Итгэлцэлгүй улс төр
2015-11-09

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан Батзаяаг баривчилж, ЭМС-ын сайдыг албан өрөөндөө байхад нь нэгжлэг явуулж, их хэмжээний мөнгө илрүүлэн саатуулж, улстөрчид  амралтын өдрүүдээр тойргийн сонгогчидтойгоо уулзалт хийх  “нэгж”-тэй урилга илгээж, тарсан, задарсан улс төрийн хүчнүүд эвлэлдэх эсэхээ хэлэлцэн сэм уулзалдах, шилдэг 100 залуу улстөрчдийн номинаци зэрэг улс төрийн үйл явц, улстөрчдийн үйл хөдлөл ирэх жилийн сонгууль их л ойртсоныг олон нийтэд өдөр бүр сануулж байна. 

 

Өдөр ирэх бүр л энэ үйл явц улам идэвхжиж сонгуулийн жил гарсны дараа өглөө сэрэхэд, өдөр үдийн  цагаар, орой унтахын өмнө сануулж, уриалж, үүдний хонх тасралтгүй дарж, утсанд дуудлага үргэлжилж, ФС, ТВ элдэв сурталчилгаагаар дүүрч, гэрээс гарахаас эхлээд автобусны зогсоол, гудамж талбайд “smile” улстөрчид, горилогчид мэнд мэдэн хүн цочоож, гацааж мэдэхээр дэг. Мичин жилийн сонгуулийн өнгө мөн ч элдэвтэй байх дүр зурагтай.

 

 

Засгаа авч үлдэх АН-ын сүүлчийн найдвар

 

Улс төрийн хүчнүүдэд эв нэгдэл, итгэлцэл үнэндээ алга. Үүнийг парламентад суудалтай улс төрийн хүчнүүдийн үйл хөдлөлөөс жишээлэхэд хангалттай. Итгэлцэлгүй бол эвсч хамтраад ч нэмэргүйг улс төрийн үйл явдал харууллаа.

 

Эрх баригч хүчин дэх фракц бүлэглэлүүдийн зөрчилдөөнөөс АН-ын нэр хүнд навс унаад байгаа.   Уг нь нэг нам дангаар Ерөнхийлөгчийн, хууль тогтоох, гүйцэтгэх гэсэн төрийн гурван засаглалыг удирдаж байгаа нь том нэр хүнд, хариуцлага, боломж, эрх мэдэл. Харамсалтай сонгогчдын олгосон энэ боломжийг ашиглан АН өнгөрсөн хугацаанд улс орны хэмжээнд зүтгэн, алсыг харж ажилласангүй. Албан тушаал эрх мэдлийн төлөөх намын жижиг зөрчлөөсөө хальж чадсангүй алдаж, бусдын өгөөш ч болгож байгаа. АН бүлэглэлүүдийн зөрчлөөсөө салахгүй бол тэмцэл нь задралаар үргэлжлэхийг нийгэм гадарладаг. Ер нь өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг, нийгэмд ч танигдсан АН-ын алдаа бол олон фракц, бүлгийн тэмцэл. Энэ алдаагаа тус намын үе үеийн удирдлагууд ардчилал, эрх чөлөөний зарчмаар халхалдаг байсан хэдий ч эдүгээ зангараггүй гишүүдийнхээ авир, аашийг дийлэхээ байсан. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд АН-ын даргаар томилогдсоныхоо дараагаар “АН одоо ямар ч фракцгүй улс төрийн хүчин болно” хэмээн онцолсон удаатай. Харамсалтай  нь тус намын аппарат дотор байтугай УИХ дахь АН-ын бүлэг  өнөөдөр “Алтангадас”, “Нэг ардчилал”, “Шонхор”-ынхон хэмээн шийдвэр гаргахад фракцаараа талцсан хэвээр. Н.Алтанхуягийн Засгийн газрыг бусад улс төрийн хүчин бус АН-ын гишүүд хуралдаандаа оролцолгүй бултсанаар огцруулсан бол Ч.Сайханбилэгийн “Тавантолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээний төсөл өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байгаа нь мөн л  өөрийнх нь намын гишүүдтэй холбоотой. Тэр байтугай “Тавантолгой”-г гацааж, Засгийн ажлыг хойш чангаасандаа баяртай байдгаа ажлын хэсгийг ахалсан гишүүн тааламжтай нь аргагүй  ярьсан байна лээ.

 

Бүтээн байгуулалтын намыг АН-ын экс дарга Н.Алтанхуяг хэсэг нөхдийн хамт байгуулах гэж байна гэсэн яриа намжаагүй байхад Х.Баттулга гишүүн МоАХ-гоо аваад намаасаа гарах нь гэсэн шуугиан дэгдлээ. Х.Баттулга гишүүний тэргүүлдэг МоАХ бол намдаа хүчтэй багийн нэг.

 

Зам тээврийн сайд байсан Д.Батзаяаг баривчлахад гишүүн Х.Баттулга “Баялаг булаацалдсан, эрх мэдлийн төлөөх зохион байгуулалттай  асуудал хөвөрч байна. Намайг ч удахгүй шалгана” хэмээсэн. Энэ баривчилгаа түүнд МоАХ-гоо аваад намаасаа гарах бодол төрүүлсэн байх магадлалтай. АН-ын МоАХ-ноос  801 хүний гарын үсгийг эрж хайж бус шилж сонгож байгаад л зуруулчихна, төвөггүй ажил.

 

Улс төрийн намууд ирэх сонгуулийн бэлтгэлдээ гараад эхэлчихсэн энэ үед эрх баригчид дахин алдахыг хүсэхгүй, тэнцвэрээ хадгалахыг хичээж байгаа нь илт. АН-ын хамгийн гол зарчим хийгээд сүүлчийн тэнцэл нь Засгийн газрыг огцруулахгүй байх бодлого. Тиймээс ч огцрох дээрээ тулаад байгаа Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг ямар ч аргаар хамаагүй тогтвортой барих. Учир нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулвал ирэх жилийн сонгуулийн дараагаар  АН  хичнээн хичээгээд ч гудамжинд лааз өшиглөхөд хүрнэ. Тэдэнд лааз өшиглөж явсан гашуун дурсамж ч бий. Тиймээс сөрөг хүчний, зарим УИХ-ын гишүүний зүгээс ирэх дайралтад өртчихгүй Засгийн газраа тогтвортой байлгах дээр АН-ын удирдлагууд бат зогсохоор шийдсэн бололтой. Өнгөрсөн хугацаанд фракцаар бус багийн дүрмээр тоглосон бол өнөөдөр мянга хашгираад ч нэмэргүй асуудалд ээрэгдэхгүй байсан байж болох шүү дээ, эрх баригчид. Засгийн газар тогтвортой байх эсэх нь ганцхан эрх баригчдаас хамаарахгүй. Засаг тогвортой байх эсэх нь хамтарсан  “Шударга ёс” эвслээс, МАХН-ын дарга Н.Энхбаяраас хамаарах болоод байгаа.

 

 

Эвсэл Н.Энхбаяризмын бодлогоор урагшаа

 

Хэрвээ Г.Уянга гишүүний Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахад саналд 19 гишүүний гарын үсэг бүрдсэн тохиолдолд, МАН-ын гишүүд Засгийн эсрэг кнопыг инээж байгаад л дарчихна.

 

Цаашлаад ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбын баривчилгааг ч эрх баригчидтай холбон тайлбарлаж байгаа. Хэдийгээр Г.Шийлэгдамба сайд АН-ынх бус МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ч Засгийн газрын танхимын гишүүнийг баривчилсан нь зохион байгуулалтай асуудал гэж ажиглагчид үзэж байна. Учир нь тэнцвэрээ олж ядан яваа Засгийн газрыг түлхэх мянган шалтгааны багтаан, Засгийн газрын гишүүн нь авилга авсан гэх муу нэр луу данстай болгон нийгэмд таниуллаа.

 

Парламент дахь сөрөг хүчин эрх баригчид руу давшлах бодлогыг 2012 оноос хойш тасралтгүй хийж байгаа. Одоо бол энэ тэмцэл бүр ч хүчтэй явагдана. Харин Засгийг тогтвортой байлгах улс төрийн нэг тулгуур нь МАХН-МҮАН-ын хамтарсан “Шударга ёс” эвсэл. Тэр дундаа “Шударга ёс” эвслийн АН-тай хамтарч Засгийн газарт ажиллах гэрээ байгуулах ажлын хэсгийг МАХН-ын дарга Н.Энхбаяр ахалсан. Өнгөрсөн хугацаанд тус эвсэл Засгийн газарт байнга хамтарч ирсэн. Гэхдээ энэ удаад “Шударга ёс” эвслийн зүгээс, тэр дундаа МАХН-ын даргын зүгээс эрх баригчдад тулгасан болзол гэдэг.  Уг болзлыг Өршөөлийн хуультай холбон тайлбарладаг. Энэ хуулиар МАХН-ын даргыг өршөөж ял шийтгэлгүй болгох нь гэсэн мессэж тархсан. Өршөөлийн хуульд  авлига, албан тушаалтай холбоотой хэргүүдийг хамруулах байсан боловч Ерөнхийлөгч хориг тавьснаар бүтээгүй. Тиймээс хоёр намын хооронд хийгдсэн гэрээ хэлэлцээний зарим заалт зөрчигдсөн гэж үг. АТГ-аас ЭМС-ын сайд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Н.Энхбаярын баруун гар Г.Шийлэгдамбыг баривчилсан нь АН-ын хувьд хамтарсан намын эсрэг хийсэн үйлдэл. Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хөдлөнгөөс оролцож болохгүй гэж цаасан дээр хуульчлагдсан байдаг ч амьдрал өөр. Тиймээс өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаярын зүгээс АН-ын эсрэг улс төрийн ямар довтолгоо хийхийг ажиглагчид сонирхон харж байна.

 

Н.Энхбаярыг улс төрийн алсын хараатай нүүдэл хийдэг гэж аль ч намынхан хүлээн зөвшөөрдөг. МАН, МАХН-ын ахмад гишүүд хоёр намаа нэгдэхийг зөвлөж уулзалт хийсэн нь Г.Шийлэгдамбыг баривчлах улс төрийн захиалгат үйлдэл боллоо гэж МАХН-ын  нарийн бичгийн дарга ярьж байсан. МАХН дээгүүрээ эрх баригчидтай хамтарч гар барьчихаад доогуураа сөрөг хүчинтэй нэгдэх алсын бодлого агуулсан нь АН-ынхны зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргэсэн үйлдэл байсан биз. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр гэгчээр  “Шударга ёс” эвслийн хувьд АН-тай хамтарч, Засгийн газарт байх нь өгөөжтэй хувилбар. Харин маргаашаа бодвол АН-тай хол явахгүй гэдгийг хэн хэн нь бодолцсон биз. Тиймээс ч  МАХН угшлаа дагахдаа бус улс төрийн цаг үеийн нөхцөл МАН-тай эргээд нэгдэх нь ирэх сонгуулиар “best” сонголт болно гэж тооцоолсон ч байж магадгүй.

 

АН-ынхан сөрөг хүчнийг Засгийн газартаа уриад төд удалгүй хөөчихсөн. Магадгүй ирэх оны эхэнд МАН өөрсөдтэй нь адил алхам  (2012 оны эхэнд, сонгуулийн жилээр АН-ынхан МАН-тай хамтрахгүйгээ мэдэгдэн Засгаас гарч байсан) хийж магад гээд түрүүлж хөдөлсөн ч байж мэдэх. Харин эрх баригчид “Шударга ёс” эвслийг хэрхэхийг тооцоолсон болов уу.  Улс төрийн үйл явцаас харахад “Засгийн газартай хамтрахгүй” гэсэн гуравхан өгүүлбэрийг эвслийн бүлгээс мэдэгдэхэд Засгийн газраа тогтвортой байлгахаар хичээж байгаа эрх баригчдын бодлого нурна. Учир нь сайд Г.Шийлэгдамба Засгийн газрын гишүүнээс өөрийн хүсэлтээр татгалзсан. Тиймээс МАХН-аас Засгийн газрын гишүүнийг томилох хүний нэрийг оруулж ирэхээр байгаа. Хэрвээ МАХН ирэх сонгуулиар МАН-тай нэгдэх тохироондоо хүрчихвэл АН-тай хийсэн гэрээ цуцлагдаж, Засгаас гарах биз. Улс төрийн шинэ хүчнийг сонгууль болохоос 6 сарын өмнө байгуулна гэж заасан байдаг. Харин хоёр улс төрийн хүчин  сонгууль болохоос 6 сарын өмнө нэгдэнэ гэсэн заалт байхгүй. Тиймээс шинэ оны, магадгүй Цагаан сарын дараагаар ч МАН, МАХН хоёр нэгдэхийг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь цаг хугацаа бус улс төрийн тохироогоо хэрхэн хийхээс шалтгаална.  Хэрвээ МАХН МАН-тай нэгдвэл “Шударга ёс” эвсэл задарна. Эвсэл задарна гэдэг нь Засгийн газар ч огцорно гэсэн үг.

 

Засгаа авч үлдэх АН-ын бодлого, Ч.Сайханбилэгийг унагаах МАН-ын дайралт дунд “Шударга ёс” эвслийн байр суурь хүч түрэх  цаг үеийн тохироо бүрдлээ. Цаашлаад  улс төрийн нөхцөл байдал МАХН-ын дарга, өршөөгдөөгүй Н.Энхбаярыг хэрхэн хөдлөх,  ямар үйлдэл хийхээс хамааралтай болоод байна.

 

УИХ энэ долоо хоногт багтаан 2016 оны улсын төсвийг батлах хуультай. Ирэх оны улсын төсөв хуулийн хугацаандаа батлагдах нь тодорхой. Харин энэ парламентын баталсан төсөв амьдрал дээр хэрхэн хэрэгжихийг төсөөлшгүй. Учир нь сонгуулийн жилийн төсөв амьдралд хэрэгжээд байдаггүй бичигдээгүй хуультай билээ. Тэгээд ч улстөрчид улсын төсөв, мөнгөний бодлого, эдийн засаг ямар байх вэ  гэхээсээ илүүтэй улс төрийн үүсээд байгаа нөхцөл байдалд л санаа тавьж, оюунаа чилээгээд байна даа.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
ҮНДСЭН ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА:
Баярцогт, Гончигдорж, Батбаяр мэтийн увайгүй урваач шарваач гишүүд үндсэн хуульд минь гар дүрж нэг намын диктатор засаглал тэр битгий хэл жагсаалтын гишүүдийн хаанчлал мэт бурангуй засаглалыг тогтоох гэж байна. Тэдний санаачилсан үндсэн хуулийн өөрчлөлт батлагдвал УИХ-дахь олонхийн саналаар Ерөнхий сайд, УИХ-ын дарга тэр битгий хэл Ерөнхийлөгчийг тэд томилдог болох нь. Ингэснээр ард түмэн Ерөнхийлөгчөө сонгож чадах аа больж, намд нэр нөлөөтэй олигархиуд, намд хандив өгдөг баячууд төрийг үе улиран хүссэнээрээ удирдах цаг ирэх нь. Энэ хууль батлагдавал УИХ-ын гишүүдий тоо 76-99 болж тэр хэмжээгээрээ жагсаалтаар төрд шургалдаг хулгайч, дээрэмчин авилгалчдын тоо нэмэгдэнэ. Тэднийг ард түмэн биш намын дарга нар томилно. Нэг ёсондоо ард түмнээс сонгогдоогүй атлаа, ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын дарга болж үндсэн хуулийн гол зарчим сонгох сонгогдох эрхийг минь дордуулсан аймшигтай хуулийг тэд санаачилжээ. Ард түмэн минь үүнийг л батлуулахгүй юмсан. Энэ хуулийг ор үндсээр нь буцааж, эдгээр
2015-11-09
зочин:
албан тушаалд очиж төрөөс мөнгө идэхийн тулд юу ч хийхээс буцахгүй болсон улсуудын хийж байгаа ажил шүү дээ Эдэнд итгэсэнээс нохойндоо итгэж явсан нь дээр гэдэг үг санагдаж байна даа
2015-11-09