Дамжин суухад тусгай дуут дохио дуугарна
2015-11-04

Нийслэлийн нийтийн тээвэр цахим төлбөрийн системд шилжээд хоёр сарын хугацаа өнгөрч байна. НИТХ-аас шийдвэр гаргаж, энэ сарын 7 буюу ирэх бямба гаригаас эхлэн 30 минутын дотор дамжин суултыг үнэгүй болгосон. Дамжин суухад тусгай дуут дохио дуугарах бөгөөд энгийн, хүүхдийн, хөнгөлөлттэй зорчигчийн карт хамаарах юм байна.

 

 

Дамжин суухдаа анхаарах зүйлс:

 

Автобусанд суух, буух хооронд карт уншуулах хамгийн бага боломжит хугацаа нь 30 секунд байх бөгөөд үүнээс бага хугацаанд карт уншуулах тохиолдолд хөнгөлөлтийн эрх идэвхжихгүй.

 

Эхний автобуснаас буухдаа арын хаалганы карт унших төхөөрөмжид картаа заавал уншуулах ёстой бөгөөд  картаа уншуулсан хугацаанаас дараагийн автобусны орох хаалганы карт унших төхөөрөмжид картаа уншуулах хүртэлх хугацаа 30 минутаас бага байх ёстой.

 

Дамжин суултын хөнгөлөлтийг эдэлсний дараа дахин суухад энгийн тарифаар төлбөр төлөгдөнө. Дахин дамжин суултын хөнгөлөлт эдлэхийн тулд эхний хөнгөлөлт эдэлсэн хугацаанаас хойш 4 цагийн дараа дамжин суухад хөнгөлөлт эдлэх боломжтой болно.

 

Олон хүний төлбөр төлсөн картын тухайд дамжин суухдаа ижил тоогоор дахин уншуулах эсвэл карт эзэмшигч ганцаараа уншуулсан тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжтой. Харин эхний төлбөр төлсөн хүний тооноос их бол хөнгөлөлт эдлэхгүй.

 

Нэг чиглэлийн автобуснаас буугаад өөр чиглэлд суусан тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжтой. Эргээд тэр чиглэлийн автобусандаа суух тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй.

 

Дамжин суултын хөнгөлөлтийн хэмжээ нь энгийн карт 500 төгрөг, хүүхдийн карт 200 төгрөг байна. Өөрөөр хэлбэл автобусны үнэ том хүн 500 төгрөг, хүүхэд 200 төгрөг байх нөхцөлд бүрэн хөнгөлөгдөнө. Харин хот орчимын чиглэлд жишээ нь:  автобусны үнэ  700 төгрөг байвал 500 төгрөг хөнгөлөгдөж 200 төгрөгийн төлбөр төлөлт хийгдэнэ.

Shuud.mn
Сонин хачин