Төсвийн байнгын хороо хуралдаж байна
2015-11-06

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар  2016 оны улсын  төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Өглөө 09.00 цагт хуралдах байнгын хорооны хуралдаан хойшилж, 11.30 цагт хуралдсан юм.  Ирэх оны төсвийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналыг шийдэхээр байв.

 

Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан УИХ-ын гишүүн Д.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг Монгол Улсын 2016 оны төсвийн хуулийн төсөл дээр ажиллах шатанд шүүгчид болоод төрийн байгууллагынхны цалинг хасахгүй хэвээр үлдээхээр шийдсэн байна. Мөн төсвийн алдагдал ДНБ-ийн 3 хувиас хэтрэхгүй байхаар төлөвлөжээ.

 

Хэлэлцүүлэг эхлэхэд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар “Байнгын хорооны хуралдаан дээр бүлгийн гишүүдээс гаргасан саналуудыг татаж авахаар шийдсэн” гэх мэдэгдэл нь гишүүдийн дунд маргаан дэгдээсэн юм.

 

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийг төлөөлж Д.Тэрбишдагва гишүүн “Бүлгийн гишүүдээс гарсан саналыг татан авах талаар бүлгийнхээ төвшинд яриагүй учраас боломжгүй” гэдгээ мэдэгдэж, мөн Төсвийн байнгын хороог ажил хэрэгч байдлаар 2016 оны төсвийн хуулийн төслийг хэлэлцэхийг хүссэнээр хуралдаан үргэлжилсэн.

 

Байнгын хорооны гишүүд зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцээд түр завсарлаад байсан юм. Учир нь  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай байлаа. Чуулганы нэгдсэн хуралдааныг дундуур Төсвийн байнгын хороо дахин хуралдахаар болсон юм.

 

Тус байнгын хорооны гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн мэдээллийг сонссоны дараагаар дахин хуралдаж, ирэх оны төсвийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин