Манай туршлагыг амжилттай нэвтрүүлж байна
2015-11-16

Мьянмар Улсын парламентын сонгуулийг ажиглаад ирсэн СЕХ-ны ажилтан Х.Баясгалан ажиглалтаас төрсөн сэтгэгдлээсээ хуваалцсан юм.

 

-Сүүлийн 25 жилийн хугацаанд анхны ардчилсан сонгуулиа явуулж байгаа гэдэг утгаараа Мьянмарын талаас ч дэлхий нийтийн зүгээс ч үүнд их анхаарал хандуулжээ. Гадаадын сонгуулийн олон байгууллага болон олон улсын байгууллагуудаас 10 мянга гаруй ажиглагч Мьянмарын сонгуулийг ажиглав. Тухайлбал, Ази, Европын орнуудын сонгуулийн байгууллагууд, тэдгээрийн дотор АСЕАН, Европын холбоо, Чөлөөт сонгуулийн төлөөх Азийн сүлжээ (ANFREL), АНУ-ын Картер төв ТББ зэрэг олон байгууллагыг дурдаж болно.

 

Дэлхийн сонгуулийн байгууллага, Сонгуулийн тогтолцооны олон улсын сан (IFES), Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (IDEA), Азийн сонгуулийн байгууллагуудын холбоо, Азийн сан, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага зэрэг байгууллага энэ сонгууль зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.

 

Мьянмарын сонгуулийн үйл ажиллагаа тайван, хуулийн дагуу явагдлаа гэж ажиглагчид дүгнэсэн. Өглөө эрт 3-4 цагаас эхлэн сонгуулийн санал авах байранд урт дараалал үүссэн байсан бөгөөд санал хураалт дуусахад ч дараалалд зогссоор саналаа өгч амжаагүй үлдсэн хүмүүс нэлээд байсан тухай ажиглагчид дурдаж байсан.

 

-Мьянмарын сонгуулийн зохион байгуулалтын талаар товч ярьж өгнө үү?

-Энэ удаагийн сонгуульд 91 намын 6 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдсөн.  Парламентын доод танхим болох Төлөөлөгчийн танхимын гишүүнийг сонгох 330 тойрог, дээд танхим болох Үндэстний танхимын гишүүнийг сонгох 168 тойрог, муж, бүс нутгийн парламентын гишүүдийг сонгох 644 тойрог байгуулсан байв.

 

-Сүүлийн хэдэн жил Мьянмарын янз бүрийн түвшний удирдах албан тушаалтнууд танай хорооны туршлагыг судалсан байх аа?

-Тийм ээ. УИХ-ын 2012 оны сонгуулийн дараагаас эхлэн Холбооны Бүгд Найрамдах Мьянмар Улсын Ерөнхий сайд, Парламентын дарга, Гадаад хэргийн сайд зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд айлчлалынхаа үеэр манай хороон дээр ирж сонгуулийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны туршлагыг судалсан. Түүнчлэн энэ оны 3-р сард Мьянмарын сайд нар зэрэг албаны хүмүүс сонгуулийн болон хүний эрхийн салбарын ажлын туршлага судлахаар ирэхэд нь манай Сонгуулийн ерөнхий хорооныхон тэдэнд сургалт хийсэн.

 

-Мьянмараас гадна Киргиз Улс манай орны сонгуулийн туршлагыг нэлээд судалж, саяхан болж өнгөрсөн сонгуульдаа амжилттай ашигласан гэж дуулсан. Энэ тухай тодруулна уу?

-Манай хороо өнгөрсөн хугацаанд Мьянмараас гадна олон улс түүний дотор Киргизийн Сонгуулийн төв комисстой хамтран ажиллаж ирлээ. Киргизийн сонгуулийн хорооныхон  олон удаа ирж туршлага судлахын зэрэгцээ манай хорооныхон очиж сургалт, танилцуулга ч хийж байсан.

 

Киргизийн хувьд бол манай улсад ашигласан сонгуулийн технологийг бүрэн утгаар нь хэрэгжүүлсэн гэж хэлж болно. Киргизийн сонгуулийг манай хорооны төлөөлөгчид бас ажиглалаа. Киргиз Улсын Сонгуулийн төв комисс нь манай туршлагаар сонгогчидоо иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулж, хурууны хээг нь авсан, мөн 3000 гаруй санал авах байранд сонгогчийн санал авах, тоолох 3715 төхөөрөмж ашигласан. Түүнчлэн гадаад улсад ажиллаж, амьдардаг иргэдийнхээ саналыг авсан байна лээ. Сонгуулийн төв комиссын дарга нь “Сонгуулийн автоматжуулсан системийг сонгуулийн үйл ажиллагаандаа богино хугацаанд, амжилттай нэвтрүүлсэн Монгол Улсын туршлагыг сайтар судалсан нь их тус дөхөм болсон” гэж дүгнэж байсан.

 

-Бүс нутгийн хэмжээнд Монголын сонгууль зохион байгуулдаг туршлагыг нэвтрүүлнэ гэж яриад байсан?

-Ардчилал сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ив Летерм энэ зун манай хороонд зочлох үеэрээ “Монгол улс бүс нутагтаа ардчиллын жинхэнэ манлайлагч нь болсон бөгөөд Ази, Номхон далайн бүс нутагт ардчилал, сонгуулийг хөгжүүлэх, хариуцлагыг бэхжүүлэх чиглэлээр бид Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны туршлагад тулгуурлан хамтран ажиллах болно” хэмээн мэдэгдэж байсан.

Shuud.mn
Сонин хачин