Н.Отгонбат: “Их хотын залуус”-ын хайр дурлал, алдаа онооны тухай сонирхолтойгоор өгүүлнэ
2015-11-09

"Боловсрол суваг ТВ"-ийн уран бүтээл хариуцсан захирал, "Их хотын залуус" ОАК-ны ерөнхий продюсер Н. Отгонбаттай шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. 

 

 

-“Боловсрол” телевизийн шинэ уран бүтээл “Их хотын залуус” кино дэлгэцээр гарахад бэлэн болсон байна. Кинонд юун тухай өгүүлэх вэ?

 

-“Их хотын залуус” бол манай телевизээс гаргаж буй долоо дахь олон ангит кино. Өмнө нь “Хайрын эрэлд”, “Наран мандах нутаг”, “Хувь тавилангийн ээдрээ”, “Гурван найз”, “Мөрдөгч”, “Хөгжилтэй гэр бүл” зэрэг бүтээлийг үзэгчдэдээ өргөн барьсан. Гуч орчим настай гурван эмэгтэй, гурван эрэгтэйгийн амьдралын тухай өгүүлнэ. Тэдний хайр дурлал, алдаа оноо болон өнөөгийн нийгмийн бодит байдлыг хөгжөөнтэй байдлаар харуулна. Кино маань даваагаас баасан гараг бүр 22:10 цагаас “Боловсрол суваг” телевизээр гарах юм. Зураг авалт дөрвөн сарын хугацаанд үргэлжилсэн. Ингэхдээ жар орчим хувийг нь павилонд хийлээ. KFC, Мобиком компанийн салбаруудыг бодит мэтээр павилонд хийж, зураг авсан. Яг бодит газар дээр зураг авалт хийхэд бага зэрэг хүндрэлүүд гардаг байсныг павилонд хийснээр үгүй болгож байгаа нь том давуу тал.

 

-Яагаад инээдмийн төрлөөр кино хийх болов?

 

-Телевизийн хамгийн олон үзэгчтэй контент бол олон ангит кино. Манай телевиз энтертайнмент чиглэлийн уран бүтээл туурвидаг. Аливаа хар бараан зүйл байдаггүй. Үзэгчдэдээ бухимдал ихтэй, хар бараан нь давамгайлаад байгаа энэ нийгмээс түр ч гэсэн холдож, эерэг зүйл үзэх, оюунаа амраах мөн танин мэдэхүйн шинэ мэдээ мэдээллийг авах боломж олгохыг зорьдог. Иймээс инээдмийн чиглэлээр, тэр дундаа ситком (sitcom) чиглэлээр хийж байна.

 

-Ситком гэдгийг тайлбарлаж өгөхгүй юү. Энэ нь инээдмийн кино дундаа ямар онцлогтой юм бэ?

 

- Анги бүр нь сонирхолтой, дэд сэдэвтэй байдаг. Ситком төрлийн киноны онцлог нь тэр л дээ. Тухайлбал, “Их хотын залуус” кино дээр гурван залууд болон гурван бүсгүйд өөр өөр адал явдал, шийдэх асуудал гарах юм. Ерөнхий нэг зохиолын дагуу явах ч дэд сэдвүүдтэй болсноор зөвхөн нэг үйл явдал үргэлжлээд байх биш шинэ өнцгүүд гарч ирж байгаа. Нэг ангид хоёр сэдэв гэхээр дөчин ангийн турш наян өөр үйл явдал өрнөнө гэсэн үг. Тэгэхээр тун сонирхолтой байх болно.

 

-Кино багт ямар уран бүтээлчид ажиллав?

 

-Өмнө нь “Гурван найз”, “Хөгжилтэй гэр бүл” кинонуудад ажиллаж байсан хүмүүстэйгээ дахин хамтарсан. Маш сайн гар нийлдэг. Ерөнхий найруулагчаар Сувидын Баттулга, гол дүрүүдэд “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин, Г.Нарансолонго, Д.Түвшинтөр, Б.Ариунцэцэг, Г.Эзэнмөнх нар тоглосон. Мөн “Шинэ үе” продакшний жүжигчин Ц.Ганбаяр, жүжигчин Д.Оюунтуул, Д.Ганцэцэг, СТА Г.Ундармаа зэрэг уран бүтээлчид тоглосон. Мөн Монгол улсын ардын жүжигчин Г.Мягмарнаран, Монгол Улсын ардын жүжигчин Ж.Лхамхүү нар тоглосон нь бидний хувьд нэр хүндийн хэрэг байлаа. Түүнчлэн “Мөрөөдлийн театр” продакшны жүжигчин Д.Баттөмөр, Г.Алтаншагай,  жүжигчин Б.Анхбаяр, “Шинэ үе”, “Х Түц” продакшны залуу уран бүтээлчид гээд нэлээд олон урлаг соёлын алдартан оролцон тоглосон.

 

 

-“Их хотын залуус” кинонд тоглож байгаа дүрүүд болон ерөнхий агуулга нь “Гурван найз”-тай төстэй санагдаж байна. Юугаараа ялгаатай болсон бэ?

 

-“Гурван найз” кино бол гуч хүрэх гэж байгаа найзуудын нөхөрлөлийн үнэ цэнэ, хайр дурлалын тухай өгүүлсэн. Тэд бол амьдрал ахуй нь хараахан тогтоогүй залуучууд, мөн хайраа хайж байгаа хүмүүс шүү дээ. Харин энэ кинонд нийгэмд аль хэдийнэ байр сууриа олсон, амжилттай яваа, гэр бүл зохиох насан дээрээ ирсэн зургаан залуугийн тухай өгүүлж байгаа. Ер нь үзэгчид киногоо үзээд үнэлэлт дүгнэлтээ өгч, ялгааг мэдэж авна. 

 

-Хамтран ажилласан байгууллагууд?

 

-Кино бол хамтын уран бүтээл шүү дээ. Тэр утгаараа хамтран ажиллагч байгууллага, ивээн тэтгэгч нартаа маш их талархаж байгаагаа хэлмээр байна. Киноны ерөнхий ивээн тэтгэгчээр  “Мобиком” корпораци, ивээн тэтгэгчээр “Таван Богд Трейд” ХХК KFC брэндээр, “Таван богд Интерэйшнл” ХХК Мами поко брэндээр  “Некст Электроникс” ХХК Samsung брэндээр болон “Ай энд Эр Монголиа” ХХК зэрэг байгууллагууд ажилласан.  Эдгээр хамт олон бол урлаг соёлыг тууштай дэмжиж, кино урлагийн онцлог, түүний үр нөлөөг ойлгодог.

 

-Цаашид олон ангит киноны төслүүд үргэлжлэх үү?

 

-Сүүлийн үед телевизийн олон ангит киноны хөгжил эрчимжиж байна. Дээр дурдсанчлан манайх хэд хэдэн уран бүтээл хийсэн нь үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа. Иймээс энэ амжилтаа бататгах, цаашид ахиулахын төлөө илүү чанартай, сайн уран бүтээл хийхийг зорьж байна. Цаашид телевизийнхээ бодлоготой уялдуулан олон сайн уран бүтээл гаргана. Одоогоор манайх жилд хоёр олон ангит кино хийж байгаа. Үүнийхээ тоог нэмэгдүүлэх боломж бий. Тиймээс хүч бололцоогоо дайчлан ажиллана. 

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Amjilt husie
2015-11-10