ тэлүүлэх бодлого баримтлах болж.  Энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ?

-Дэмжигч гишүүн гэж бий. Хэдийгээр манай намын үзэл баримтлал, үйл ажиллагааг дэмжиж байгаа хэдий ч тодорхой шалтгааны улмаас ил гарах боломжгүй, өөр намын гишүүн дэмжигч гишүүний статустай байж болно.

 

Өнгөрсөн хугацаанд манай эрх баригчид уул уурхай, эдийн засаг, гадны төсөл тендер гэж ярьсаар байгаад ХҮН-ээ хаячихсан. Бидний хаягдсан Монгол хүмүүс маш ухаантай ард түмэн. Юу ч хийхгүй зүгээр яриад, хараад шүүмжлээд суух хооронд манай улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд аюул учирсаныг ойлгосоны дээр иргэдийн итгэл, хүлээлт, дэмжлэг бол дөнгөж ажиллаж эхлэж байгаа намын хувьд бодсоноос өндөр байна. Манай нам яалт ч үгүй цаг үеийн шаардлагаар гарч ирж байгаа бөгөөд бид энэ их хүлээлт, итгэл, найдвар, дэмжлэг, хариуцлагыг нэр төртэй бөгөөд ёс зүйтэй, салбарын судлаач, мэргэжилтнүүдийн гаргасан тооцоон дээр суурилж хариуцлагтайгаар Монголоо аврах энэ цагийн үүрэгтэнгүүд. Нэг үгээр хэлбэл, хэтэрхий нээлттэй энэ нийгэмд чиглүүлэх хүмүүс хэрэгтэй

 

-Аюул учирсан гэж Э.Бат-Үүл даргын хэлээд байгаа ирэх хавар манайх Грек шиг болно гэдгийг хэлээд байна уу?

-Грек Монгол хоёрыг адилтгаж болохгүй. Грек бол Европын холбооны гишүүн улс. Холбооны улсууд нь дэмжих зэрэг гарах гарц олдоно. Манай хувьд өөр. Бид эдийн засгийн  хувьд бэхжээгүй бөгөөд гарцгүй болсон үед аврагч байхгүй. Өнөөдөр Монгол улсын гадаад өр бүтэн жилийн төсөв болоод ДНБ-ээс хол давчихсан 27 тэрбум ам. доллар буюу өнөөдрийн ханшаар тооцвол 54 их наяд төгрөгт хүрсэн.  Удахгүй бондын гэх мэт өндөр хэмжээтэй өр төлбөрийг төлж эхлэнэ. Манай улсад энэ өрийг төлөх мөнгө байхгүй. Манай нийт зээлийн ихэнхи нь аль нэг улсын хамааралд орвол Таджикистан улсын араас орох аюул өндөр байгаа нь хамгийн том аюулын харанга. Газар нутгаа өрөндөө өгөхгүй гэсэн баталгаа байхгүй.

 

-Иргэд улстөрчдийг муулсан, намаас залхсан байгаа энэ үед танай нам бусад намаас юугаар ялгаатай юм?

-Улс төрчдийг битгий муул, зөвхөн соль гэсэн улс төрийн алтан дүрэм байдаг.

Нэгд, Бид уураг тархитай буюу хамгийн оюунлаг нам. Монголын шилдэгийн шилдэг салбар салбарын судлаачид, мэргэжилтэнгүүд, докторууд цугласан нам. Энэ ч утгаараа дэргэдээ цорын ганц ТББ буюу бодлого судалгааны хүрээлэнтэй. Хүрээлэнгээс судалгаа тооцоонд суурилсан бодлого гарна. Нам бол хэрэгжүүлэхийн төлөө ажиллана.

 

Хоёрт, Бид хамгийн ёс зүйтэй нам байх болно. Манай намын бүх гишүүд үйл хэрэгтээ баримтлах зарчим болон ёс зүйн зарчимаа уншиж танилцсаны дараа зарчмыг ягштал баримталж ажиллана гэдгээ андгайлж тангараг өргөх бөгөөд зарчмаа зөрчвөл хариуцлага хүлээлгэх механизмыг тогтоосон нам.

 

Гуравт, ХҮН нам бол хэн нэгэн олигархиас хараат бус институц байна. Монгол орноо тэмүүлэлт хөгжлийн шинэ эринд хүргэх урт хугацааны алсын хараатай нам байна.

 

-Сүүлийн асуултыг таньд үлдээе.

-Бидний сайхан Эх орон өнөөдөр хүнд байдалд байгаа. Харьцуулж хэлвэл уушгины хүнд хатгалгаа тусчихсан. Амьсгал авахад зовиуртай, өндөр халуурч байгаа гэсэн үг. Даанч манай эрх баригч нар хамрын ханиад тусчихсан байна гэсэн онош тавьчихаад витаминхан зэргээр аргалаад байгаа нь харамсалтай. Энэ өвчин хүндэрвэл үхэлд хүргэх аюултай гэдгийг хэн хүнгүй мэднэ. Монголчууддаа хандаж хэлэхэд Хөдөлмөрийн Үндэсний Нам /ХҮН/-д оношоо зөв тодорхойлох докторууд байна, жорын дагуу эмчилгээг нь хийх сувилагчид нь байна, санаа нь зовж сэтгэл нь өвдөж байгаа ар гэр нь байна. Товчхондоо Монгол орноо хөгжлийн шинэ шатанд гаргах, иргэдээ сайхан амьдруулах арга зам бидэнд бий. 2016 онд бид бүх шатны сонгуульд оролцоно. Биднийг улам ихээр дэмжиж, Бидэнтэй нэгдэн Монголоо хамтдаа эмчилье, аварья гэж хэлж уриалмаар байна. 

Shuud.mn
Сонин хачин
ц ч........м:
Энэ Нарангэрэлийн хэлсэн улсторчийг битгий муул зугээр соль гэдэг угтэй санал нэг байнаа ер нь 25 жил бид сонгож узлээ энэ 2намыг одоо болсон бидэнд шинэ сонголт хэрэгтэй болоод байна тийм учираас Монголчууд шинэ сонголтийн толоо хамтдаа урагшаа
2015-11-04
Зочин:
uvs urgamal haliursan ter saihan gazriig maltaj bish hogjuulj boldoggu yum uu? gadniihan ochuuhen gazraa ch gesen hairlaad ulam hamgaalaad goy bolgodog baihad manaih zarhaa l bodood baidag. muu yum aa.Aylal juulchlaliin bus bolgood hogjuulj bolno shdee
2015-11-04
Зочин:
Mundag l bnashde. iim saihan medlegtei bolovsroltoi eh orno ard tumnee gsn setgeltei hun bval hen ch ugui gj helehguishd. Amjilt husey
2015-11-04
Зочин:
Дэмжиж байна
2015-11-04
Зочин:
олигархиудаас хараат бус байх л хамгийн чухал даа. нэг мэдхэд нэг хүний харааны нам болоод хувирчихгүй бол дэмжиж байгаа шүү.
2015-11-04
Зочин:
Burmaa avgai yun mah haashaa gargah gd bgan.tedniih eruul unetei mah iddeg ni tende l yum bgaz ard irgedee aytaihan mahaar buten hangaj chadku bj gadagshaa gargah gj yardag ni yu ve.
2015-11-04
Irgen:
Nam bus jiriin irgen bi veer ene namiig demjiheer shiidsen. Harin nam damjij karier huusun 2 nuurtenguud alia salbadai naraar namaa duurgeed itgel daahgui tenegtevee.
2015-11-04
лоло:
Монгол орны тусгаар тогтнолын баталгаа бол газар нутаг. улсад маань хамгийн ашигтай хувилбар юу байна гэдгийг баталж харуулах хэрэгтэй. Заавал чөлөөт бүс байгуулна гэхгүйгээр өөр маш олон боломжууд байна... ХҮН-ын залуучууд та нар энэ улс орны төлөө зөв зүйл хийж байна АМЖИЛТ хүсэе
2015-11-04