Сонгогчдын ирцийн асуудлаар хамтран ажиллахад бэлэн байна гэв
2015-11-10

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Цог жавхлант Хатан хааны Элчин сайд Катрин Арнолдыг өөрийнх нь хүсэлтээр даваа гарагт хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр СЕХ-ны дарга сонгуулийн эрх зүйн орчин, тогтолцоо, сонгуулийн байгууллагынхаа талаар түүнд танилцуулав.

 

Элчин сайд Катрин Арнолд өөрийн орны болон гадаад орнуудын сонгуулийн туршлагаас дурдаад ялангуяа дэлхийн ихэнх улс оронд тулгамдаад буй сонгогчдын ирцийн асуудал дээр монголын сонгуулийн байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ мэдэгдлээ. Түүнчлэн Английн сонгуулийн төв байгууллагын төлөөлөгчдийг Монголд айлчлуулах, харилцан туршлага судлуулах зэрэгт  анхааран ажиллах талаар ярив.

 

Уулзалтын үеэр тэрээр, Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн ардчиллын  үнэт зүйлсийг сонгогчдод хүртээж,  сонгуулийн үйл ажиллагааг богино хугацаанд шинэчлэн боловсронгуй болгож, түүнийг бүрэн автоматжуулан амжилттай зохион байгуулж чадсан хэмээн үнэллээ. Мөн Лондон хотод төвтэй Олон улсын парламентын судалгааны төвөөс дэлхийн шилдэг сонгуулийн байгууллагад олгодог 2013 оны шагналыг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо хүртсэнийг таашан хүлээн авсан гэдгээ онцлон тэмдэглэв.

Shuud.mn
Сонин хачин