Мөнгөний бодлогын эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2015-11-13

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 9 цаг 56 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв.

 

 

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар эхлээд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы энэ сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус байнгын хороонд шилжүүлсэн юм.

 

Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Баярсайхан байнгын хорооны хуралдаанд танилцуулга хийлээ.

 

 

Ажлын хэсэг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад дэмжигдсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудыг төсөлд тусгасны зэрэгцээ зарим саналыг өөрчлөн найруулахаар хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийг анхаарч тусгаснаа танилцуулгадаа дурдав. Ингээд байнгын хорооны гишүүд тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжиж, энэ талаарх байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

 

 

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд макро эдийн засгийн тэнцвэрийг хангаж, эдийн засаг тогтвортой өсөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дунд хугацаанд төсвийн нэгдмэл байдлыг хангасан зохистой бодлого хэрэгжүүлэн улсын төсвийг алдагдалгүй байлгаж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх замаар төлбөрийн тэнцлийн тогтвортой байдлыг ханган, улсын өрийн зохистой удирдлагыг хэрэгжүүлж ажиллах, энэ хүрээнд бодлогын чанартай зарим тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд даалгахаар тусгажээ. Харин уг тогтоолын хавсралтаар батлах Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлд мөнгөний бодлогын үндсэн зорилт нь эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь болох макро эдийн засгийн тэнцвэрийг хангаж, банк, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэхээр заасан байна.

 

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

 

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

 

 

Уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад зарчмын зөрүүтэй 4, найруулгын шинжтэй 6 саналын томьёолол бэлтгэсэн. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хоёр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэж үзсэнээ танилцуулсан юм.

 

Ингээд уг хуулийн төслийн талаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гиүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ. Мөн уг хуулийн төсөлтэй хамт Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрчим хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг төсөл санаачлагчид нь буцаахаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг дэмжив. Үүгээр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин