2016 оны олимпоос Орос хасагдаж магадгүй
2015-11-10

Дэлхийн сэргээшийн эсрэг байгууллага өчигдөр Оросын тамирчдын олон улсын зэрэглэлтэй тэмцээнд оролцох эрхийг хасахыг уриалсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тус байгууллагын тэргүүн асан Дик Паунд 11 сарын турш тусгай мөрдлөгө, судалгаа явуулсны үр дүнд Оросын тамирчид олон улсыг хуурдаг болохыг тогтоосон байна.

 

“Тусгай шалгалтаар Оросын хөнгөн атлетикийн тамирчид сэргээш хэрэглэдэг болохыг тогтоосон” хэмээн Паунд мэдэгдлийнхээ үеэр дурьджээ. Тэрбээр “Оросын дундын зайн гүйлтийн тамирчин болон дасгалжуулагч, арын албаны нийт таван хүний тэмцээнд орох эрхийг бүх насаар нь хасах хэрэгтэй” гэсэн байна.

 

Паунд эдгээд хүмүүсийн нэрийг хэлээгүй ч Оросын олимпийн хороонд мэдээллийг нь явуулсан гэв. Шинжээчдийн гаргасан тайланд ноцтой нэг өгүүлбэр бичигдсэн болохыг “AFP” агентлаг онцлов. “ОХУ-ын Засгийн газар болон Оросын олимпийн хороо, ОХУ-ын Спортын сайд дээрх сэргээш хэрэглэсэн асуудлыг мэдсээр байж Дэлхийн сэргээшийн эсрэг байгууллагыг удаа дараа хуурдаг байсан” гэж бичжээ.

 

Оросын талаас сэргээшийн асуудлаар хараахан байр сууриа илэрхийлээгүй байна. 2013 онд зохион байгуулагдсан “Сочи”-ийн өвлийн олимпийн үеэр Оросын тагнуулчид сэргээшийн төв лабораторид нэвтэрч, олон улсын ажилчдыг айлган сүрдүүлж байсан хэмээн дээрх тайланд дэлгэрэнгүй өгүүлжээ.  

 

Олимпийн хороо энэ асуудалд анхаарлаа хандуулан ажиллахаа мэдэгдсэн аж. Хэрвээ тайлан үнэн бодит бол Орос улс 2016 оны Реогийн олимпид оролцох боломжгүй болох магадлалтай хэмээсэн байна.

 

Германы “ARD” спортын сувгаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Оросын хөнгөн атлетикийн тамирчид байнга сэргээш хэрэглэдэг тухай өгүүлэх хоёр ангит киног гаргаж байжээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
америк тэргүүтэй барууны орнууд оростой бүх шатанд үзэж байна даа хэт шатаж яваад өвдөг шороодох вий дээ
2015-11-10