Хөрөнгө оруулагчид “ааштай авгайн авир”-аас залхаад гарч эхэллээ
2015-11-10

Эдийн засгийн хямралыг хохирол багатайгаар хэрхэн яаж давж гарах асуудал толгойны өвчин хэвээр. Ирэх оны төсвийг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэж буй байдлыг ажиглаж байхад сэтгэл сэргээж, нүд баясгам тоо ер харагдсангүй. Дандаа л алдагдал ярьж, татварын хувь хэмжээг  нэмэхгүй бол явахгүй нь гэсэн улс.Өнгөрсөн жилийн өдийд  Оюутолгойн асуудлыг шуурхай шийдчихвэл эдийн засгийн өсөлтөд ахиц гарна хэмээж байсан санагдана. Оюутолгойн далд уурхай ашиглалтад орсон чинь Тавантолгой  руу асуудлыг хандуулж орхих юм.  Тэгэхээр  Монгол  Улсын эдийн засгийн оршин байх хэлбэр нь яалт ч үгүй эрдэс баялгийн салбар байгаа биз. Одоогоос дөрвөн жилийн өмнө тодруулбал, 2011 онд эрдэс, түүхий эдийн  үнэ тэнгэрт хадахад түүнд хөөрсөн  монголчууд “Үдийн будааны халуунд малгайгүй цэрэгт мордов” гэгчээр газарт буухгүй юм шиг л дэвхцэцгээж байсан бол өдгөө хий нь гарсан бамбөг шиг шалдаа буун шалчийж орхисон.  
 

 

Энэ  нь бид  уул уурхайн салбараасаа дэндүү хараат байгаагийн бодит жишээ. Уг нь  холыг хардагсан бол эдийн засгийн болзошгүй эрсдэлтэй  байнгын бэлтгэлтэйгээр нүүр тулах  ёстой байв. Ирэх онд ч байдал дээрдэхгүй нь бололтой. Манай улсын эдийн засаг, бизнесийн гол түнш БНХАУ-ын эдийн засгийн төлөв байдал 2016 онд бага зэргийн бууралттай гарсан. Эрдэс баялгийн түүхий эд экспортлогч улсын хувьд эдийн засагт, тухайлбал нүүрс, зэс зэрэг бүтээгдэхүүний экспортын хэмжээ, үнэ ханшид  шууд нөлөөлж таарна. Хятад  манай эрдэс баялгийн гол худалдан авагч нь болохоор тэр. Баялгийн үнэ буурч болно.


Энэ нь дэлхийн зах зээлд ерөнхийдөө байдаг үзэгдэл. Харин хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаж болохгүй. Бусдын илтгэлийг алдах муухай. Энэ л бидний сэтгэлийг зовоож буй. Дэлхийд нэртэй Бразилын “Вале” компани Монголоос хөрөнгөө татчихсан. Гацууртын ордын асуудал тодорхойгүйгээс Канадын Сентерра гоулд шаардлага гарвал гарахад бэлэн байдалд буй. Жижиг хөрөнгө оруулагчдын дийлэнх нь хэдийнэ “Монгол баяртай” гэцгээсэн. Үүнээс үүдээд Монгол Улс гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг бүрэн алдчихсан уу эсвэл хөрөнгө оруулагчид зүгээр хүлээлтийн байдалд шилжчихээд байна уу гэвэл “алдчихсан” гэх хариултын араас Лаос, Камбож, Мьянмар  рүү дүрвэж,  мөнгөний урсгал гадагшаа чиглэсэн шүү дээ хэмээх  хүн олон болж.Харамсалтай хариулт байгаа биз. Хөрөнгө оруулагчид “би явлаа” гэж хашгирахгүй нь мэдээж.   Томчууд нь хөрөнгө оруулалтын хэмжээгээ жилээс жилд бага багаар  бууруулж байгаад л нэг өдөр гэрээгээ цуцлаад чимээгүй гараад явчихсан байдаг. 



Дэлхийн уул уурхайн салбарын жижиг хөрөнгө оруулагчдын тухайд  томчуудыгаа харж, ажиглах нь бий. Том компани аль нэг улсад хөрөнгө оруулалт хийгээд эхэлбэл тийшээ шуурах атлаа хөрөнгө оруулалтаа татахаар дагаад намирчих жишээтэй. Гарч орохдоо гол нь биш. Гагцхүү  хөрөнгө, мөнгө нь Монголд шингэж  үлдэх явдал. Өнөөдрийн байдлаар  маш олон төсөл хөтөлбөр  зогссон.  Бас цөөнгүй компани шинээр эхлүүлэх гэж байсан төслөө зогсоосон. Тухайлбал, Ухаа худаг, Тавантолгой, Монголын төмөр замыг нэрлэж болно. Тавантолгойн орд  эдийн засгийн эргэлтэд явж байсан бол өдийд хар замтай, үйлдвэртэй болчихсон, ажил нь  ид өрнөж байх байсан. Тавантолгойн ажил урагш муутай, явуургүй байгаад хэн хариуцлага хүлээсэн юм бэ. Хэн ч хариуцлага хүлээгээгүй. 



Энэ бүхэн эдийн засагт шууд бус ч дамаар нөлөөлж байгаа нь тодорхой.  Хөрөнгө оруулагчид гадагшлахаар тэр хэрээр ажилгүйчүүдийн тоо нэмэгдэнэ.  Ажилгүй нэг хүний ард тухайн  өрхийн санхүү хүндэрч буй. Үнэнийг хэлэхэд,  хууль эрх зүйн орчин нь тогтворгүй, улстөрчид нь олон ааштай болохоор хөрөнгө оруулагчид залхаж эхэлжээ. Яаж ч сайхан аашиллаа гээд  нэгэнт  гарчихсан  эсвэл хүлээлтийн байдалд шилжчихсэн хөрөнгө оруулагчид нэг шөнийн дотор эргээд ирнэ  гэж байхгүй. Үнэхээр итгэж болох уу, үгүй юу гэдгээ   тэд дахиад л бодно,  өрнөж буй  үйл явдлыг  харна, дүгнэнэ.  Улс төрийн бодлого нь залгамжтай, хууль эрх зүйн орчин нь тогтвортой, хүнд суртал бага байж л хөрөнгө оруулагчдыг татна шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголдоо үлдээх эсэх нь хууль боловсруулагчид, бодлого хэрэгжүүлэгчдээс л хамаарах гээд байна.



Энэ талаар Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Таехён Лиг  “Гадаадаас орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан нь манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэлсэн.  Уг манайх  хөрөнгө оруулагчдыг татах үүднээс хуулийн шинэчлэл хүртэл хийсэн ч үр дүн нь харагдсангүй. Таны хувьд манай улсыг чиглэсэн хөрөнгө оруулалт хэзээнээс сэргэнэ гэж таамаглаж байна вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад “Энэ жил төдийгүй ирэх оны хувьд ч гадаадын хөрөнгө оруулалт огцом дээшлэх боломж харагдахгүй байна.  Нөхцөл байдал сайхан, тогтуун байх аваас 2018 оноос хөдөлгөөнд орж мэднэ.  


Томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчид  Монгол руу ирэх гэж, хөрөнгөө  оруулах гэж яарахгүй байгаа нь ажиглагдсаар байна” гэж хариулжээ. Түүнээс үргэлжлүүлэн “Эдийн засгийн хүндрэлийг давж гарахын тулд монголчууд ямар арга хэмжээг авбал зохилтой вэ” гэхэд “Эдийн засгийн хүндрэлийг давж гарахын тулд Монголын Засгийн газар  Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, санхүү мөнгөний бодлогоо чангатгах ажлыг юун түрүүнд  хийх шаардлагатай болов уу.  Нөгөөтэйгүүр,  төсвийн алдагдал болон ДНБ-ий зөрүү өндөр гарахаар байна.  Инфляциас гадна төлбөрийн тэнцэл алдагдалтай байгааг анзаарахгүй орхигдуулж болохгүй тул Засгийн газраас багагүй ажил хийх хэрэгтэйг  дурдах хэрэгтэй байх. Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад эрх баригчдаас гадна эгэл жирийн иргэдийн оролцоо ч чухал байдаг. Монголчууд хэмнэлт гаргаж, хүндрэлийг туулахыг “бүсээ чангалах” гэдэг дээ. 


Түүн шиг дээр дооргүй бүсээ чангалж, үргүй зардлыг бууруулах шаардлагатай байна. Монгол Улсын эдийн засаг удааширч байгаа ч инфляцийг таягдан хаях, төлбөрийн тэнцлийг тэнцвэржүүлэх бодлогыг түлхүү хийх аваас түр зуурын хүндрэл нь урт хугацааны дараа  эерэг үр дүн авчрахыг үгүйсгэх аргагүй” гэсэн  хариултыг өгсөн байх юм. Дэлхийн банкны ажилтны өгсөн хариултад дүгнэлт хийхэд  Монгол Улсын эдийн засаг сүүлийн гурван жилийн турш хуримтлагдсан эдийн засгийн тэнцвэргүйжүүлэлтийн дарамтад байгааг тэр тойруу байдлаар илэхийлсэн гэж ойлгож болохоор.  Үнэндээ ч ашигт малтмалаас бусад салбарын өсөлт сул байгаа. Инфляци хоёр оронтой тоонд хэвээр байна.  Тиймээс  богино хугацааны хүндрэлийг давж, эдийн засгаа урт хугацаанд тогтвортой хөгжүүүлэхийн тулд уул уурхайн хараат байдлаас гарах нэн чухал. Ингэхийн тулд хувийн сектороо дэмжих учиртай гэж бодогдлоо.

 

Эх сурвалж: www.mminfo.mn

Ч.Чулуунцэцэг
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Yamar ch argaar tatvar avahiig suvegchleh,ulairah ni arai yadan mongo oloh amidralaa deeshluulne gej zutgej baigaa ardad hund tsohilt uram hugalj yu ch hiih sonirholiig untraaj yaduu yavah garts ruu n tulhesen muu ur dagavartai onoodor baigaagiin avch hamjchihaad margaash hov hooson yugii ni avah ve ehleed heden jil bayjuulchihaad daraa ni tatvsraa avah ni zuid niitsne
2015-11-11
Сэтгэгч:
Та нарын тэр Босоо Ганбаа, Худалч Уянга, Аврага Батэрдэнэ, Болорчулуун, Даваахүү нарын эх орондоо хийж байгаа том гавьяа, янаглан хорлож байгаагийн үр дүнд ийм байдалд хүрлээ, Энэ хэдэн Поп-ууд бол борхон ходоодоо тэжээхийн тулд бүхэл бүтэн 3 сая хүнийг хорлож байгаа хамгийн адгийн луйварчид мөнөөсөө мөн
2015-11-10
124578996:
Хөрөнгө оруулагчдыг хамгийн ихээр айлгаж гаргасан хууль бол 2012 оны Сонгуулийн өмнө Занданшатар, Бямбацогт тэргүүтэй нөхдүүдийн санначилан батлуулсан Стратегийн хөрөнгө оруулалтын хууль гэж бантан шүү дээ. Тэрийг гарангуут л Монголд хөрөнгө оруулалт хийгээд ирээдүйд ашиггүй юм байна гэж гадныыхан үзсэн. Дээр нь түүхий эдийн үнэ унасан, Хятадын эдийн засгийн өсөлт саарсан гээд л бас дээр нь манайхны өглөө босоод 1 хууль баталдаг байдал шууд нөлөөлсөн дөө хөөрхий.
2015-11-10
Зочин:
Хөрөнгө оруулагч нар хэдийнээ гараад явсан шүү дээ. Хайгуулын ТЗ гацаасан цагаас эхлээд. ТЗ-ийнхөө хугацааг дуусгах гээд зарим нь жаахан саатсан байх. Одоо гацуурт, ТТ, ОТ сахиж горьдсон хэдэн компани байгаа
2015-11-10