Америкийн Монгол малчин
2015-11-12

-Байна уу, Ганбаатар захирлын уяач мөн үү?

-Үгүй, би малчин нь.

Ингэж анх АНУ дахь цор ганц монгол малчин гэж хэлж болох П.Даваапүрэвийн гэр бүлтэй холбогдож байсан юм. Малчин нь гэх тэр үгийн өнгө аяс нэг тийм хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун, өмнөхөө бүрэн гүйцэд хийдэг хүний амнаас гарч байгаа юм шиг сонсогдоод. Тэгээд сүүлд гэрт нь очоод биеэр танилцахад утсаар ярихдаа төсөөлсөн яг тэр хүнтэй дүйж байлаа.

 

 

Малчин Даваа АНУ-ын Кентаки мужийн Лексингтон хотод фермд гэргий гурван хүүхдийн хамтаар аж төрөн амьдран сууж байна. Цэлийсэн том фермийн хашаанд, том цагаан байшинтай, байшингийн ойролцоо хэд хэдэн морины жүчээтэй айлсанж. Хөгжилтэй газар гэж сайхан юм, машин ирэхийг харж байгаад л автоматаар фермийн хашааныхаа хаалгыг онгойлгоно. Байшин сав нь ч гэсэн кинон дээр гардаг шигээ. Үндсэн хаалганаас гадна гал тогоогоор орж гардаг, угаалгын жижигхэн өрөөнөөсөө бас шууд гардаг гээд гурван хаалгатай, зочны хоёр, унтлагын гурван ч өрөөтэй байв уу. Энэ мэтээр үүдээр нь орохоос эхлээд л америк малчны аж ахуйтай, монгол малчдынхаа аж амьдралыг жишиж зүйрлэж явлаа. Харин энэ байшин доторхи хүмүүс нь их сайхан монголоороо байна аа. Намрын сэрүүн өдөр сүүтэй цай чаначихсан, бүхэл мах, шөлтэй хоолтой угтаж байгаа юм. Энэ айлд Лексингтоны Кийнэландад болсон “Breederscup 2015” дэлхийн аварга шалгаруулах морин уралдааны үеэр очсон юм. Очсон ажил ч бүтэж алдарт Mongolian Saturday тэр уралдааны ширэг зүлэгний ангилалд хурдаараа түрүүлж, Монголд нэрээ цуурайтуулаад байгаа билээ.

 

Гэрийн эзэн П.Даваапүрэв малчин гэсэн тодотголтой ажлаа тайлбарлахдаа, би үржил, сургалтаа хариуцдаг, харин манай уяач Э.Ганбат уяаны морьдоо хариуцдаг гэж товч бөгөөд ойлголт өгсөн. Үржил сургалт хариуцдаг хүн маань яаж ажлаа хийдгээ яруу тодоор газар дээр нь харуулсан. Энэ жил тэдний жүчээнд 20-иод гүү унагалсан гэхээр сайн үржүүлжээ гэж хэлэлгүй л яах вэ. Унагануудын ихэнх нь охин болохоор өсөхийн бэлгэдэлтэй юм даа гээд Даваа ахын дарга нар нь сэтгэл ханамжтай ч гэж жигтэйхэн. Нөгөөтэйгүүр адуучин Даваа адуугаа come гэхээр ирээд, go гэхээр явдаг болтол нь сургажээ. Монгол их насны морьдоос ч өндөр шахуу унаганууд нь их хөөрхөн, go go гэхээр цаашаа давхина. Хэсэг давхиж байснаа эргэж хараад дараагийн команд хүлээгээд зогсчихно. Тэгээд come гээд дуудангуут давхиж ирээд л, гарнаас юм идэх гээд ч юм уу зүгээр байлгахгүй ноолчих юм. Их сайхан номхон амьтад юм аа.

 

 

Хүмүүс анзаарсан бол “Breeders cup 2015” ДАШТ-ий ширэг зүлэгний ангиллын морьд гараанаас гарангуут урдаас нь нэг цэнхэр женсэн хүрэмтэй хүн гүйж байгааг. Уралдааны морины өөдөөс гүйсэн тэр хүн бол монгол малчин П.Даваапүрэв. Бүр сүүлд та яагаад, сөрж гүйгээд байв аа гэтэл манай морь түрүүлнэ гэж мэдэж байсан юм, тэгээд сэтгэл хөдлөөд. Түрүүлээгүй байсан бол би онигоо, онигоо гэдэг байгаа. Тэд Mongolian Saturday-г сайн давхиулах нэг гол тактик нь 14 гэсэн хамгийн захын гараанаас гарвал эхэлж гарсан хурдаараа дотор тойргийн морьдын зайг хамаад, бусад морьдод боломж өгөхгүй байсаар түрүүлнэ гэж тооцоолсон юмсанж. Таамагласнаар манай морь хамгийн захын гараанаас гарсан нь Даваа ахыг урдаас нь гүйх хүртэл хөөргөжээ.

 

Mongolian Saturday түрүүлээд ирэх агшинд манай морь, миний морь, Монголын морь гээд л малчин Даваа магнайгаа хагартал баярлана. Баярлахын хажуугаар ферм дэх хэдэн унаганууд нь хэзээ нэгэн цагт ингээд түрүүлнэ дээ гэсэн итгэлийг энэ ялалт төрүүлээд байгаа бололтой. Одоо манай фермд байгаа унагануудыг хараарай. Сайхан амьтад бий. Би өөрийн гараараа хүйсийг нь тасдсан юм шүү дээ гэж ирээд л нүдэндээ нулимстай ярина.

 

Mongolian Saturday шиг унаганууддаа дандаа монгол орсон нэр өгдөг юм байна. Wild Mongolia, Mongolian Dancer, Mongolian holiday, Yes Mongolian, Mongolian shopper, Call Mongolia, Miss Mongolian, Queen of Mongolian гэхчлэн дуудаж байхдаа утгыг нь бодоод инээмээр нэртэй юм, эдний унаганууд.

 

Морь уяж уралдуулж байгаа айлын хамгийн их ажилтай хүнийг гэрийн эзэн гэж боддог бол, тэр их ажилтай хүний цаана, гэрийн эзэгтэй гэж нэргүй ажил үүрдэг хүн байна. Улсын баяраар морь уяатай айлд хүний хөл тасрахгүй, гэрийн эзэгтэй толгой өндийх завгүй, тогоо шанага нийлүүлдэг. Дэлхийн нөгөө бөөрөнд л байгаа болохоос хаа газар эмэгтэй хүний тогоо шанаганы ажил ижил юм. Гэрийн эзэгтэй Ц.Саранхүү тэр өдөр үүрийн гэгээнээс авахуулаад үдшийн бүрий хүртэл цай хоол, дээр нь ойтой охиноо асрах их ажилтай өнжсөн. Морь бариа явдаггүй ганц хүн ээж байдаг гэдэг шиг биднийг тэднийхээс морь руу гарахад гэргий Сараа хүүхдүүдээ сургуулиас авна, унага, гүүнүүддээ тэжээл өгнө гээд ар албаны ажлаа даагаад үлдэх жишээтэй.

 

Онцолмоор нь гэргий Ц.Саранхүү сэтгүүлчийн ажлыг амарчилсан яриа хөөрөө сайтай эмэгтэй байна. Танай морь нэг сая доллар хожчихлоо шүү дээ гэхэд “Ишш, тэр нэг сая яах вэ, энэ таван жилд тэрнээс ч илүү зардал гаргасан, яагаад ч алдагдлаа нөхөхгүй” гэж ирээд л хүний мөнгөнд санаа зовно. Цаашлаад морьд сайхан давхиад байх юм бол манай том босс /Макс группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар/ хувийн эдлэн байшинтай болгоно гэсэн гээд л аж амьдралынхаа нарийн ширийнийг ярих нь монгол эмэгтэйн илэн далангүй сайхан сэтгэлийг илтгэх.

 

Энэ айл таван жил фермд адуу маллаж амьдрахдаа бараг жил болгон нүүсэн юм байх. Нэг ферм түрээслээдэхлээ гэхээр жил болоод гэрээ нь дуусдаг, үргэлжлүүлсэн ч фэрмийнх нь эзэн хашаандаа олигтой шимтэй ногооны үр цацахгүй, арчлахгүй байхаар Монголоор бол өвсний шим дагаж нүүхээс өөр аргагүй хүрдэг байна. Одоо харин морь нь дэлхийн тэмцээнд амжилт гаргаад ирэхээр дарга нарынх нь итгэл батжиж, энэ хэдийг тусад нь өөрийн гэсэн фермтэй болгоно гэсэн амлалт нь хэрэгжих байх гэж итгэж сууна. Нөгөө талаас Сараа эгчийн ч сэтгэл амарч байх шиг байна. Түүний нөхрийнх нь ажлын үр дүн сая нэг гарч Mongolian Saturday дэлхийд түрүүлсэн нь таван жил цалин авч зүгээр суугаагүй юм шүү гэдгийг дарга нарынх нь өмнө бүрэн батлаадахав.

 

Америк дахь монгол малчны энгийн өдөр өглөөний зургаан цагт хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөхөөс эхэлдэг юм байна. Уг нь Америкийн аль ч өнцөгт сургуулийн хүүхдүүдийг том шар автобус бараг гэрийнх нь гадна ирж авдаг юм. Харин Даваагийнх фермээс ферм дамжиж нүүх тоолондоо хүүхдүүдийнхээ сургуулийг солих хэцүү. Өсвөр насны хүүхдүүд ч гэсэн сургуулиа, ангийнхнаа солихгүй гэж дургүйцдэг болохоор хүүхдүүдээ хол ч гэсэн дассан сургуульд нь зөөдөг гэнэ.

 

Гурий, чүү-гээ go, come-оор сольсон П.Даваапүрэвийн заяа төөрөг угаасаа л Монголд биш, харь газар малчнаа хий гээд заагаад өгчихсөн бололтой юм. Завхан Аймгийн Нөмрөг сумын харьяат тэрбээр 1993 оны эхээр сумынхаа адуун дээрээс Японы морин тойруулгад очиж ажилласан түүхтэй. Японы “Монгол адуу” нийгэмлэгээс адуунд эрмэг монгол залуучуудыг сонгож авна байна гэсэн зарын дагуу очиж шалгуулаад тэнцсэн гэнэ. Азиас морин тойруулгын спортыг хүчтэй дэмжиж, хөгжүүлэхийг оролддог орнуудын нэг бол Япон. Япончууд морин тойруулгын спортоо хөгжүүлэх гэж адуунд эрмэг монголчуудыг морь сайн сургах байх гэж горьдож энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь лав. П.Даваапүрэв Японд морин тойруулгын адуун дээр 10 жил ажилласан туршлагатай. Тэнд байх хугацаандаа уралдааны морьдыг үржүүлэх, маллах, арчлах “их сургууль” төгссөн гэж хэлж болно. Ингээд 2002 онд эх орондоо ирээд сайхан амьдаръюу гэсэн нэг л болж өгөхгүй, цэгцэрч өгөхгүй болохоор нь АНУ-д амьдрал хайж гэр бүлээрээ ирсэн гэнэ.

 

Харин таван жилийн өмнө “Макс” группийн ерөнхийлөгч, тод манлай уяач Д.Ганбаатар, алдарт уяач Э.Ганбатын хамт гэрт нь ирж манай морин дээр ажиллаач гэж санал тавьсан юм байна. Мэдээж ажил олгогч этгээд 10 жилийн морин тойруулгын туршлагатай П.Даваапүрэв шиг хүнийг Америкаас тийм амар олохгүй. Ийм хүн Америк бүү хэл Монголоос ч амар олдохгүй байх. Эхэндээ мань эр татгалзсан хариу өгсөн байна. Мөрөөдлийн Америкт ажил хийж мөнгө олох гэж ирчихээд юун Монголын компанид ажиллах. Америкт Монгол компанид ажиллана гэхээр хөндлөн сонсогдож л дээ. Харин нөгөө их хөөр баяртай өдөр татгалзсан хариугаа дурсахдаа, би их тэнэг, эхлээд татгалзаж байж буруудах шахсан гэчихсэн сонголтдоо төгс итгэчихсэн явна лээ.

 

П.Даваапүрэвийн гэргий Ц.Саранхүү ч гэсэн БНХАУ-д дээд боловсрол эзэмшсэн эмэгтэй. Гуанжугийн Худалдаа аж ахуйн дээд сургуулийн оюутан Ц.Саранхүү Америкт адуучны гэргий болоод хөдөөгийн фермд гурван хүүхдээ хараад сууна гэж мэдээгүй л явж байсан байх даа, бодвол.  

 

Нээрээ л хувь заяа гэж сонин юм, Пүрэврагчаагийн Даваадорж гэх энэ эрийн зам мөр түүнийг Завхан аймгийн Нөмрөг сумын малчны хотноос АНУ-ын Кентаки мужийн буйд нэгэн ферм хүртэл хөтөлж. Морь гэхээр бараг амиа тавьдаг эгэл монгол энэ эрийн гэр, гэргий, Монголиан орсон морьдуудыг нь ийн танилцууллаа. Морины жүчээнд таван жил өнжсөний хэрэг сая нэг гарч эдний фермээс дэлхийн морь Mongolian Saturday төрөв. Саяхан Даваа ахтай ярилаа. Юутай гэтэл нам тайваан, хэд хоног нислээ, одоо хөрсөн дээрээ бууя даа, хүүхдүүдээ сургуулиас нь аваад явж байна гэж хуучлав бид хоёр.

 

Л.МӨНХЗАЯА

Shuud.mn
Сонин хачин
hehe:
DAVAAPUREV NI DAVAADORJ BOLOOD YAVCHLAA. SAIHAN GER BULD AMJILT
2015-11-12