Ажилчдын төлөөлөл нь хоёр компанийн бизнесийн гэрээг цуцлах шаардлагыг хөндлөнгөөс тавих эрхгүй
2015-11-20

 

Сүүлийн үед “Эрдэнэс Таван Толгой” ХК болон  тус компанийн ажилчдын төлөөлөл болсон Үйлдвэрчний эвлэлийн  хооронд үүссэн асуудал олны анхааралд байгаа. Бид тэдний хооронд өрнөж буй үйл явцын талаар, ажил хаялт, Хамтын гэрээ зэргийг хуулиар хэрхэн зохицуулсан байдгийг  тодруулахаар Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш С.Боловсонд хандсан юм.

 

- Компаниуд хоорондоо бизнесийн ашгаа хараад гэрээ хийлээ гэж бодъё. Гэтэл нэг компанийнх нь Үйлдвэрчний эвлэлээс тэр гэрээг хүчингүй болго хэмээн шаардах эрхтэй юу. Хамтын хэлэлцээр хийх явцад ийм шаардлага тавих хууль зүйн үндэс байдаг уу?

- Хоёр компанийн хооронд байгуулагдсан бизнесийн харилцаатай холбоотой гэрээ  бол аж ахуйн нэгж байгууллага хоорондын үйл ажиллагааны гэрээ. Тийм учраас ажилтан ажил олгогчийн хооронд хийгдэх хамтын хэлэлцээр, түүнд тавьдаг шаардлага зохицуулалттай хамаагүй. Цэвэр Иргэний хуулиар зохицуулагдсан харилцаа. Тухайн гэрээг байгуулж байгаа гэрээний талууд л нэг нэгэндээ тухайн гэрээтэй холбоотой шаардлагыг тавих эрхтэй. Хөндлөнгийн хэн нэг этгээд Иргэний хуулиар зохицуулагдах иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хооронд хийгдсэн аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой гэрээнд хөндлөнгөөс оролцож болохгүй. Гэрээний нэг тал биш учраас оролцох хууль зүйн үндэс байхгүй.

 

- “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн олборлогч компанитайгаа байгуулсан гэрээг ажилтнуудынх нь төлөөлөл хүчингүй болгуулах шаардлага тавиад байгаа. Хамтын хэлэлцээрийн хүрээнд тавих ёсгүй шаардлага гэж ойлгож болох нь ээ?

- Тухайн аж ахуйн нэгж байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхол гэдэг юмыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах зорилгоорХөдөлмөрийн хуульд шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог Хамтын гэрээ гэж нэрлэдэг л дээ. Хөдөлмөрийн хуулийн хоёрдугаар бүлэгт  Хамтын гэрээ хэлэлцээрийн талаар зохицуулж өгсөн байдаг. 18 дугаар зүйлд нь Хамтын гэрээнд тусгах асуудлыг тодорхой заагаад өгчихсөн. 19 дүгээр зүйлд нь ийм асуудал, агуулгаар хамтын хэлэлцээрийг хийгээрэй гэж заасан.Үндсэн цалингийн хэмжээг тогтоох нэмэгдүүлэх, олгох хугацаа, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, тусламж, хөнгөлөлт, хөдөлмөрийн норм нормативийг тогтоох өөрчлөх тухай асуудлыг Хамтын гэрээгээр тохиролцон зохицуулах харилцаа. Энэ бол зөвхөн 18.1.1-д л заасан асуудал. Үүнээс ч олон асуудал бий гэсэн үг. Хамтын гэрээнд эдгээр асуудлаас гадна төрийн хуулиар ажилтанд эдлүүлэхээр тогтоосон эрхийн баталгаат төвшинг дээшлүүлэх байдлаар илүү эрх, хангамж, хөнгөлөлтийг тогтоож өгч болно гэсэн заалт бий. Хөдөлмөрлөх үйл ажиллагаатай л холбогдсон зүйл. Хамтын гэрээнд тогтоогоогүй асуудлаар шаардах, аль нэг гэрээг хүчингүй болгох эрх байхгүй. Хамтын гэрээ байгуулахаар хэлэлцээр хийх явцад ч ялгаагүй, хөдөлмөрлөх үйл ажиллагаатай холбоотой асуудлаар шаардлага тавина.

 

Дахин хэлэхэд хоёр аж ахуйн нэгж хоорондын аж ахуйн үйл ажиллагааны талаар байгуулсан иргэний эрх зүйн гэрээний асуудлаар тухайн талууд л хүчингүй болгохыг шаардаж болно. Мэдээж хэн нэг гуравдагч этгээдийн ашиг сонирхол хөндөгдөж байгаа тохиолдолд тухайн хүн хүсэл сонирхлоо илэрхийлж болох юм.

 

- Тодруулж асууя, Хамтын хэлэлцээр хийж байгаа аль нэг тал нь нөгөөдөө хуульд тусгаагүй асуудлаар шаардлага тавьж болох уу?

- Ерөнхийд нь хэлбэл тухайн ажилтан, ажил олгогч хоёрын хооронд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүссэн хөдөлмөрлөх харилцаатай холбоотой л асуудлуудыг л хамтын хэлэлцээрээр ярилцах учиртай.

 

- Сая таны онцолсон асуудлуудаас хальсан шаардлага, нөхцөл оруулж ирвэл хууль зөрчсөн санал, мэдэгдэл гэж үзэх нь ээ дээ?

- Тэгж ойлгож болно. Хөдөлмөрийн хуульд энэ асуудлыг тодорхойлон зохицуулж өгсөн байдаг. Хамтын гэрээ бол ийм, хэлэлцээр гэдэг нь ийм гэдгийг хуулиар  тодорхойлоод өгчихсөн.

 

- Ер нь ажил хаялт гэж юу вэ, ямар тохиолдолд ажил хаялт хийж болох вэ. Энэ талаар Хөдөлмөрийн хуульд хэрхэн зохицуулсан байдаг вэ?

 - Ажил хаялт гэдэг бол хөдөлмөрийн маргаанаас үүдэлтэй асуудал. Ажилтан, ажил олгогч хоёрын хооронд үүссэн саналын зөрүүг хөдөлмөрийн маргаан гээд байгаа юм. Хөдөлмөрийн маргааныг зохицуулах хоёр янзын арга бий. Эвлэрлийн болон эвлэлийн бус аргаар зохицуулдаг. Эвлэрлийн бус аргын нэг хэлбэр нь ажил хаялт. Тухайн маргааныг зохицуулах гэж ажил хаялт хийж байна гэж ойлгож болно. Ажил хаях эрхийг хэрхэн хэрэгжүүлэх, ажил хаялтыг яаж зарлах тухай асуудлыг Хөдөлмөрийн хуулийн 119 дүгээр зүйлээр зохицуулж өгсөн. Энэ хуульд зааснаар ажил хаях эрхийг ажилтны төлөөлөгчид эдэлдгээрээ онцлог. Ажил хаях эрхээ ганц ажилтан дангаараа эдлэхгүй. Ажил олгогчид хөлслөгдөн ажиллаж байгаа бусад ажилтнуудтайгаа хамтарч эдэлгээрээ онцлог л доо. Ажил хаялтад оролцох эрхээ ажилтан өөрөө л сонгодог. Оролцохгүй байж болно. Хэн нэгэн этгээд ажил хаялтад оролц гэж шаардаж шахах боломж нөхцөл байхгүй.

 

- Буруу мэдээлэл түгээж айдас, эргэлзээнд оруулж байгаад ажил хаялт зарласан тохиолдолд яах вэ, хууль зөрчсөн гэж үзэх үү?

- Хууль зөрчсөн учраас ингэнэ тэгнэ гэсэн хариуцлагын заалт байхгүй ч ажлаа хая гэж албадах ёсгүй гэдгийг тухайн хүн ухамсарлан ойлгосон байх ёстой.

 

- Хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад ажил хаялт зарлавал тэр хугацаанд  компанид учирсан хор хохирлыг ажил хаясан улс хүлээх үү?

- Ажил хаялт хууль ёсны юу, хууль бус уу гэдгийг мэргэжлийн байгууллага буюу шүүхэд хандаж тогтооно.

 

- Шүүх ажил хаялтыг хууль бус гэж тогтоовол хохирлыг ажил хаясан хүмүүс барагдуулах нь ээ?

- Энэ тохиолдолд гарсан хохирлыг барагдуулах талаар шийдвэртээ зааж болдог.

 

- Ажил хаялт зохион байгуулсан хүмүүсээр хохирлыг барагдуулна гэсэн үг үү?

- Компанид хор хохирол учирсан бол хууль бус ажил хаялт учраас тухайн ажил хаялтыг зарласан субьект, буруутай этгээдүүд л хариуцна.

 

- Үйлдвэрчний эвлэл, хамт олны төлөөлөл хоорондоо ялгаатай ойлголт уу, Үйлдвэрчний эвлэл ямар тохиолдолд үйл ажиллагаа явуулах эрхтэй байдаг вэ. Мөн ямар шаардлага хангаж байж ажилтнуудын төлөөлөл болдог вэ?

- Ажилтны төлөөлөл гэдэг нь ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн Үйлдвэрчний эвлэл л дээ. Хэрэв ийм байгууллага байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон төлөөлөгчдийг ажилтны төлөөлөл гэж үзнэ. Тэгэхээр ажил хаях шийдвэрийг хамтарсан үйл ажиллагааны үр дүнд гаргадаг. Ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  төлөөлөн  хамгаалахаар бий болсон байгууллагын нийт гишүүдийн, эсвэл нийт ажилтны хурал байна. Гишүүд буюу ажилтны гэж тооцогдох хүмүүсийн гуравны хоёр нь энэ хуралд биечлэн оролцсон тохиолдолд хүчинтэйд тооцогддог. Ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагын гишүүд гэдэг бол тухайн байгууллагын  үйлдвэрчний эвлэлийн гишүүд. Нийт ажилтан гэдэгт тухайн байгууллага буюу ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажиллаж буй хүмүүс. Хугацаатай, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх нь ач холбогдолтой биш. Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулсан л бол нийт ажилтан гэдэг ойлголтод хамаарна.

 

Ц.Билиг

Эх сурвалж: "Өдрийн сонин"

Shuud.mn
Сонин хачин