Баянмонгол жазз найрал хөгжмийн CITY SWING тоглолт болно
2015-11-17

 
 
 
Улсын Филармони нь Монгол улсын Засгийн газар, /БСШУЯ/-аас хэрэгжүүлж буй “Сонгодог урлаг II” үндэсний хөтөлбөр, бүх нийтийн хөгжмийн боловсролыг дэмжих “ХӨГЖИМ” хөтөлбөрийн хүрээнд “Сонгодог хөгжим” зорилтот төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү зорилтот төсөл нь хүн төрөлхтний соёлын үнэт өв дэлхийн суут хөгжмийн зохиолчдын сор бүтээлээр урын сангаа баяжуулан урлагийн бүтээл туурвиж, нийслэл хотын үзэгч сонсогчид, олон нийтийн хөгжмийн боловсролыг дэмжих, дээшлүүлэх зорилгоор эхлүүлээд байгаа аж. Түүнчлэн уг төслийн хүрээнд Морин хуурын чуулга, Симфони найрал хөгжим, Баянмонгол жазз найрал хөгжим, дуучдын нийт 7 концерт тоглох ба төлөвлөгөөний дагуу тоглолтууд нь үзэгчдийн хүртээл болж байна.
 
Энэ 7 хоногт Баянмонгол жазз найрал хөгжмийн дэлхийн жазз хөгжмийн томоохон төлөөлөгчдийн бүтээлүүд мөн монгол уран бүтээлийг жазз найруулгад хөрвүүлэн бичсэн бүтээлүүдийг тоглох CITY SWING тоглолт 2015 оны 11-р сарын 20-нд 19 цагаас улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглох гэнэ.
 
Баянмонгол жазз найрал хөгжмийн хувьд шинэ залуу хөгжимчид мэргэжлийн өндөр түвшинд, дэлхийн чансаанд нийцэхүйц уран бүтээлүүдийг туурвиж байна. Өнөөгийн нийгэмд хувь хүн урлаг, соёлын өндөр мэдлэгтэй байх нь зүй ёсны хэрэг болсон тул тэд энэхүү мэдлэг боловсролыг олгох үүднээс дээрх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа ажээ.
 

Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 70148012, 99925074 дугаарын утсаар болон https://www.facebook.com/Mongolian-State-Philharmonic-338409942033/?fref=ts хуудаснаас лавлана уу.

 



 

Shuud.mn
Сонин хачин