Чадамжийн төв байгуулна
2015-11-05

Хөдөлмөрийн яам, “Оюутолгой” компани, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ-тэй 2019 он хүртэл хамтарч ажиллахаар өнөөдөр санамж бичиг байгууллаа.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Санамж бичигт Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, “Оюутолгой” компанийн Ерөнхийлөгч Эндрю Вүүдлий, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ-ийн Монгол дахь суурин дахь төлөөлөгч Улрике Эбелинг нар гарын үсэг зурсан юм.

 

Санамж бичгийн зорилго нь Монгол Улсын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтыг аж үйлдвэрийн эрэлт хэрэгцээ, олон улсын стандартад нийцүүлэх, түншлэл, хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэх явдал бөгөөд энэ хүрээнд Дорнод, Дархан-Уул, Өмнөговь аймаг дахь Политехник коллежуудад түшиглэн тодорхой мэргэжлээр Чадамжийн төв байгуулах гэнэ. Тухайлбал, Дорнод аймаг дахь Политехник коллежид үйлдвэрлэлийн механик, хүнд машин механизмын засварчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон байгаль орчны хамгааллын чиглэлээр, Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний  Политехник  коллежид цахилгаан, уулын ашиглалт, мехатроникийн чиглэлээр, Өмнөговь аймаг дахь Политехник коллежид гагнуур, үйлдвэрлэлийн механик, автомашины механик, хүнд машин механизмын операторын мэргэжлийн чиглэлээр Чадамжийн төв байгуулахад талууд хамтран ажиллана.

 

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан энэ үеэр талуудад хандаж, “Мэргэжлийн боловсрол олгох сургалтыг олон улсын жишигт хүргэх нь чухал. Тиймээс бид өнөөдөр Дорнод, Өмнөговь, Дархан хотод Политехник коллежид Чадамжийн төв байгуулах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ төвийг байгуулснаар зах зээлд эрэлт хэрэгцээтэй мэргэжлийг бэлтгэж байгаа анги танхимуудад тоног төхөөрөмж нийлүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, дэмжлэг туслалцаа үзүүлэх юм. Энэ дашрамд хэлэхэд санамж бичиг байгуулсан “Оюутолгой” компани, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ -д талархал илэрхийлье” гэлээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
zochin:
MoU-giin xavtas n Ministry of Labour gej baij boloxgui shvv dee
2015-11-05