Б.Батзаяаг батлан даалтад гаргав
2015-11-14

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг батлан даалтад гаргах шийдвэрийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр гаргажээ. Түүнийг хоёр долоо хоногийн өмнө Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан юм.

 

Түүнийг баривчлахад шүүхээс 14 хоногийн хугацаагаар цагдан хорих зөвшөөрлийг олгосон. Гэтэл өчигдөр прокуророос түүнийг үргэлжлүүлэн хоёр сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих саналыг ирүүлжээ. Харин цагдан хорионы шүүх хурлаар Б.Батзаяа нарыг батлан даалтад гаргаж, гадуур байцаан шалгах боломжтой гэж үзсэн байна.

Цагдаагийн байгууллагаас Б.Батзаяа нарын дөрвөн хүнийг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт сэжиглэн шалгаж байгаа. Тэгвэл шалгалтын явцад тэднийг яллагдагчаар татаад байгаа аж. 

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин