Си Зиньпин хэт даврагчдыг буруутгав
2015-11-20

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн эрхлэн гаргадаг “Dabiq” гэх сэтгүүлийн цахим сайт өчигдөр барьцаанд байсан Хятад болон Норвегийн иргэнийг цаазалсан болохоо мэдэгдсэн билээ. Хэт даврагчид өнгөрсөн есдүгээр сард дээрх иргэдийг барьцаалсан болохоо мэдэгдэж, зураг болон хувийн мэдээллийг нь нийтэлсэн юм.  

 

Хятад, Норвегийн Засгийн газар иргэдээ аврахын тулд ямар ч алхам хийгээгүй хэмээн хэт даврагчид тэднийг цаазалжээ. Дээрх мэдээллийн дараа Норвегийн Ерөнхий сайд Эрна Солберг дургүйцлээ илэрхийлж, иргэнийхээ амийг нэхэхээ сануулсан тухай “www.aol.com” мэдээллээ.

 

БНХАУ-ын дарга  Си Зиньпин хэт даврагчдын гарт амиа алдсан Фан Жингхуйгийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж “Бид энэ өдрийг хэзээ ч мартахгүй. Хэт даврагчдын үйлдэл бидний дургүйцлийг хүргэлээ. Гэмгүй иргэнийг минь хөнөөсний хариугаа та бүхэн заавал авах болно” хэмээн мэдэгджээ.

 

Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хонг Ли “Хятад иргэнийг цаазалсан хэмээн сонсоод бид их цочирдсон. Үнэхээр харамсмаар үйл явдал боллоо” гэсэн байна.

 

Хэт даврагчид барьцааны иргэдийг хороох үедээ “Үл итгэгч улсдаа орхигдсон учир цаазаар авав” хэмээн хэлжээ. Хятадын удирдлагууд өмнө нь “Хэт даврагчдад мөнгө төлнө гэдэг бууж өгсөнтэй адилхан” гэсэн билээ. Норвеги барьцааны иргэнээ чөлөөлөхийн тулд хэд хэдэн удаа тусгай ажиллагаа явуулсан ч бүтэлгүйтсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин