Нэг хуулийн гурван өнцөг
2015-11-11

 

Сонгуулийн тухай хуульд сонгуулийн жилийн өмнөх оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор өөрчлөлт оруулж болох заалттай.  Тиймээс ч  энэ парламентын бүрэн  эрх хэрэгжиж эхлэнгүүт яригдаж, байгуулагдсан ажлын хэсэг гурван жил гаруй нухсаны эцэст  дөнгөж саяхан л хуулийн төслөө УИХ-д өргөн барьж байна. УИХ-аас захирамжлан Г.Бурмаагаар ахлуулсан Сонгуулийн хуулийн төслийг боловсруулан үндсэн ажлын хэсэгтэй зэрэгцээд  МАН-ын бүлгээс Су.Батболд нар, АН-ын бүлгээс Х.Тэмүүжин нар мөн хуулийн төсөл өргөн барилаа. Р.Бурмаагаар ахлуулсан Сонгуулийн хуульд  өөрчлөлт оруулах ажлын хэсэг уг хуулийн 3.6 жил ажилласныг онцлох нь зүйтэй болов уу. УИХ-ын даргын захирамжаар УИХ дахь нам эвслийн төлөөлөл багтсан. Гэхдээ УИХ дахь нам бүлгийн төлөөлөл дахин өөрсдөө хууль санаачлан өргөн барьж байгаа нь ажлын хэсэг дээрээ нэгдсэн байр суурьт хүрээгүйтэй холбон тайлбарлахаас өөр аргагүй. Ингээд Сонгуулийн хуулийн гурван төслийн ажлын хэсгүүд тус бүр хэрхэн боловсруулсныг сонирхъя.

 

Хурууны хээгээр саналаа өгөх үү?

 

УИХ-ын гишүүн Р.Бурмаагаар ахлуулсан ажлын хэсэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг нэгтгэн хуулийн төслийг бүхэлд нь “Сонгуулийн хууль” гэж нэрлэж байна.

 

Сонгуулийн хуулийн төсөл нь хоёр хэсэгтэй бөгөөд хэсэг тус бүр бүлэг, дэд бүлэгтэй байна. Сонгуулийн тогтолцоог хувь тэнцүүлсэн, олонхийн, хувь тэнцүүлсэн болон олонхийн хосолсон гэж ангилж, Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгохоор заажээ. Ингэснээр УИХ-ын 48-аас илүүгүй гишүүнийг 26 мандаттай тойргоос сонгоно. Сонгуулийн төрлийг ээлжит, ээлжит бус, нөхөн, дахин гэж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд анхан болон хоёр гэсэн шат бүхий байхаар ангилсан байна.

 

Сонгуулийн хугацааг хэрхэн тоолох журмыг анх удаа тусгаж өгчээ. Өмнөх сонгуулиудаар сонгуулийн хугацаа тоолохтой холбоотой, цаг хугацааны маргаан олон гарч байсан бөгөөд тухайн үед Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн зөвлөмжийн  дагуу явж ирсэн. Тиймээс сонгуулийн хугацааг  сонгуулийн санал авах өдөртэй уялдуулан жил, сар, хоног, цаг, минутаар тоолохоор зохицуулах юм байна. Түүнчлэн УИХ-ын болон Орон нутгийн хурлын сонгуулийг хамтад нь нэг өдөр зохион байгуулахаар тусгажээ. Сонгогчдын бүртгэлийн систем бүрэн автоматчилагдсан тул анх удаа сонгогч заавал иргэний үнэмлэхээ авч очихгүйгээр зөвхөн хурууны хээг таниулах замаар сонгуульд оролцож, саналаа өгөх боломжийг бүрдүүлэх гэнэ.  

 

Ээлжит бус, дахин, нөхөн сонгуулийн санал авах өдөр нь жил бүрийн зургадугаар сарын сүүлийн бүтэн сайн өдөр болон аравдугаар сарын эхний бүтэн сайн өдөр улс даяар нэгдсэн журмаар зохион байгуулах аж. Сонгуулийн маргаан шийдвэрлэх нийт хугацааг 60 хоногоос дээшгүй байхаар тогтоожээ. Сонгуульд зарцуулах өөрийн хөрөнгө гэсэн ойлголт энэ хуулийн хүрээнд бий болж байгаа. Нам Улс төрийн намын тухай хуулийн дагуу хуримтлуулсан мөнгөн хөрөнгийг сонгуулийн зардлын дансандаа шилжүүлэн зарцуулах, өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг сонгуулийн сурталчилгаандаа ашиглах боломжийг бүрдүүлжээ. Нэр дэвшигч өөрийн хувийн орлогоор олсон мөнгөн хөрөнгө (хөдөлмөрийн хөлс, татвар төлсний дараах үйл ажиллагааны болон хөрөнгийн орлого)-өө сонгуулийн зардлын дансандаа шилжүүлэн зарцуулах аж. Харин зээлийн хөрөнгөөр сонгуулийн сурталчилгааг санхүүжүүлэхийг хоригложээ.

 

Сонгуулийн хэвлэл мэдээллийн сурталчилгааг нарийвчлан зохицуулж мэдээллийн тэнцвэрт байдлын хангах үүднээс сурталчилгааны төлбөртэй нэвтрүүлгийн хоногт гарах нийт хугацаа /60 минут/-ын хорин таваас илүүгүй хувь буюу 15 минут нь нэг нам, эвсэл түүнчлэн нэг нэр дэвшигчид ноогдохоор зохицуулалт хийжээ.

 

Нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь эмэгтэйчүүд байна

 

Харин Су.Батболд нар өргөн барьсан хуулийн төслийн үндэслэлдээ “Харамсалтай нь, УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн боловсруулсан төсөл өнөөдрийг хүртэл тодорхой бус байгаа нь хуулийн хугацаанд өргөн баригдах, чуулганаар хэлэлцэгдэж батлагдах магадлалыг үгүйсгэж байна” гэдгийг онцолжээ.

 

Уг төсөлд сонгуулийн тойргийг нэг мандат бүхий 48 тойрог байхаар өөрчилж, нам, эвсэл нь УИХ-ын сонгуульд 48-аас илүүгүй хүнийг энэ хуульд заасны дагуу байгуулагдсан тойрогт нэр дэвшүүлж тойргийн дугаараар эрэмбэлэх эрхтэй болсноор дээрх байдал засагдах эрх зүйн боломж хангагдана гэж үзжээ.

 

2012 оны УИХ-ын ээлжит сонгуулийн явцад Өвөрхангай аймгийн сонгуулийн тойргийн шийдвэртэй холбоотой хэрэг маргааныг нутаг, дэвсгэрийн харьяаллаар Өвөрхөнгай аймгийн анхан шатны болон давж зааалдах шатны шүүх хянан шийдвэрлэж, хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын Дээд шүүх хэлэлцэж эцсийн шийдвэр гаргах хуулийн зохицуулалт, байсаар атал Улаанбаатар хотод Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч ганцаараа шийдвэрлэж, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах Үндсэн хуулийн эрхийг хангаагүй зөрчсөн байдаг. Иймд, тойргийн хороодын хууль зөрчсөн шийдвэрийн талаарх гомдол, нэхэмжлэлийг тухайн нутаг, дэвсгэрийн харьяалах захиргааны хэргийн шүүх зөвхөн бүрэлдэхүүнтэйгээр 21 хоногийн дотор хянан шийдвэрлэж байхаар тусгажээ.

 

Мөн сонгуулийн саналын хуудсыг санал тоолох автомат төхөөрөмжөөр тоолохоос гадна гар аргаар давхар тоож баталгаажуулан тоолох зохицуулалтыг тусгасан байна. Сонгуульд нэр дэвшин өрсөлдөх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс улс төрийн нам, эвслийн УИХ-ын сонгульд нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байхаар зохицуулалт хийжээ.

 

Төр, хувийн хэвшлийн ажилтнуудын шалгуурыг адилтгана

 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн барьсан хуулийн төсөл сонгуулийн хуулийн тодорхой заалттай холбоотойгоор өргөн баригджээ. Сонгуульд нэр дэвшигчид ижил тэнцүү нөхцөлд, шударгаар өрсөлдөх боломжийг бүрдүүлэхтэй холбогдсон заалт тусгажээ. Төрийн алба улс төрөөс ангид байх хуультай. Хэрвээ төрийн албан хаагч, сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгддөг.          Харин энэ хуулийн заалт нь хувийн өмчийн байгууллагад ажиллаж буй ижил төрлийн хөдөлмөр эрхэлж байгаа зарим үйлчилгээний төрийн албан хаагчдад тэгш бус байдлыг үүсгэдэг байна.

 

Иймд ижил төрлийн ажил эрхэлж буй төрийн үйлчилгээний болон хувийн хэвшлийн ажилтанд тавигдаж буй шалгуурыг адилтгах шаардлагатай гэж хууль санаачлагч үзжээ.

 

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн “Улс төрийн албан хаагчаас бусад” гэснийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан,” гэж өөрчлөхөөр тусгасан байна.  Ингэснээр УИХ-ын сонгуульд  оролцогчдын эрх тэгш байдал хангагдаж, эрх зүйн орчин боловсронгуй болж, хуулийн чанар сайжрахаас гадна хууль хоорондын уялдаа хангагдаж хэрэгжилтийг нэг мөр хангах нөхцөл бүрдэх аж.

 

Цаашлаад  УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг  Сонгуулийн хуулийг боловсруулах ажлын хэсэг байгуулан  мөн төсөл өргөн барихаа мэдэгдээд байгаа. Тиймээс УИХ-д суудалтай ИЗНН, бие даагч нар л энэ хуулийн төслийг бүрэн эрхийн хүрээнд санаачлан боловсруулж  өргөн барих дутаад байна. Нэртэйгээр нь бүрэн эрхийнхээ хүрээнд 76 гишүүн  тус тусын хуулиа санаачлан өргөн барьчихмаар юм даа гэж зарим ажиглагчид эгдүүцэж байна лээ. Ямартай ч тэд өөрсдийн байр сууриа хуулийн төслөөрөө илэрхийлэх гэсэн.  УИХ дахь нам, эвсэл бүр хуулийн төсөл өргөн барьж байгаа нь өөрсдийн эрх ашгаа л бодолцсоныг гэхээс улс орны ирээдүйд санаа тавьж, тал талаасаа хууль санаачлаад байна гэж итгэх сонгогчид өнөө цагт байхгүй. 

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
СОНГУУЛИЙН ХУУЛЬД ДАРААХЬ ЧИГЛЭЛЭЭР ӨӨРЧЛӨЛТ ОРУУ:
1-Т НАМЫН ЖАГСААЛТААР ТӨРД ШУРГАЛДАГ БАЙДЛЫГ ШУУД ЗОГСООХ. УИХ-ЫН ГИШҮҮН ЗААВАЛ АРД ИРГЭДИЙН САНАЛААР ТӨРД ГАРСАН БАЙХ УЧИРТАЙ. 2-Т УИХ-ЫН СОНГУУЛИЙГ АЙМАГ СУМ ДҮҮРЭГ ИТХ-ЫН СОНГУУЛЬТАЙ ХАМТ ХИЙХ. ИНГЭСНЭЭР ТӨСӨВ ХЭМНЭНЭ. ЦАГ ХЭМНЭНЭ. ХҮМҮҮС АЖИЛДАА ШУУД ОРНО. 3-Т СОНГУУЛИЙГ БУДИЛУУЛСАН ХҮМҮҮСИЙГ ШУУД ХАСДАГ БАЙХ. ЭНЭ БҮХНИЙГ СОНГУУЛИЙН ХУУЛИАР ЧАНГА МӨРДӨХ ХЭРЭГТЭЙ. АРД ТҮМНИЙ СОНГОХ СОНГОГДОХ ЭРХИЙГ ДОРДУУЛСАН НАМЫН ЖАГСААЛТААР ТӨРД ОРДОГ БАЙДЛЫГ ШУУД ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ.
2015-11-11
Зочин:
Манай нам сонгуулийн саналыг гараар тоолох нь булхай луйврын үндэс болж байна. Тиймээс саналыг техникийн дэвшил ашиглан тоолох хэрэгтэй гэдэг зөв шийдэлд хүрсэн.Ингээд л сонгуулийн хуулийг баталчихаад дараа нь өөрсдийнхөө зөв гаргасан шийдэлд эргэлзэж эхэлсэн.УИХ Д.Дэмбэрэл Өдрийн сонин .№4339
2015-11-11